| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/29 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/29
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Яндаг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар М овогт Д.Бөд холбогдох эрүүгийн 1918008300566 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д.Б /РД: /, Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Г.Эч, дүү 4 настай Н.М нарын эрх чөлөөнд халдаж, Н.Мийн эрүүл мэндэд баруун бугалга, тохой, шуу, хэвлий, баруун зүүн бүсэлхийн хажуу болон ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Бийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны орой урьдчилгаа цалингаа аваад нэг шил архийг хүргэн ахтайгаа хувааж уугаад ийм хэрэг болсон. Эхнэр Улаанбаатар хотод дүүгийндээ байгаа учраас би ээжийнд хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эы өгсөн: Хохирогч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр түр хамгаалах байранд ирсэн. Түр хамгаалах байранд 40 хоногийн хугацаанд байрласан ба Н.Мд эмнэлгийн, сэтгэл зүйн олон төрлийн үйлчилгээ үзүүлж тоглоомын аргаар айдасгүй болгож ажилласан. Хүүхдийг Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн, эмчилгээнд хамруулсан, дархлаа сайтай эрүүл хүүхэд байсан, түлэгдэлт хурдан эдгэрсэн. Эхийнх нь хүсэлтийг харгалзаж, 2020 оны 01 дүгээр 07-ны өдөр гэр бүлд нь нэгтгэсэн. Хамтарсан багаар хуваарь гарган хяналт тавьж ажиллаж байгаа. Шүүгдэгч дахин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, дахин маргаан гараагүй байгаа гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй хохирогч Н.Мийн өгсөн: Б ах гэрт согтуу байж байгаад надад уурлаад намайг галд түлсэн. Тэгээд буурай эмээг шанагаар цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Г.Эчийн өгсөн: Б нь гаднаас нэлээн согтуу орж ирээд миний хажууд унтаж байсан зээ хүү 4 настай Мийг “алаад хаячихъя” гэж хэлээд хоолойг нь гараараа боогоод, амыг нь гараараа таглаад байсан. Тэгснээ өргөөд газар шидээд, хамар, ам, нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Дараа нь дахин Мийг өргөөд халуун зуух руу шидсэн. Тэгтэл хажуугийн гэрээс манай охин С орж ирээд Мийг аваад гарсан. Тэгэхээр нь би “хүүхэд алах гээ юу” гэж хэлтэл Б шанагаар миний толгой руу хүчтэй цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Д.Сын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр М “Б ах намайг түлчихлээ” гээд уйлаад орж ирэхээр нь би хүйтэн усаар биеийг нь угаагаад хоромхон тос түрхэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч Д.Нийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд хөдөө Хавцалд ажилтай байхад С над руу залгаад “Б танай хүү Мийг зуух руу шидчихлээ” гэж хэлэхээр нь би “та болиулахгүй яасан юм бэ?” гэхэд “би цуг байгаагүй юм” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2 тоотод байх монгол гэр байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,
Н.Мийн дээд уруул хөхөрч хавдсан, дотор салст цус хурсан, хүзүүний урд хэсэгт цээжний дээд хэсэгт цус хурсан, баруун мөр улайсан /зулгарсан/, хэвлийн урд аюулхайд, хэвлийн зүүн доод хэсэгт, баруун даланд, баруун тохой, ташааны ар хэсэгт, баруун зүүн ташааны хэсэгт өнгөц түлэгдэлтэй, арьс хууларсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14-15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1006 дугаартай “Н.Мийн биед баруун бугалга, тохой, шуу, хэвлий, баруун зүүн бүсэлхийн хажуу болон ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр температурын үйлчлэл болон хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,
Г.Эчийн толгой, зүүн шанаагаар хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Мийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, насанд хүрээгүй хохирогч Н.М нар нь нэг гэрт амьдардаг буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Эчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бийн согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Г.Эч, бага насны /4 настай/ хүүхэд Н.М нарын эрх чөлөөнд халдаж, Н.Мийн эрүүл мэндэд баруун бугалга, тохой, шуу, хэвлий, баруун зүүн бүсэлхийн хажуу болон ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Мийн эрүүл мэндэд баруун бугалга, тохой, шуу, хэвлий, баруун зүүн бүсэлхийн хажуу болон ар хэсэгт 1-р зэргийн түлэгдэл, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь өндөр настай эх, бага насны дүүгээ асарч халамжилдаг тул торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Д.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, “................” ХХК-д сантехникч ажилтай, сарын 1.500.000 төгрөгийн үндсэн цалинтай зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1493 дугаартай албан бичиг /хх-ийн 34/, Д.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бөд оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР