| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/19 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/19
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч К.К, Т.Р, А.З нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Д.А, Т.Б нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар К овогт К.К, Ш овогт Т.Р, Ж овогт А.З, Б овогт Д.А, Ц овогт Т.Б нарт холбогдох эрүүгийн 1918003710512 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, К овогт К.К /РД: /, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Ш овогт Т.Р /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын иргэн, Ж овогт А.З /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “.......................” ХХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
4. Монгол Улсын иргэн, Б овогт Д.А /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “..............” ХХК-нд экскаваторын операторын туслах ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
5. Монгол Улсын иргэн, Ц овогт Т.Б /РД: /, Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нар нь 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Буурт гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Г Х” ХХК-ийн уурхайн талбай дээр байсан Дүүсон-340, Дүүсон-380 маркийн экскаваторын түлш хадгалах савнаас 230 литр дизель түлшийг гар аргаар савлаж ***** улсын дугаартай Хьюндай Портер загварын автотээврийн хэрэгсэл дээр ачиж байгаад үйлдэл дээрээ баригдсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч К.Кын өгсөн: Эхнэрийн бие өвдөөд мөнгө хэрэг болсон учраас дүүгээ цайны цагийн үед хүрээд ир, түлш гаргаад өгье, сав аваад хүрээд ир гэж хэлээд дуудсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Рийн өгсөн: К 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр над руу “хүрээд ир, түлш авах сав байвал аваад ирээрэй” гэж ярьсан. Тухайн савнууд нь манай усны сав юм. Тэгээд би найзуудаа дуудаад аваад явсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. ***** улсын дугаартай машин нь манай ахын машин, юманд яваад ирье гээд гуйгаад аваад явсан гэв. Цаашдаа сургуулиа төгсөөд амьдарна гэж бодож байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Зы өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Р над руу залгаад “хойшоо Ч ахын ажил руу яваад ирье, Э, Б нартай явж байна” гэхэд нь цуг явсан гэв. Уурхай дээр очиж бөөндөө доошоо буугаад, түлш аваад машины хажууд байж байтал ажилчид ирээд, удалгүй цагдаа нар ирсэн. Бид урьд өдөр нь ярьсан зүйл байхгүй, түлш авахыг уурхайд очоод мэдсэн. Түлш авах сав Портерын ачаан дээр байсан. Хоёр машинаас зэрэг түлш авсан. Б бид хоёр цуг явсан, бусад 3 нь хамт байсан, К цайндаа орно гээд явсан. Б, Р, А бид нар түлшээ зөөсөн. Гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Аын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б над руу залгасан. Компани дээр очиж машинаа тавьсны дараа түлш хулгайлах гэж байгааг мэдсэн. Бид урьдчилсан ярьсан зүйл байхгүй. К ахын Дүүсон 340, 380 экскаватороос соруулж хийж өгсөн түлшийг би зөөсөн. Машин дээр очиход хүн байгаагүй, ачаад гарах гэж байхад машин гараад ирсэн, эзэн нь хүрч ирээд бид нартай уулзаад ярьж байхад цагдаа ирсэн. Намайг цуг яв гэж шаардсан зүйл байхгүй, буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан, татгалзах боломж байгаагүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Бийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Р над руу “би гэртээ байна, 12 цагийн үед ахын ажил руу яваад ирье, дуудаад байна” гэж ярьсан. Замдаа Р нь түлш авах талаар цухуйлгаж байсан. Түлш авах санааг К гаргасан. Би түлш хулгайлна гэдгийг мэдсэн. Бид нар машины хажууд зогсож байгаад баригдсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Зын өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө манай компанийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан Дүүсон маркийн 2 ширхэг экскаватороос 230 литр дизель түлш алдагдаж үйлдэл дээрээ баригдсан. Тухайн экскаваторын операторчноор Э, К нар ажиллаж байсан. Алдагдсан дизель түлшээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/,
Гэрч Г.Лийн өгсөн: ...экскаваторын түлш авдаг савны орчимд хүний гутлын гэмээр бүдэг мөр газарт үлдсэн байсан. Тэгээд нөгөө газарт асгарсан түлшний мөрийг дагаад уурхайд карьер дотроос ертөнцийн зүгээр зүүн тийш алхаад гараад иртэл ***** улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машин дээр 200 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн сав 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай сав 8 ширхэг байсан. Савнууд бүгд дүүрэн шатахуунтай харагдсан. Машинд хүн байгаагүй, би цагдаад дуудлага өгчхөөд байж байтал 4 залуу ирээд “бид нарыг явуулчхаач” гээд байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/,
Гэрч Э.Аийн өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай уурхайн талбай дээр хөрс хуулах үйл ажиллагаа явуулж байсан Дүүсон 340, Дүүсон 380 маркийн экскаваторын түлш хадгалах савнаас 230 литр түлш алдагдсан тухай Л надад мэдээлсэн. Цагдаагийн албан хаагчид ирээд холбогдох хүмүүсийг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/,
Гэрч Т.Аийн өгсөн: ...манай нөхөр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “хүү Р Хүйтэний гол явах гэсэн машиных нь мотор нь цохичихлоо. Цийн машиныг гуйгаад өгөөч гээд байхаар нь Цоос машиныг нь гуйгаад өгчихлөө. Ц уурхай дээр ажилтай байна гэнэ” гэж хэлж байсан. Тэгээд тэр орой нь уг компаниас дизель түлш хулгайлж байгаад цагдаад баригдсан тухай хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/,
Гэрч Б.Цийн өгсөн: ...Би 2013 онд 3.500.000 төгрөгөөр ***** улсын дугаартай Портер маркийн автомашиныг худалдаж авсан. Уг машины эзэмшигч нь Э гэх хүн бүртгэлтэй байгаа. Өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Рийн ээж Маяка “машинаа өгч байгаач, манай машины мотор эвдэрчихлээ, машин чирч ирээд өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Маяка залгаад “Р машиныг чинь аваад хөдөлж байна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 21-ний 08 цаг өнгөрч байхад Рийн аав Т залгаад “за хөгшөөн асуудал үүссэн, чиний машиныг журмын хашаанд хийчихлээ. Манай хүү Р түлш хулгай хийж байгаад баригдсан байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/,
...Үзлэгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Буурт гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Г Х” ХХК-ийн уурхайн талбайд хөрс хуулалтын ажиллагаа хийж байгаа байдалтай Дүүсон 340, Дүүсон 380 маркийн экскаватор байв. Экскаваторуудад үзлэг хийхэд түлш хадгалах савны таг болон харалдаа газарт түлш асгарч шингэсэн байдалтай байв. Хэргийн газраас урд зүгт уурхайн гадна талд ***** улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашины дээр 200 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн сав 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай сав 8 ширхэг, гар аргаар түлш соруулдаг багаж 1 ширхэг, автомашины гадна 30 литрийн багтаамжтай сав 2 ширхэг байв. Уг савнуудад нийт 230 литр түлш байсныг түр хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-12/,
Гэмт хэрэг болсон гэх уурхайн ерөнхий байдлын зураг, Дүүсон 380, Дүүсон 340 маркийн экскаватор зогсож байсан газар, ***** улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашин зогсож байсан газруудын зургийг бэхжүүлсэн тухай хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15/,
“Г Х” ХХК-нд нярав ажилтай Г.Зд 230 литр дизель түлш хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Г Х ХХК-ийн уурхайн талбай дээр ажиллаж байсан экскаватороос алдагдсан 230 литр дизель түлш 448.500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 43-44/,
“Г Х” ХХК-ийн Дүүсон маркийн экскаваторуудын шатахуун ашиглалтын тэмдэглэл /1-р хх-ийн 63-65/,
“Г Х” ХХК-ийн агуулахын бүртгэл /1-р хх-ийн 66-71/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нарын 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Буурт гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Г Х” ХХК-ийн уурхайн талбай дээр байсан Дүүсон-340, Дүүсон-380 маркийн экскаваторын түлш хадгалах савнаас 230 литр дизель түлшийг гар аргаар савлаж ***** улсын дугаартай Хьюндай Портер загварын автотээврийн хэрэгсэл дээр ачиж байгаад үйлдэл дээрээ баригдсан үйл баримт нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлахаар завдах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын хулгайлахыг завдсан 230 литр дизель түлшийг “Г Х” ХХК-нд буцаан олгосон, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “Г Х” ХХК-нд нярав ажилтай Г.Зд 230 литр дизель түлш хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17/, хохирогч Г.Зын “...Алдагдсан дизель түлшээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас гаргаж өгсөн “Г Х” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19/89 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч К.Кийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 21 насанд хүрээгүй байсан. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэдэнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Шүүгдэгч К.Кын хувьд хорих ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч К.К нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 46/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1/ зэргээр, шүүгдэгч Т.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 43/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 26/ зэргээр, шүүгдэгч А.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 48/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 27/ зэргээр, шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 45/-аар, шүүгдэгч Т.Б нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг эдэлж дууссан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 44/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 25/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/32 дугаартай албан тоот /2-р хх-ийн 105/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдэхээр завдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн үе буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүгдэгч Т.Р нь 20 нас 1 сар 7 хоногтой, А.З нь 19 нас 6 сар 18 хоногтой, Д.А нь 20 нас 7 сар 18 хоногтой, Т.Б нь 20 нас 6 сар 10 хоногтой байсан болох нь тэдний иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Кыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шүүгдэгч К.Кэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураан авахаар заасан ба шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 3.500.000 төгрөгийн үнэ бүхий Портер маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Л, Т.А, Б.Ц нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-12/, “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-55/ зэргээр тогтоогдож байх тул дээрх техник тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй юм.
Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Цийн өмч болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Цийн “...Би 2013 онд 3.500.000 төгрөгөөр ***** улсын дугаартай Портер маркийн автомашиныг худалдаж авсан. Уг машины эзэмшигч нь Э гэх хүн бүртгэлтэй байгаа. Өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/, гэрч М.Эн “Би ***** улсын дугаартай Портер маркийн автомашинаа 2013 билүү 2014 онд Б.Цд 3.500.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/, М.Эн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /1-р хх-ийн 40/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 700.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч К.Кэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт К.К, Ш овогт Т.Р, Ж овогт А.З, Б овогт Д.А, Ц овогт Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Кыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт хорих ял оногдуулахыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар К.Кэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.К, Т.Р, А.З, Д.А, Т.Б нараас тус бүр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Кэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К.Кэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Р, А.З, Д.А, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР