Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч  Б.Батсүх,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Э.Цэд холбогдох эрүүгийн 1918008520005 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.Ц /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “..............” үйлдвэрийн уурхайд баяжуулалтын оператор ажилтай, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Дтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруун дахь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Ц манай хашаа дотор зогсож байснаа шууд намайг гэр лүүгээ 10 гаруй метр зайд чирсэн. Тэгснээ миний хамар луу нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр араас дагаад явж байсан ба “болиоч” гээд орилоход Ц зугтаж, манай эхнэр цагдаад дуудлага өгөхөөр гэр лүүгээ гүйсэн гэх хохирогч Б.Дийн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- ...манай хашаанд танихгүй өндөр залуу орж ирээд Дийг шууд зуурч аваад чирсэн. Энэ үед Д түүнийг Ц гэж дуудаад байсан. Манай нөхөр намайг “гэрээс гар утас аваад цагдаа дууд” гэхээр нь би гэр лүүгээ гүйсэн. Тэгээд би гар утсаа аваад гудамжинд буцаж гарч ирэхэд манай нөхрийг цустай нь хольж гудамжинд орхиод өөрөө цаашаа зугтааж байсан... гэх гэрч Д.Нийн мэдүүлэг /хх-ийн 11/,

- ...Удалгүй Ц гэртээ орж ирээд “Д ах та нарыг айлгаж намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг цохичихлоо” гэж хэлсэн... гэх гэрч К.Оын мэдүүлэг /хх-ийн 13/,

- ...Д ахтай “эхнэр, хүүхдүүд айлгалаа. Уучлалт гуй” гэж маргаад түүнийг гэр лүүгээ чирсэн. Энэ үед Д ахын эхнэр араас гарч ирэхэд Д ах “гар утас аваад ир, хүмүүс дууд” гэж хэлээд эхнэрээ буцаагаад гэр лүү нь явуулсан. Тэгээд Д ах намайг хуруу гараараа чичлээд “халхын харын шээс” гэх мэтээр доромжлоод байхаар нь би түүнийг татаж газарт унагаад толгой руу нь 2 удаа өшиглөсөн... гэх шүүгдэгч Э.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би Б.Д гэгчийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгээр хамар ясны хугарал, хамрын нуруун дахь шарх, цус хуралт илэрсэн бөгөөд энэ нь шинэ гэмтэл байсан... гэх шинжээч Д.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Б.Дийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун дахь шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Дт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,

Б.Дийн 2 талын этмойд болон хамрын хөндийн агааржилт буурсан, салст зузаарсан, хамрын баруун болон зүүн хажуу хана, хянга хэсгээр зөрүүтэй, цөмөрсөн хугаралтай, зөөлөн эдэд хязгаарлагдмал хийнүүдтэй, хаван ихтэй, зөөлөн эдэд 2 миллиметр орчим хэмжээтэй ясны жижиг хэсэг тодорхойлогдоно гэх “Саран клиник” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 19/,

Б.Дийн хамар хэсэг, зүүн нүдний дотор тал хавдсан, хамар дээр зөөлөн эдийн гэмтэлтэй, хөхөрсөн, язралттай, зүүн нүдний дотор тал хөхөрсөн, цус шүүрсэн, арьс хуурсан, бяцарсан гэх хүний их эмч Д.Эрдэнэбулганы тодорхойлолт /хх-ийн 20/,

Б.Дийн хамарт 2 сантиметр орчим, зүүн зовхины дотор доод хэсэгт 1 сантиметр язарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун дахь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 620.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Дийн “...Э.Ц нь эмчилгээний зардалд 620.000 төгрөгийг бүрэн төлсөн” хүсэлт /хх-ийн 63/-ээр нотлогдож байна.

Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Дтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруун дахь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.Ц нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “..............” үйлдвэрийн уурхайд баяжуулалтын оператор ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35/, Цийн С, Цийн Х нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, гэрч К.Оын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Цийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цэд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Цэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР