| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0030/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/45 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/45
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.От холбогдох эрүүгийн 1918000000597 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Г.О /РД:/, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “......................” ХХК-нд дампын оператор ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд Д.Аын эрүүн тус газарт цохиж, доод эрүүний битүү хугарал, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Оын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 12 цагийн үед “...” зочид буудалд орж тэндээ 0.75 литрийн 1 шил архийг А, Б нартай хувааж уусан. Би түр гарч утсаар ярьчхаад орж ирэхэд Б, А нар хоорондоо маргалдсан байдалтай, А гартаа архины шил барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Аыг цохисон гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Аын өгсөн: ...Б, О нарын хамт “...” зочид буудалд хонохоор орсон. Б бид хоёр маргаж байхад О гаднаас орж ирээд юу ч хэлэлгүй миний эрүүнд гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч А.Сын өгсөн: ...Гэтэл маргааш өглөө нь А над руу залгаад “миний ам ангайж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би байгаа газарт нь очсон. Тэгээд юу болсон талаар асуухад “О намайг цохичихлоо. Тэгсэн чинь ам болохгүй байна” гэж хэлэхээр нь хамт эмнэлэг явж үзүүлсэн... /хх-ийн 10-11/,
Гэрч Н.Бгийн өгсөн: ...А миний хэвтэж байсан орны толгой дээр архины шил цохиж хагалсан. Энэ үед гаднаас О орж ирээд Аыг архины шилний хагархай барьсан байхыг хараад түүний шанаа тус газарт нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1032 дугаартай “Д.Аын биед доод эрүүний битүү хугарал, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,
Д.Аын зүүн шанаа хөхөрч хавдсан, шүдэнд дарахад 35, 36, 37 шүд өвдөлттэй, тэмтрэхэд өвдөлттэй гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт, эрүүний рентген зураг /хх-ийн 52-54/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Оын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд Д.Аын эрүүн тус газарт цохиж, доод эрүүний битүү хугарал, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа ба Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Аын эрүүл мэндэд доод эрүүний битүү хугарал, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Г.О, хохирогч Д.А нарын “Г.О нь Д.Ат 1.500.000 төгрөг төлж хохирлыг барагдуулж, ямар нэгэн маргаангүй болсон” гэх баталгаа /хх-ийн 59/-аар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Г.О нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, “......................” ХХК-нд ажилладаг, сард 1.500.000 төгрөгийн цалинтай зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 25/, шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31/, С.Н, С.Нэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 44-50/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Д.А нь хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шил хагалж, зохисгүй үйлдэл гаргасан нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Оын цалин, орлогын хэмжээ, бага насны 2 хүүхэдтэй гэх ам бүлийн байдал, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.От оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР