Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Эд холбогдох эрүүгийн 1918008330583 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Э /РД: /, Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехникийн коллежид гагнуурын багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Уул уурхайн эрчим хүчний политехникийн коллежийн оюутны дотуур байранд архидан согтуурч тус коллежийн оюутан Б.Г, Б.А, Ө.С, Б.П, Т.Мб, С.М, Х.Т, А.Гб нарыг зодож, улмаар насанд хүрээгүй хохирогч Ө.Сын эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Эгийн өгсөн: Би хүүхдүүдийг танина. 4 хүүхдийг зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй хохирогч Ө.Сын өгсөн: ...Э багш дуудахаар нь Г, А бид 3 очиход дотуур байрны багш нарын өрөөнд Э болон Бц багш нар архи уучихсан хажууд нь Эб, Р багш нар хамт байсан. Э багш бид гурвыг орж ирэхэд “гагнуурынхантай учраа олно” гээд гараараа нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан. Мөн бид 3-ыг 4 давхрын эзэнгүй өрөөнд оруулаад толгой, хацар хэсэг рүү алгадаж цохисон. Мөн сандал авч шидэхэд миний тохой хэсгийг оносон. Тэгээд дахин багш нарын өрөөнд ороод архи ууж байснаа 20-30 минут ганц нэг цохиод явуулахгүй байсан. Бц багш “болиоч яах гээд байгаа юм бэ? Хүүхдүүдийг битгий зодоод бай” гэхэд Э багш “манай ангийн хүүхдүүд байгаа юм. Би өөрөө мэдэж байна, учраа олно” гээд байсан. Тэгээд Аийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиж байгаад явуулсан, дараа нь Гыг цохиж, заамдаж байгаад хаалга мөргүүлээд явуулсан. Намайг үлдээгээд гар дээр суниалгаад, газарт сөхөрч суулгаж, гутлаар нуруу, толгой, дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод намайг явуулсан. Тэгээд өрөөндөө байж байхад дахин дуудахаар нь буугаад очтол бид 3-ыг дахин зодсон. Эб, Р багш нар “болиоч, явъя” гэхэд Э багш ерөөсөө үгэнд нь орохгүй бид нарыг духаараа мөргөөд, суниалгаад, гараараа энд тэнд цохиод, хувцаснаас зуураад байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч А.Гийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 03 цаг 34 минутын үед дотуур байрны 4 давхрын дарга Мб над руу яриад “Багшаа та яаралтай ирэх хэрэгтэй байна. Бц, Э багш хоёр шинэ багшийн хамт оройжингоо хүүхдүүдийг зодоод Аийг өрөөнд нь орж зодоод А нүцгэн гүйгээд гарчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Г.Ргийн өгсөн: ...Э багш нөгөө гагнуурын ангийн 3 хүүхдийг гараараа алгадаад, цээж гар руу нь цохиод хүүхдүүд рүү дайраад зодоод байсан. Тэгээд нөгөө хүүхдүүдийг аваад 4 давхар луу өөрсдийнх нь өрөө юм шиг байна лээ өрөө рүү оруулаад толгой нүүр хэсэг рүү нь цохиж зодоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Э.Эбын өгсөн: ...Э багшийн дуу чанга чанга гараад байхаар нь гараад харсан чинь нөгөө 3 хүүхдийг жагсаагаад гараараа нүүр, ам, толгой, гар руу нь цохиод өшиглөөд зодож байсан. Тэгээд Э багш нөгөө хүүхдүүдийг аваад өрөө рүү нь оруулчихсан ганц нэг цохиод тамхи татаад сууж байсан. Газарт аяга шаазан, тогоо тарчихсан байсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүүхдийн нүүр рүү цохиод хамраас нь цус гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1008, 1010, 1011, 1013, 1014, дугаартай “Х.Т, Б.Г, Б.А, Б.П, Т.Мб нарын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 36, 41-42, 51-52, 55, 58/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1009, 1012 дугаартай “А.Гб, С.М нарын хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх зулгаралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 45-46, 61-62/,

Сын хамар орчимд бага зэрэг хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 65-66/,

Сын тархины атираа тодрол буурсан буюу хавантай гэх компьютер томографын тодорхойлолт /хх-ийн 67/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1007 дугаартай “А.Сын биед тархи доргилт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/,

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад

Хохирогч Б.П, С.М, Т.Мб, Х.Т нарын өгсөн: ...Э багш Г, А, С нарыг дуудуулсан. Би үүдэнд сууж байхад багш нарын өрөөнөөс хүн зодож байгаа юм шиг чимээ гарсан. Э багш нөгөө гурвыг буудлын гэх өрөө рүү авч орсон бөгөөд 20-30 минутын турш дахин орилох чимээ гарсан. Тэгээд Э багш гарч ирээд М, Т, Мб, А, Г, С бид долоог үүдэнд зогсоосон. М, Төгсөө, Мб бид 4-ийг баруун хацар луу нэг удаа алгадаж, гэдэс рүү нэг удаа элэгдсэн. Тэгээд А, Г, С гурвыг өрөө рүү авч орсон. Багш нарын өрөөнд бас чимээ гарч байсан. Удалгүй А уйлчихсан гарч ирсэн араас нь Г, түүний араас С гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Аийн өгсөн: ...Э багш гагнуурын ангийн оюутнуудыг дуудаж байна гэхээр нь С, Г нартай хамт багш нарын өрөөнд орсон. Тэгтэл Э багш намайг “миний үүцийг хийж өгсөнгүй, нүүрс шуудайлж өгсөнгүй” гээд шанаан тус газарт цохиод алгадаад мөргөөд бас архины шилээр толгой, эрүү тус газарт цохиод байсан. Тэгээд Э багш “та нартай тусдаа уулзана” гээд дотуур байрны 4 давхрын буудлын гэх өрөө рүү авч ороод бид гурвыг зогсоож байгаад дахиж зодоод сандлаар цохисон. 20-30 минут болоод дахиад доошоо буугаад багш нарын өрөөнд ороод тонгой гэж хэлж байгаад дагз руу цохиод алгадаад өшиглөөд байсан. Тэнд бид гурвыг бас 2-3 удаа алгадаж өшиглөсөн. Тэгээд бид гурвыг гаргаад оюутны зөвлөлийн М, Т, Мб, П нартай хамт үүдэнд зогсоогоод “өөрсдийгөө танилцуул” гэсэн. Өөрсдийгөө танилцуулахад “ингэж танилцуулдаггүй юм” гээд алгадаад нэг нэг удаа гэдэс рүү цохисон. Тэгээд Г, С бид гурвыг багш нарын өрөөнд оруулаад дахин зодсон. Тэгээд гараараа хаахаар Э багш “чи яасан их хаадаг юм” гээд цохиод байсан. Тэгэхээр нь би “багшаа өвдөөд байна” гээд уйлахад намайг яв гээд явуулсан. Тэгээд өрөөндөө байж байхад М “та гурвыг дахиад дуудаж байна” гэхээр нь очтол Э багш үүдэнд хувцсаа тайлаад цамцаараа ороолгоод бас цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Гын өгсөн: ...Э багш гагнуурын ангийн оюутнуудыг дуудаж байна гэхээр нь С, Г нартай хамт багш нарын өрөөнд орсон. Тэгтэл Э багш Аийг “идэш хоолыг хийж өгөөгүй, гар утсаа аваагүй” гээд, Сыг “дадлагаа хийгээгүй, чөлөө авлаа” гээд, надад юм хэлээгүй, гагнуурын анги гээд шанаан тус газарт алгадаад цохиод мөргөөд, архины шилээр толгой руу цохион байсан. Тэгээд Э багш “та нартай тусдаа уулзана” гээд дотуур байрны 4 давхрын буудлын гэх өрөө рүү авч ороод бид гурвыг зогсоож байгаад дахиж зодоод сандлаар цохисон. 20-30 минут болоод дахиад доошоо буугаад багш нарын өрөөнд ороод Аийг тонгой гэж хэлж байгаад дагз руу цохиод алгадаад өшиглөөд байсан. Тэнд бид гурвыг бас 2-3 удаа алгадаж өшиглөсөн. Тэгээд бид гурвыг гаргаад оюутны зөвлөлийн М, Т, Мб, П нартай хамт үүдэнд зогсоогоод “өөрсдийгөө танилцуул” гэсэн. Өөрсдийгөө танилцуулахад “ингэж танилцуулдаггүй юм” гээд алгадаад нэг нэг удаа гэдэс рүү цохисон. Тэгээд А, С бид гурвыг багш нарын өрөөнд оруулаад дахин зодсон. Тэгээд эхлээд Аийг дараа нь намайг яв гээд явуулсан. Тэгээд өрөөндөө байж байхад М “та гурвыг дахиад дуудаж байна” гэхээр нь очтол Э багш үүдэнд хувцсаа тайлаад цамцаараа ороолгоод бас цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Насанд хүрээгүй хохирогч А.Гбын өгсөн: Э, Р, Эб багш нар манай өрөөнд орж ирээд Э багш намайг “ хэн багшийн анги вэ?” гэхээр нь би “Мөнхцэцэг багшийн анги” гэж хэлэхэд “надад хамаагүй шүү” гээд намайг орон дээр хэвт гэж хэлсэн. Би орон дээр хэвтэж байхад “ортой хавсраад толгой руу цохиод, гал тогооны хэрэгсэл хийдэг савыг дээрээс шидсэн. Аийн хамар луу цохиод хамраас нь цус гаргасан. Гын толгой руу заазуурын бариулаар цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эгийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Уул уурхайн эрчим хүчний политехникийн коллежийн оюутны дотуур байранд тус коллежийн оюутан Б.Г, Б.А, Ө.С, Б.П, Т.Мб, С.М, Х.Т, А.Гб нарыг зодож, улмаар насанд хүрээгүй хохирогч Ө.Сын эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Сын эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 180.000 төгрөг төлсөн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Ө.Сын “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, хохирол төлсөн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 108/, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаад гаргасан “ямар нэгэн гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 109/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-107/, багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1291 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР