Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 50

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн прокурорын дүгнэлттэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-д холбогдох,

    “Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000000100 дугаартай шийтгэвэр, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай шийтгэврийн хуудсуудыг хүчингүй болгуулах” тухай Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 тоот прокурорын дүгнэлттэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Прокурор Э.У, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Прокурор Э.У шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Иргэн З.Оюунгэрэл нь гаргасан өргөдөлдөө "...миний бие 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Энхмөнхбаатарыг төрүүлсэн юм. Хүү маань төрөхдөө нүүрний зүүн талд нь улаан толботой төрсөн. Хүү маань 8 нас хүрээд 2000 оны 08 дугаар сарын 02-нд нас барсан тул нөхөж бүртгэж өгнө үү" гэжээ. Үүнээс үзэхэд иргэн З.Оюунгэрэл нь хамгийн сүүлийн зөрчил гаргаснаас хойш 17 жил өнгөрсөн байхад Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар 15000 төгрөгөөр торгосон шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь торгуулийн мөнгө болох 15000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 100150000952 тоот дансанд тушаалгасан, шийтгэврийн хуудсыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үйлдэж танилцуулсан байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй нөхцөл байдал", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан "зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байхад Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн З.Оюунгэрэлд торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр прокурор байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэнийг хянахад энэхүү хууль бус зөрчлийг илрүүлсэн болно.

    Мөн “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь иргэн М.Даваа нь “Хүний регистрийн дугаар цахим санд буруу оруулсан” талаар зөрчлийн тэмдэглэлд дурдсан боловч уг зөрчлийг хэдийд гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй, зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудас зэргээс үзэхэд уг зөрчлийг 2017 оны 08 дугаар сард гаргасан зөрчил гэж үзэхээр байна. Гэтэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх ба иргэн М.Даваагийн гаргасан зөрчил нь улсын бүртгэлийн талаарх ямар хууль, журам зөрчсөн болохыг тодорхой болгож, шалгаж тогтоохгүйгээр түүнд хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулахгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар явуулж, зөрчил гаргасан этгээдэд эрх, үүргийн танилцуулж, тайлбарлаж өгсөн, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулаагүй зэрэг зөрчилтэй байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр прокурор байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэнийг хянахад энэхүү хууль бус зөрчлийг илрүүлсэн болно. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

       Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн хяналтын прокурор У-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэнд улсын бүртгэгч М.Даваа нь уг зөрчлийг хэдийд гаргасныг шалгаж тогтоогоогүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулсан нь буруу байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Увс аймгийн Улаангом сумын улсын бүртгэгч М.Даваа нь 2017 оны 08 дугаар сард Т.Ундармаагийн регистрийн дугаарыг буруу бүртгэсэн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. М.Даваагийн тайлбараас үзэхэд уг зөрчил нь Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш гарсан байх бөгөөд би улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэврийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан бөгөөд хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хууль хэрэглээгүй болно. Иймд прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож улсын байцаагч Д.П миний үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай шийтгэврийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү”

      “Увс аймгийн хяналтын прокурор Э.У-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэнд иргэн З.Оюунгэрэл нь 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Энхмөнхбаатарыг төрүүлсэн ба хүү Энхмөнхбаатар 2000 оны 08 дугаар сарын 02-нд нас барсан байна. Иргэн З.Оюунгэрэл нь хүү Энхмөнхбаатарын төрсөн, нас барсны бүртгэл хийлгээгүй тул иргэнийхээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөө хүлээн зөвшөөрснөөр уг асуудал Захиргааны хариуцлагын тухай хууль хэрэгжиж байсан хугацаанд үйлдэгдсэн учир тухайн хуулийн 27-р зүйлийг үндэслэн 15000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. З.Оюунгэрэлийн тайлбараас үзэхэд уг зөрчил нь хүү Энхмөнхбаатар нь нүүрэндээ улаан толботой төрсөн учир ламд үзүүлэхэд бүртгүүлэлгүй байж бай гэсэн үгнээс хамаарч бүртгэлийг хийлгээгүйгээс болсон байна. З.Оюунгэрэл нь торгуулийн мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 150000952 тоот дансанд тушаачихаад ирж уулзахгүй хугацаа алдсан тул Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш бичигдсэн гэж үзэж хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       Прокурор Э.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 тоот дүгнэлтийг тус тус уншиж танилцуулав.

       Хариуцагч Д.П шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “З.Оюунгэрэл нь өөрийн хүүг төрүүлээд бүртгүүлээгүй, мөн нас барсныг бүртгүүлээгүй. Тухайн үед Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага оногдуулах шаардлагатай байсан тул торгууль оногдуулсан байгаа. Мөнгөө төлсний дараагаар ирсэн болохоор шийтгэврийн хуудас бичигдсэн байгаа. М.Даваагийн хувьд төрийн албан хаагч хариуцлагатай байх ёстой тул тус торгуулийн талаар өөрөө хүлээн зөвшөөрснөөр торгууль оногдуулсан. Өөрөө торгуулиа төлсний дараагаар амралтаа аваад Хэнтий аймаг руу явсан тул хуудсыг нь сүүлд бичсэн. Миний бие зөрчил шалган шийдвэрлэх хуулийн талаар бүрэн хэмжээний мэдлэггүй байсан учраас Захиргааны хариуцлагын тухай хуулийг удирдлага болгон шийтгэврийн хуудас бичсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У нь Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00000100, 2017 оны оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор У нь улсын бүртгэлийн  хяналтын улсын байцаагчийн /Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны/  шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн ба  прокурорын дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарч байгаа тул шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн болно.

       Шүүхээс прокурорын дүгнэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд прокурорын дүгнэлтүүдийг баталж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 00000100, 000000102 дугаартай шийтгэврийн хуудсуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

        Нэг: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00000100 дугаартай шийтгэврийн хуудсын тухайд: 

     Иргэн З.Оюунгэрэлийн “хүүгийнхээ төрсний болон нас барсны бүртгэлийг нөхөн бүртгүүлэх”-ийг хүссэн  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг хяналтын улсын байцаагч Д.П хүлээн авч хянаад түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Иргэний үнэмлэх , үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх” тухай журам зөрчин “хүүхдийнхээ төрсөн болон нас барсныг  бүртгүүлээгүй” гэх зөрчил гаргасан гэж үзэн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000000100 дугаартай шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахаас өмнө буюу 2017 оны 05 дугаар 17-ны өдөр З.Оюунгэрэл нь 15000 төгрөгийг төрийн санд тушаасан байна.

       Хоёр: 2017 оны оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай шийтгэврийн хуудсын тухайд:

        Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын байцаагч М.Давааг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж, "Хүний регистрийн дугаар цахим санд буруу оруулсан" гэх зөрчил гаргасан гэж үзэн захиргааны журам зөрчигчдөд арга хэмжээ авсан тухай зөрчлийн тэмдэглэл үйлдэж, 000000102 дугаартай шийтгэврийн хуудсаар 20000 төгрөгийн шийтгэлийг түүнд оногдуулсан байгаа боловч уг зөрчил гарсныг нотлох баримт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан материал дотор байхгүй байна. Улсын байцаагч М.Даваа 20000 төгрөгийн торгуулийн төлбөрийг төрийн сангийн дансанд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тушаажээ.

        Хариуцагч хяналтын улсын байцаагч нь хариу тайлбартаа 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, улсын байцаагч М.Даваагийн өргөдөл зэрэг баримтуудыг хавсарган шүүхэд ирүүлсэн байна. Улсын бүртгэлийн хэлтсээс прокурорын байгууллагад ирүүлсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн  материал дотор эдгээр баримтууд нь авагдаагүй байгаа  байх тул шүүх тус баримтуудыг үнэлэх боломжгүй гэж үзлээ.

      2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ-аас Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсан ба энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт  энэ хууль хүчин төгөлдөр болох хугацааг “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэж тогтоожээ. 

      Хариуцагч хяналтын улсын байцаагч Д.П нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болон шийтгэл оногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэхгүйгээр хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу болжээ. Энэ нь тухайн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

       Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан байх бөгөөд зөрчил гаргагч уг зөрчлийг хэзээ гаргасан, хууль тогтоомжийг хэрхэн яаж зөрчсөнийг болон  шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож шийтгэл оногдуулах ёстойг цаашид анхаарч ажиллах шаардлагатай  байгааг тэмдэглэх нь нь зүйтэй гэж үзлээ. 

        Иймээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 дугаар прокурорын дүгнэлтүүдийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 000000100, 000000102 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1,2 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 дугаартай дүгнэлтүүдийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000000100 дугаартай, 2017 оны оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000102 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг  гаргуулан төрийн санд олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ