Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00781

 

Н.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 271 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Э

          Хариуцагч: Н.Ат холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Орон сууц чөлөөлүүлэх тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Х.Ц, хариуцагч Н.А, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Аээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4-р хороолол, 51 дүгээр байрны 130 тоот 1 өрөө сууцыг худалдаж авсан. Цаашид орон сууцаа 18 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохирсон. Орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Н.А нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Н.Эын өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн. Гэвч орон сууц худалдах,-худалдан авах гэрээ нь бодит байдалд хууль бус гэрээ юм. Учир нь Н.А нь Н.Этай гэрээ хийгээд мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч мөнгийг Д.С, Ч.Т нар авсан. Эрүүгийн журмаар шалгуулахад гэрч болон Н.Э нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байсан. Ч.Т, Д.С нар нь мөнгө зээлэхдээ Н.Аийн байрыг барьцаалж, дараа нь буцаан шилжүүлж өгнө гэж тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Н.Аийн байрыг барьцаалж фидуци маягаар урьдчилан шилжүүлсэн. Н.Э болон Ч.Т, Д.С нарын хооронд зээлийн харилцаа үргэлжилсэн, Н.Эад 33 сая төгрөгийг буцааж өгсөн, харин Н.Э нь 12 сая төгрөг авсан гэж хэлдэг. Худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Этай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Н.Ат орон сууцаа худалдах болон худалдсан орон сууцаа хөлслөх хүсэл зориг байхгүй, Ч.Т, Д.С нар нь мөнгө зээлэхдээ барьцааны хөрөнгө шаардлагатай болсон учраас Н.Эын өмчлөлд шилжүүлээд хөлслөх гэрээний хугацаа дуусахаар тухайн үеийн ханшаар худалдаж авч өгөхөөр хоорондоо тохирсон. Н.А нь мөнгө аваагүй байж байраа алдах болоод байна. Н.Э, Н.А нарын хооронд байгуулсан 2010-06-25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би Н.Аээс 1 өрөө байрыг 26 сая төгрөгөөр худалдаж авсан. Н.А нь уг байранд түрээсээр сууж байгаад 2011-12- 05-ны өдөр эргүүлэн худалдаж авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл байраа худалдаж авахгүй болохоор нь байраа суллаж өгөхийг шаардахад Н.Аийн найз Ч.Т нь “бид нар яг жилийн дараа буюу 2012 оны 5 дугаар сард 87 500 000 төгрөгөөр худалдаж авна, битгий зараач ээ” гэж гуйгаад урьдчилан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хугацаа болоход мөнгөө өгөөгүй бөгөөд намайг байраа зармаар байна гэхээр чи нэгэнт хүлээсэн юм чинь хүлээ гэдэг байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг нь Ч.Т надад санал болгож байсан л зүйл. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би байраа аваад мөнгөө өгсөн гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцыг Н.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Н.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцны өмчлөх эрхийг Н.Ат шилжүүлэхийг Н.Эад даалгаж, Н.Аээс 26 000 000 төгрөг гаргуулж Н.Эад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн 287 950 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 271 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг хангаж, өмчлөх эрхийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 130 тоот 1 өрөө орон сууцыг Н.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Н.А, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хариуцагч Н.Аийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “56.2 дахь хэсэг” гэснийг хасч, “нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 287 950 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэснийг “хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэн Н.А нь “иргэн Н.Эын болон Н.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь Н.А орон сууц зарсан төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд иргэн Ч.Т нь барьцаа чөлөөлдөг хүн хэмээн иргэн Н.Атэй Н.Эыг танилцуулж 1 жилийн хугацаанд буцаагаад шилжүүлнэ гэж амлан Н.Аийн орон сууцны гэрчилгээг Н.Э руу шилжүүлсэн. Ингэхдээ барьцааны баталгаа болгож байгаа юм гэж хэлэн Н.Аээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зуруулсан. Орон сууц зарсан гэх 27,5 сая төгрөгөөс 22 сая төгрөгийг Ч.Т, Д.С нар авч, 4 сая төгрөгийг Н.Ат өгөлгүйгээр орон сууц түрээсэлсний мөнгийг урьдчилж авлаа гэж хэлэн авсан. Н.Аийн хувьд өмнө Ч.Т, Д.С нарт зээлдүүлсэн байсан багахан мөнгөө төлүүлсэн боловч тэр төлбөр нь орон сууц шилжүүлэхтэй огт хамааралгүй юм. Иргэн Ч.Т, Д.С болон Н.Э нар нь хуйвалдан Н.Аийн орон сууцыг залилж авсан талаар Н.А цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлыг шалгасан материал болон иргэний хэргийн материал дахь тайлбар баримтууд маш их зөрүүтэй байна. Орон сууц зарсан мөнгийг Н.А аваагүй гэдгийг Ч.Т, Д Сарантуяа нар тодорхой тайлбарласан байдаг. Тэр ч бүү хэл Н.Аийн орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ хийснийг нотлох баримт болох 27,5 сая төгрөгийн зээлийн гэрээний хувийг Н.Ат өгсөн. Энэ бол иргэн Ч.Т, Д.С нар нь иргэн Н.Эаас авсан зээлээ төлж чадахгүй болмогц Н.Аийн байрыг төлбөрт тооцон үлдээх гэсэн арга юм. Эдгээр хүмүүс эрүүгийн журмаар шалгагдах болохоороо Н.Аийн байрыг буцааж өгнө, хохиролгүй болгоно гэж тайлбарлаад иргэний хэрэг үүсэхээр нийлж Н.Аийн эсрэг баримт бүрдүүлэн ажиллаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээ хүчин төгөлдөр бус болох үр дагаврыг шийдвэрлэхдээ иргэн Н.Аээс байрны төлбөрийг Н.Эад буцаан шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Н.Э 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 4-р хорооллын 51-р байрны 130 тоотоос Н.Аийг нүүлгэн гаргуулахыг шаарджээ. /хх1/.

       Н.А нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Д.С, Ч.Т нар миний байрыг Н.Эад 1,5 жилийн хугацаатай 27,5 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан...” гэж марган 2017-06-06-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж орон сууц худалдан авах тухай 2010-06-25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.   /хх 13, 31/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж  заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байв.  

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Н.А, А.Лхагвасүрэн нар өөрийн өмчлөлийн, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 18 кв.м 1 өрөө орон сууцыг   2,000,000 төгрөгөөр Н.Эад худалдах тухай  2010 оны 06-р сарын 25-ны өдрийн гэрээ /хх 30/, уг орон сууцыг Н.Э Н.Ат хөлслүүлэх тухай  мөн өдрийн гэрээ /хх 5/,  Н.Э орон сууцыг Ч.Тэд худалдах тухай 2011-12-25-ны өдрийн гэрээ /хх 41/  болон хэргийн 87-181 дүгээр талд буй баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч  маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгчид худалдах хүсэл зориг байгаагүй нь тогтоогдсон байна.

       Ч.Тийн зээлтэй холбогдуулан хариуцагчийн орон сууц Н.Эын өмчлөлд шилжсэн үйл баримт нотлогдсон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56, 106 дугаар зүйлийг зохицуулалтыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.

        Харин анхан шатны шүүх Н.Аийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлжээ.  

       Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот  18 кв.м 1 өрөө орон сууцыг Н.Эад худалдах хүсэл зориг байгаагүй тул нотлогдсон,  2010 оны 06-р сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

        Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх тул худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хийсэн “Орон сууц хөлслөх тухай” 2010 оны 06-р сарын 25-ны өдрийн  гэрээ нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм. 

        Анхан шатны шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 271 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/02785 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ