| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0472/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/24 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/24
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч Б.З,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д овогт Г.Сд холбогдох эрүүгийн 1918007330517 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт Г.С /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...............” ХХК-нд орчуулагч ажилтай гэх, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Хуурай” гэх газарт хамт ажилладаг Б.Зг “Шөнийн ээлжийн ажилдаа өөр хүнийг орондоо гаргалаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Сийн өгсөн: ...Би оройн ээлжинд гараад зогсож байтал З над дээр ирээд “Ковшийн гэрэл шатлаа. Кэмп яваад ирье” гэж хэлэхээр нь би “5 минут болоод явъя” гэж хэлэхэд З нь “Чадахгүй бол чадахгүй бол гэдгээ хэл” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд намайг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гээд заамдалцсан. З ковшоо унаад кэмп явсан. Би төд удалгүй “яагаад ажилдаа гарахгүй байгаа юм бэ?” гэхэд З дахин хэл амаар доромжилсон. Тэгээд бид маргалдаж байгаад би гараад явсан. З гэрлээ янзалж байхаар нь дуусаад ажилдаа гарах юм байна гэж бодсон. Гэтэл өрөөсөн гэрэлтэй ковш ирээд уурхай дотор эвгүй яваад байхаар нь би очиж үзтэл өглөө 8-20 цаг хүртэл ээлжинд гарсан жолоочийг гаргасан байсан. Тэгэхээр нь би Зд “чи бид 2-ын хэрүүл маргаанаас болж энэ хүүхэд хохирно гэж юу байсан юм. Чи ажлаа хий” гэж шаардлага тавьсан. Тэгтэл З “би ажилд гарахгүй” гээд бид маргалдсан. Тэгээд би Зг цохисон гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Згийн өгсөн: 10 дугаар сарын 19-ний орой 20 цагаас ээлжиндээ гарч байхад ковшийн гэрэл шатаж ажиллах боломжгүй болсон. Тэгэхээр нь Сд “машинаар чинь кэмп явчхаад ирье” гэхэд “би явж чадахгүй Суурийг дууд” гэж хэлсэн. Би Сд “чадахгүй бол чадахгүй гэдгээ хэл” гэж хэлээд ковш руугаа явж байхад С нь “би явж өгөх албатай юм уу? тэр танай компанийн ажил юм байгаа биз дээ?” гээд гар чийдэн шидсэн. Тэгээд бид маргалдсан. С намайг хавсарч унагаасан. Би босоод кэмп руу очоод байж байтал С араас ирээд “ажилдаа гараач чи юундаа баашлаад байгаа юм?” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Би ковшийн гэрлээ янзлаад ажилд гарахгүй Стэй маргалдахгүй гээд өөр операторуудтай ээлжээ сольё гэж хэлэхэд Далай гээд оператор би гаръя гэж хэлэхээр нь гаргачхаад гэртээ ирж амарсан. Намайг гэрт амарч байтал С “ажилдаа гар юундаа баашлаад байгаа юм? Тэр хүн чинь унтаад байна” гэж хэлээд намайг хоёр гурван удаа татсан. Би хоёр гурван удаа цохиулсан. Миний хамраас цус гарсан. Намайг босож ирээд Стэй заамдалцаад байж байтал Чингис орж ирээд болиоч гэж хэлээд Сийг дагуулаад гарсан. Би эмчилгээний зардалд 1.583.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг, эмчилгээ хийлгэх явцад зарцуулсан шатахууны зардалд 180.000 төгрөг, нийт 2.963.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Б.Чийн өгсөн: ...З, С нар амралтын гэрт хоорондоо маргалдаад түр тар болоод байна гэхээр нь би очсон. Тэгтэл С, З нар орон дээр суусан, Згийн нүд нь улайчихсан, хоорондоо маргаад сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад С “З нь өдрийн ээлжинд гарсан хүнийг дахиад шөнийн ээлжинд гаргачихлаа. Уурхайн аюулгүй байдал талаасаа ийм асуудал байж болохгүй гэсэн шаардлага тавихад З өөдөөс “би ажлаа мэдэж байна. Та нарт энэ асуудал хамаагүй гэж хэлснээс болж хоорондоо маргаж зодолдсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Ч.Сын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амралтын гэрт байхад З нь “ковшийн ухрах гэрэл асахгүй байгаагаас Стэй жаахан маргачихлаа” гэсээр орж ирсэн. Араас нь С орж ирээд Зд “ажилдаа гарахгүй юм уу?” гэтэл З нь “би мэдэж байна” гэж өндөр дуугаар дуугарч харьцаад тэр дороо нэг нэгнээ заамдаад барилцаад авсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгаад унтсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Б.Згийн биеийн байдал дунд, зүүн нүд хөхөрч хавдсан, хамар хугарсан, доод уруул язарсан... гэх хүний их эмч Ц.Үүрийнтуяагийн тодорхойлолт /хх-ийн 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 891 дугаартай “Б.Згийн биед хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
“Саран Элит” клиникийн эмнэлгийн “Б.Згийн зүүн талын хамар ясанд дотогш цөмөрсөн хугарал үүссэн” гэх рентген оношилгооны дүгнэлт, рентген зураг /хх-ийн 20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Сийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Хуурай” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Х Х” ХХК-д хамт ажилладаг Б.Зг “өөрийн ээлжинд өөр хүн гаргалаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Згийн эрүүл мэндэд хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нийт 2.963.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн байна.
Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээ болон тээврийн зардал болох 510.200 төгрөг /хх-ийн 51, 54, 55, 94 дүгээр хуудаст авагдсан баримтууд/-ийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Харин хэрэгт авагдсан “Х Х” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 001 дугаартай албан бичиг, цалингийн түүвэр зэргээр хохирогчийн дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй, “Цэн увидас” ХХК-ийн хүний их эмч Г.Үржинхандын тодорхойлолтоор хохирогч зайлшгүй дээрх мэс ажилбарыг хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байх тул хохирогч Б.Згийн ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх, мэс ажилбар хийлгэхэд шаардагдах 1.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч нь 53.000 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нийт 53.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 511.200 төгрөгийг төлсөн болох нь “Шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Зд дансаар 490.000 төгрөг, бэлнээр 20.200 төгрөг, нийт 511.200 төгрөг өгөв” гэх хохирлын мөнгө төлсөн баримт /хх-ийн 98/-аар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч Г.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь хорооны Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 30/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Сийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.С нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хохирогчийн 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 53.000 /тавин гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР