| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч В.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт В.Яд холбогдох эрүүгийн 1918005650516 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт В.Я /РД: /, Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч В.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч В.Я нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Сор хүдэр” ХХК-аас 10 метр куб нарсан зах банз авч 2019 оны 7 дугаар сарын 26-наас 1 хоногийн хугацаанд Дархан-Уул аймаг руу тээвэрлэхээр мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авсан боловч 14 метр куб нарсан зах банз ачиж 2019 оны 8 дугаар сарын 05-нд Дархан-Уул аймаг руу тээвэрлэсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч В.Ягийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хүдэр сумаас 10 метр куб модны зөвшөөрөлтэй компаниас зах банз ачсан. Наана өөр айлаас нэмж зах банз ачаад, бороонд шаварт суугаад хугацаа хэтэрсэн, тэгээд бороо татарсны дараа Дарханд орж ирээд цагдаад баригдсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Ж.Бын өгсөн: ...Би байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүдээс байгаль орчинд учирсан хохирлыг хуулинд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлүүлж хохиролгүй болгох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,
Гэрч Ч.Аийн өгсөн: ...Я нь над руу залгаад “хоёулаа цуг Хүдэр сум руу яваад банз ачаад ирье. Хашаа барих гэж байгаа юм” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд очоод банзаа ачаад дуусаж байтал бороо ороод шаварт суучхаар нь би “шавраас гаргаж чадвал өөрсдөө машинаа жолоодоод хүрээд ирээрэй” гээд Дархан руу явсан. Миний машиныг сайн танил дүү Аб жолоодоод Дарханд ирсэн байсан. Я нь Абыг дуудсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
Гэрч Ц.Аийн өгсөн: ...Я надтай хашааны зах банз хэрэгтэй байна гэж ярьснаасаа хойш удалгүй А ах, Я хоёр Хүдэр суманд 00-00 ДАХ улсын дугаартай Фусо маркийн авто машинтай ирсэн. Тэр хоёр банзаа ачиж байхад бороо ороод машин нь шаварт суусан. А ах Улаанбаатар луу сэлбэгт явчихсан. Я хүү Абаар машинаа бариулаад Дархан орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,
Гэрч Б.Бын өгсөн: ...Я нь жолооч гэх хүний хамт Фусо маркийн 00-00 ДАХ улсын дугаартай машинтай ирээд надаас банз мод худалдаж авсан. Я нь манайд ирэхдээ машиндаа 10 орчим метр куб мод ачсан ирсэн. Банзаа ачаад гарах гэж байгаад манай хашаанд шаварт суугаад 4-5 хоног болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 86-89/,
Гэрч Б.Мын өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 0028232 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг “Сор Хүдэр” ХХК-ийн менежер Ч.Оюун гэх хүнд бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 102/,
Гэрч С.Бын өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22:40 цагийн үед зах банз ачсан 00-00 ДАХ улсын дугаартай Фусо маркийн ачааны машины жолооч Хангай модны захад машинаа оруулж тавьчхаад яваад өгсөн. Цагдаа нар ирээд тухайн машины жолоочийг асуухад мэдэхгүй гэж хэлтэл машины дугаараар нь эзнийг нь дуудсан. Тэгтэл банзны эзэн гэх эмэгтэй, өндөр залуутай ирсэн. Банз ачсан машины эзэн нь Я байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 104/,
Гэрч Б.Оын өгсөн: ...Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах модны захад бичиг баримтын зөрчилтэй банз тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл байна шалга гэсэн дуудлагын дагуу очсон. Модны зах дотор 00-00 ДАХ улсын дугаартай Мицубиши Фусо маркийн автомашин дээр их хэмжээний банз тээвэрлэсэн байсан. Бичиг баримтыг шалгаж байхад Я гэх хүн хажуу талаас “Миний дүү амьдрах гэж ядаж байхад яах гэсэн юм бэ? Баригдсан нь бид хоёр л болохоос өөр бусад хүмүүс мод оруулж ирж л байдаг шүү дээ. Зүгээр нэг хаягдал шахуу банз ачиж оруулж ирсний төлөө ганц удаа зүгээр өнгөрүүлчхэж болохгүй юм уу? Нуух юм юу байхав зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ачсан байгаа, мөн тээврийн хэрэгсэл замдаа эвдэрч саатсаны улмаас хугацаа алдаж орж ирсэн” гэж ярьж байсан тул ямар ч байсан материалжуулан шалгах нь зүйтэй гэж бодож материалжуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 108/,
Гэрч Ч.Оы өгсөн: ...00-00 ДАХ улсын дугаартай ачааны машинтай хүмүүс манай компанийн хөрөө рам дээр ирээд 10 метр куб зах банз худалдаж аваад явсан. Надаас банз авсан хүн нь туранхайвтар, эмэгтэй хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Модны зах дотор байрлуулсан 00-00 ДАХ улсын дугаартай Мицибуши Фусо маркийн ачааны тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Үзлэгээр ачааны машины тэвш дээр байх банз хэлбэртэй модыг хэмжиж, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг, жолоочийн үнэмлэхийг хураан авав... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/,
СБА серитэй 086931 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, “Сор Хүдэр” ХХК-нд ойн цэвэрлэгээний ажлаар 10 метр куб нарсан зах модыг 00-00 ДАХ улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгслээр 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд тээвэрлэх СБА серийн 0028232 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 8-9/,
Шүүгдэгч В.Ягийн гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/,
...уг дэвтрийн 46 дугаартай хуудсанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн харуулын бүртгэлийн хоногийн мэдээнд “00-00 зах банзтай орой 22 цаг 40 минутад орж ирээд” гэж тэмдэглэсэн байв гэх “Хангай” модны захын харуулын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 32-34/,
Ойн инженер Л.Өлзийхишигийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай “иргэн Ю.Ягийн 00-00 ДАХ улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн гэх СБА серитэй, 0028232 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй мод, модон бүтээгдэхүүн нь 14 метр куб хуурай нарсан зах банз байна. СБА серитэй, 0028232 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс 4 метр куб модыг илүү тээвэрлэсэн байна. 14 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 399.000 төгрөг, СБА серитэй, 0028232 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй мод, модон бүтээгдэхүүн нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хүчинтэй гарал үүслийн гэрчилгээтэй байсан бөгөөд тээвэрлэж явсан модны гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байна” гэх Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлт /хх-ийн 37-39/,
Фусо маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ч.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 70/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч В.Я нь мод, модон бүтээгдэхүүн бэлтгэх зөвшөөрөлтэй “Хүдэр хаан” ХХК, “Сор хүдэр” ХХК-уудын бэлтгэсэн модыг гэр бүлийн хэрэгцээндээ зориулан худалдан авсан. Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлээгүй. СБА серитэй, 0028232 дугаартай мод, модон бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс 4 метр кубээр илүү мод, заагдсан хугацаанаас 9 хоног хэтрүүлэн тээвэрлэсэн нь байгаль орчинд бодит хохирол, хор уршиг учруулаагүй, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул В.Яд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлүүдийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Мөн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, 34.4-т “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6 дугаар бүлгийн 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч В.Ягийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.Агийн өмчлөлийн 00-00 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 0028232 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээнд заасан модны хэмжээг 4 метр кубээр, гэрчилгээнд заасан хугацааг 9 хоногоор хэтрүүлэн 14 метр куб нарс модон зах банз тээвэрлэсэн үйлдлийг мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч В.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засагт 399.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс 399.000 төгрөг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс 399.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, Төрийн сангийн 100190000955 тоот дансанд 399.000 төгрөгийг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч В.Я нь хохирол 399.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч В.Я нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь 50 нас хүрч байгаа, 13 настай охин, нөхрийн хамт амьдардаг. Шүүгдэгчийн Хас банкны хадгаламжийн дансны дансанд 400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хуулга нь хэрэгт авагдсан. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн, мөн мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн тул түүнд торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч В.Я нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3-лаа амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2271 дугаартай албан бичиг /хх-ийн 134/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч В.Я нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч В.Ягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч В.Я нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ байдлыг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломжийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч В.Я нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Ч.Агийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий Мицубиши Фусо маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.А, Ц.Ариунтуяа, Б.Болд, Э.Дөлгөөн, Н.Батдорж, Д.Энхтуяа, Ч.Ганболд, Б.Баярхүү, Ч.Энхболд, С.Баатаржав, Б.Отгонбаяр,Ч.Оюун нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59/ зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч В.Ягаас Мицубиши Фусо маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт битүүмжлэгдсэн 14 метр куб нарс модон зах банз нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт В.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Яг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Яд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирол 399.000 /гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ягаас 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14 метр куб нарс модон зах банзыг улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Яд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР