Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 23

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Р.Од холбогдох эрүүгийн 1918007630545 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Р.О /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Р.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.О нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ орчин төвийн Адилакс нэртэй лангуун дээрээс 420.000 төгрөгийн үнэ бүхий “Hogli” загварын арьсан гутлыг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Р.Оын өгсөн: Шинэ орчин төвийн Адилаксаас саван, угаалгын нунтаг авсан. Тухайн тортой зүйлийг хүнийх гэдгийг мэдсэн. Хүн юмаа мартсан байна гэж бодоод би аваад гарсан. Юу байсныг нь анзаараагүй. Миний буруу. Хохирол төлбөр байхгүй. Гутлыг ашиглаагүй, гэртээ далд хийсэн байсан. Хохирогчид гутлыг хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Оийн өгсөн: ...Би Өаас “охиндоо өмсүүлж үзье” гээд улаан өнгийн, арьсан, “Hogli” загварын гутал аваад Адилакс нэртэй гоо сайхны лангуу дээр “түр үлдээлээ шүү” гэж хэлээд тавиад явсан. Тэгээд буцаж иртэл миний үлдээсэн гутал байхгүй байхаар нь эгчээсээ асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 35-40 насны, саарал өнгийн хүрэм өмссөн, цэнхэр өнгийн ороолттой, улбар шар өнгийн цамцны ханцуй хүрэмнээс нь ил гарсан хувцастай эмэгтэй хүн тортой зүйлтэйгээ хамаад аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Би гутлаа буцаагаад авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Хохирогч Б.Өын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О нь 420.000 төгрөгийн үнэтэй “Hogli” загварын гутлыг “охиндоо өмсөж үзүүлчихээд аваад ирье” гэхээр нь би гутлыг өгөөд явуулсан. Би гутлаа эргүүлж авсан тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Ц.Сийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О “хүнтэй уулзчихаад ирье. Гутлаа түр танай лангуу дээр үлдээчихье” гээд манай лангууны үүд хэсэгт гутлаа үлдээгээд явсан. Тэгээд би худалдаа хийж байхад үл таних хүн гутлыг аваад явсан байсан. Оийг асуухаар нь би мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Шинэ орчин төвийн дотор байрлах Адилакс нэртэй лангууны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд 35-40 насны, саарал өнгийн хүрэм өмссөн, цэнхэр өнгийн ороолттой, улбар шар өнгийн цамцны ханцуй хүрэмнээс нь ил гарсан хувцастай эмэгтэй хүн лангуу дээрээс эд зүйл үзэж байгаад ийш тийш хүн харсан байдалтай зогсож байгаад өөрийнхөө цэнхэр тортой зүйлийн ард хохирогч Д.Оийн үлдээсэн улаан өнгийн тортой зүйлийг барин гарч байгаа дүрс бичигдсэн байв гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Шинэ орчин төвийн дотор байрлах Адилакс нэртэй лангууны хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

Шүүгдэгч Р.Оаас улаан өнгийн “Hogli” загварын арьсан богино түрийтэй гутлыг хураан авч, хохирогч Д.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ““Hogli” загварын арьсан шинэ гутал 420.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.      

Шүүгдэгч Р.Оын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ орчин төвийн Адилакс нэртэй лангуун дээрээс “Hogli” загварын арьсан гутлыг авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Р.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Өд 420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдсан эд зүйлээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Өын “...Би гутлаа эргүүлж авсан тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, шүүгдэгч Р.Оаас улаан өнгийн “Hogli” загварын арьсан богино түрийтэй гутлыг хураан авч, хохирогч Д.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Р.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1278 дугаартай албан бичиг /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Өлзиймаагийн тодорхойлолт /хх-ийн 36/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-40/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.

Шүүгдэгч Р.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР