Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Э.От холбогдох эрүүгийн 1918007810568 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.О /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “............” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих 01 цагийн орчим Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 29-р байрны дэргэд иргэн Х.Бтай маргалдаж улмаар зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан битүү хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Оын өгсөн: Хохирогчийг нэг удаа өшиглөсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Эмчилгээний зардал төлөөгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Бын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дарханаас манай дүү эхнэрийнхээ хамт ирээд намайг дуудаж бид хамт архи уусан. Архи ууж байгаад харих гээд явж байтал замын хажууд старекс маркийн машины ойролцоо хүмүүс маргалдаж байсан. Би тухайн үед “Больцгоо” гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгч намайг өшиглөсөн. Би эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтаа хэрэгт хавсаргасан. Нийт 1.350.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч П.Оийн өгсөн: ...Б хөл дээрээ явж чадахгүй зогсож байхаар нь юу болсон талаар асуухад “Сергейгийн гэрээс гарч явахад нэг залуу .***** маргахаар нь би тэр залууг араас нь татсан чинь миний хөл рүү өшиглөөд гэмтээчихлээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч А.Нийн өгсөн: ...***** нэг өндөр залууг газарт унагааж байгаа харагдсан ба араас нь О очих гэтэл нэг хөгшин Б гэх ах араас нь тэврээд авсан. Энэ үед О хөлөөрөө хойшоо өшиглөж нөгөө Б гэх ахыг газарт унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Б.Оийн өгсөн: ...О нь манай нөхөр Этай маргалдаад түлхэлцээд байсан. Б ах бид 2 “болиоч” гээд очих хооронд О гэх залуу манай нөхрийг түлхэж унагаагаад дараа нь Б ахыг яваад очиход шууд хөл рүү нь өшиглөж газарт унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Э.Эийн өгсөн: ...тамхи асаах гээд зогсож байхад О над дээр ирээд маргалдсан. Тэгээд би Отой зууралдаад автал Б ах салгах гээд ирсэн. Тэгтэл О нь Б ахын гуя руу өшиглөөд унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Шүүгдэгч Э.Оын яллагдагчаар өгсөн: ...би газраас бостол араас нэг танихгүй ахимаг насны өөрийгөө Б гэх ах миний хоолойноос боохоор нь би түүний хөл рүү арагш жийтэл тэр ах газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Х.Бын зүүн хөл гишгэж явж чадахгүй, түнхний үеэр хөдөлгөхөд өвдөнө, зүүн цавь орчим гуяны дотор хэсэгт эмзэглэлтэй хөндүүр, хамрын дунд шалбарсан, 2 нүдний доогуур хөхөрсөн гэх тодорхойлолт /хх-ийн 18/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 944 дугаартай “Х.Бын биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан битүү хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр мөн хүчтэй унах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Оын 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих 01 цагийн орчим Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 29-р байрны дэргэд иргэн Х.Бын зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан битүү хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Э.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан битүү хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.350.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогчоос эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарсан зардлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд хавтас хэргийн 58-60 дугаар талд авагдсан баримтыг тооцоход 896.550 төгрөг байна.

Иймд хохирогчийн 1.350.000 төгрөгийн нэхэмжлэлээс 896.550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 453.450 төгрөг /1.350.000-896.550=453.450/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Э.О нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-56/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О нь “............” ХХК-нд туслах ажилтай гэх боловч энэ байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.От оногдуулсан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Ооос 896.550 /найман зуун ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч И овогт Х.Б /РД:, утас: /-т олгож, хохирогчийн 453.450 /дөрвөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР