Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Эад холбогдох эрүүгийн 1918003600310 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Э /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын Нам даваа гэх газарт иргэн Ц.Өтэй маргалдах явцдаа түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн өмнө хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Өийн өгсөн: ...Э “та нар айлын хаяа руу адуу малаа орууллаа” гэж ямар ч шалтгаангүй уурлаж үг өдөөд байхаар нь би өөдөөс нь “миний адуу айлын хажуугаас яваад өгчихсөн. Би хэсэг унтаж байгаад гарна” гэж хэлсэн. Тэгтэл Э “чи битгий хуцаад бай, та нарыг хутгална шүү” гээд надтай маргасан. Тэгэхээр нь би “энэ жаахан юманд хүн хутгалах шаардлага юу байгаа юм бэ? Би өөрийнхөө адууг аваад явчихна” гэж хэлтэл Э нэг бээлий дотроос хүрэн өнгийн, модон иштэй, ажлын хэсэг дээрээ 3 нүхтэй хутга гаргаж ирээд миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хатгасан. Тэр үед хамт байсан Эб, Б нар “боль” гэж салгаж байх үед Э дахин над руу хутга барьж дайрсан. Тэгэхээр нь би хутгатай гарынх нь бугуйгаас бариад авахад Энхбаяр түүний гараас хутгыг булааж аваад хаясан. Тэгтэл миний цээжнээс цус урссан. Миний эмчилгээний төлбөр 300.000 төгрөг болсон. Энэ зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Л.Бийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ө нь “намайг хамт мал маллаж байсан Э гэх залуу хэвтэж байсан чинь хутгалчихлаа туслаач” гээд манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Өийн зүүн хөхний орчимд хутгалсан бололтой цус гарч байхаар нь шархыг нь боож өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Г.Бн өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э нь Өт “адуу чинь айлын гадна очсон байна, холдуулаач” гэж хэлэхэд Ө нь “би адуугаа мэдэж байна” гэх мэтээр маргалдсан. Гэтэл Э гэнэт халааснаасаа хүрэн бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд шууд Өийн цээжин тус газарт хутгалчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Б.Эбын өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э, Ө нар юунаас болсныг мэдэхгүй маргалдсан. Э гартаа хутга бариад Өийн хэвтэж байгаа ор луу очиход Ө ухас хийгээд босоход Э барьсан хутгаараа Өийн цээжин тус газарт хатгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтэний гол Нам даваа гэх газарт малын төмөр хашаа барьж зүүн болон хойд талд нь вагончик байрлуулсан байв. Вагончикт үзлэг хийж төмөр сав дотор хүрэн өнгийн иштэй 2 ширхэг хутга байсныг хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-10/,

Хохирогч Ц.Өийн хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн футболка, ногоон өнгийн нимгэн цамц, хөх өнгийн ноосон цамц зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-13/,

Ц.Өийн цээжний зүүн дээд хэсэгт 0.5 сантиметр орчим зүсэгдсэн шархтай... гэх их эмч Э.Нямбаатарын тодорхойлолт /хх-ийн 27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 463 дугаартай “Ц.Өийн биед цээжний зүүн өмнө хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хуц ир үзүүртэй багажийнх хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Өт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэн, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Ц.Өийн бусдад хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн богино ханцуйтай цамцны зүүн талын ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 90 мм, зүүн талын мөрний залгаас оёдлоос эгц доош 190 мм зайд 14мм хэмжээтэй зүсэгдэлттэй. Ногоон өнгийн ноосон цамцны зүүн талын ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 100 мм, зүүн талын мөрний залгаас оёдлоос эгц доош 160 мм зайд 22 мм хэмжээтэй зүсэгдэлттэй. Цэнхэр эрээн өнгийн цамцны зүүн талын ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 120 мм, зүүн талын мөрний залгаас оёдлоос эгц доош 180 мм зайд 18 мм хэмжээтэй зүсэгдэлттэй байна. Уг зүсэгдэлтүүд нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлтийн хэмжээг үзэхэд шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй, ажлын хэсгийн төгсгөл хэсэгт “Stanless steel japan” гэсэн бичигтэй, дээд хэсэгт 3 ширхэг цоорхойтой хутганы ажлын хэсгийн хэмжээтэй ойролцоо байх тул уг хутганы ажлын хэсгийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч намайг ална гээд багалзуурдсан бөгөөд хохирогч нь өөрөө шатнаас унаж цээжээ юманд зүссэн. Би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэвч шүүгдэгч Ц.Эын дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Өийн ...Э намайг хутгалсан... гэж шууд заасан мэдүүлэг, Ц.Э нь хохирогч Ц.Өийг хутгалахыг харсан гэрч Г.Б, Б.Эб нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Ц.Өийн өмсөж явсан гэх футболка, цамцнуудад үүссэн зүсэгдэлтүүд нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлтийн хэмжээг үзэхэд шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй, ажлын хэсгийн төгсгөл хэсэгт “Stanless steel japan” гэсэн бичигтэй, дээд хэсэгт 3 ширхэг цоорхойтой хутганы ажлын хэсгийн хэмжээтэй ойролцоо байх тул уг хутганы ажлын хэсгийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Ц.Эын хохирогч Ц.Өийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хуц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн цээжний зүүн өмнө хэсгийн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгч Ц.Эын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын Нам даваа гэх газарт иргэн Ц.Өтэй маргалдах явцдаа түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн өмнө хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Өийн эрүүл мэндэд цээжний зүүн өмнө хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эрүүл мэндэд... санаатай юу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Гэтэл хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүх хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь нийгмийн зорилтод бүлгийн хүн учраас 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ц.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож эдлэх ялаас 168 цагийн ажлыг хасаж нийт эдлэх ялыг 232 цагаар тогтоож, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга, хохирогч Ц.Өийн хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн футболка, ногоон өнгийн нимгэн цамц, хөх өнгийн ноосон цамц зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож эдлэх ялаас 168 /нэг зуун жаран найм/ цагийн ажлыг хасаж нийт эдлэх ялыг 232 /хоёр зуун гучин хоёр/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга, саарал өнгийн футболка, ногоон өнгийн нимгэн цамц, хөх өнгийн ноосон цамц зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР