Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 51

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Т.Х-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц-т холбогдох,

      “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлстийн Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллиийн сан, статистикийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сард Увс аймгийн хөдөлмөрийн хэлтэс Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай “Т.Х-т тэтгэмж олгох тухай“ тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн талаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 03 дугаар сарын 22-нд анхан шатны хурал болж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 зааснаар тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулаагүй Э.Ганзоригийг ямар үндэслэлээр томилсон нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай “Х-т тэтгэмж олгох тухай“ тушаалыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг байгуулан сонгон шалгаруулалт явуулж Э.Ганзоригийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр тухайн ажлын байранд томилсон байдаг. Сонгон шалгаруулалт хийхдээ намайг дуудаж оролцуулаагүй нь хуульд нийцсэн сонгон шалгаруулалт явуулаагүйд гомдолтой байна.

      Иймд миний бие ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Х нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэлийн агуулгаас харахад тэрээр ХХҮГ-ын даргын Б/06 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлийн талаар бус сонгон шалгаруулалт явуулахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

       Т.Х өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ижил нэхэмжлэлийн шаардлага бүхий гомдол гаргаж байсан бөгөөд уг хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүгч У.Бадамсүрэн даргалж явуулсан байдаг. Тус шүүх хуралдаанаас

        1. Т.Х-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн зарим нөхцөл байдпыг тодруулах шаардлагатай буюу Т.Х болон тус хэргийн гуравдагч этгээд болох Э.Ганзориг нарын хэн нь "хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангасан болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй (2017.03.22-ны өдрийн 16 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 13 дугаар хуудас) гэж үзэж хариуцагч байгууллагад дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгаж, ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 тоот тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ХХҮГ-аас нэхэмжлэгч Х болон гуравдагч этгээд болох Э.Ганзориг нарын хэн нь тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардпагыг илүү хангаж байгаа талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сард амаар хэлэлцэж гаргасан шийдвэрийг бичгээр баримтжуулах зорилгоор Ажлын хэсэг байгуулж, "хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгаа талаар 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсэг дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтийг үндэслэн ХХҮГ-ын даргын тушаалаар Э.Ганзоригийг ажилд томилох шийдвэрийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас шүүхээс тогтоосон хугацааны дотор хэргийн нөхцөл байдлыг тодруулсан шинэ акт гаргасан тул ХХҮГ-аас Т.Х-т өгсөн ажлаас чөлөөлөх мэдэгдэл, тус газрын даргын 2016.11.03-ны өдрийн Б/45 дугаартай тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

      2. 2017.03.22-ны өдрийн шүүх хуралдааны 16 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Т.Х-ын "хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.Х нь тус шийдвэрт хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тул дээрх хуралдааны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Х-ын нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг биелүүлэн хуулийн хугацаанд шинэ акт гаргаж 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 196 тоот албан бичгээр Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг актыг хүргүүлж байсныг хавсаргав.” гэжээ.

     Нэхэмжлэгч Т.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны Б/6 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна. Би 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн зах зээл мэдээллийн сан статистикийн мэргэжилтэн гэсэн ажилд томилогдсон. 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагч болж энэхүү албанд томилогдсон. Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн газар нэгдэж шилжүүлэг хийгдсэн байгаа. Үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.Х-т тэтгэлэг олгох тухай гэсэн тушаалаар миний ажлыг дуусгавар болгосон. 2 байгууллага нэгдэх үеийн тушаал нь миний ажлын байрны мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэнтэй нэгдсэн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн. Ямар үндэслэлээр миний ажлын байр нэгдсэн нь ойлгомжгүй. Ганзоригийг ямар шалгуураар ажилд авсан бэ гэхээр ямар нэгэн шалгалт өгөөгүй мөн манай байгууллагын программ хангамж хариуцсан мэргэжилтэн байгаа. Одоог хүртэл миний ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байгаа. Иймд би шүүхэд хандсан тул миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 тоот тушаалтай холбоотойгоор 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр гарч 3 хүртэлх хугацаанд түдгэлзүүлсэн байгаа. Энэ хугацаанд ямар захиргааны шинэ акт ирэх бол гэж хүлээж байсан. Би ямар нэгэн хариу ирсэн үү гэж шүүгчийн туслах руу утасдаж асуухад хариу ирээгүй байна гэж хэлэхээр нь би өөрийн биеэр хөдөлмөр халамж үйлчилгээний газарт очиж уулзахад Ганзоригийг ажилд томилсон тушаал гарсан талаар хэлсэн. Иймд надад ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулах талаар мэдэгдээгүйд гомдолтой байна гэжээ. 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х-ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал нь 2017 оны 08 дугаар сарын 22 өдөр болж 16 дугаартай шийдвэр гарсан байгаа. Тэрхүү шүүх хурлаар энэхүү нэхэмжлэлийг шинжлэн судлах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг бид хүлээн авч Т.Х, Э.Ганзориг нарын аль нь энэхүү албан тушаалд тохирч байгаа гэдгийг шалгахын тулд ажлын хэсэг байгуулж Т.Х, Э.Ганзориг нарын хэн нь энэ ажлын байрны ерөнхий ба тусгай шаардлагыг хангаж байгаа талаар судалж ажилласан. Ажлын байрны тодорхойлолт үр дүнгийн гэрээ зэргийг харгалзан үзэж Э.Ганзоригийг хөдөлмөрийн зах зээл мэдээллийн сан статистикийн мэргэжилтний албан тушаалд томилсон байгаа. Захиргааны хэргийн шүүхэд ажлын хэсэг томилсон тушаал зэргийг хүргэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь адилхан хэргийг урьд нь шийдвэрлэсэн байсан. Тэрхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломж байсан боловч гомдол гаргахгүй дахин нэхэмжлэл гаргаж байна. Бид нар ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа хөдөлмөрийн хэлтсийн бүтцийг харгалзан үзэж байж боловсруулсан. Яамнаас баталсан бүтэц дээр 2 удаа өөрчлөгдөж байсан. 5 дахь удаагийн бүтэц нь манай одоогийн бүтэц юм. Тухайн 2 хүн нь төрийн албан хаагч юм. Энэхүү 2 мэргэжилтнээс сонгон шалгаруулалт явуулахад учир дутагдалтай. 2 мэргэжилтэн маань хэлтсийн аваргаар шалгарч байсан. Ажлын хэсэг томилогдож ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийж Э.Ганзоригийг илүү ажиллах боломжтой гэж үзэж ажилд томилсон нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Т.Х, Э.Ганзориг нарын сургалтад хамрагдаж шалгалт өгсөн баримт нь урьдны шүүх хурлын хэрэгт авагдсан тул дахин дурдах шаардлага байхгүй гэж үзэж байна гэжээ.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэхүү асуудал 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаартай Т.Х-т тэтгэлэг олгох тухай гэж тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байгаа. Шүүхийн шинжлэн судлах цар хүрээ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаал нь хүчин төгөлдөр үйлчлээд явсан. Б/45 дугаартай тушаал нь Т.Х-ын хөдөлмөрлөх эрхэд халдсан тул нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар сонгон шалгаруулалт хийхгүй Ганзоригийг ажилд авсан гэж үзэж байна. Шүүхээс сонгон шалгаруулалт хийж байж захиргааны акт гаргах даалгавар өгсөн байгаа. А/15 дугаартай тушаалаар ажлын хэсэг томилсон байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг томилогдоод ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийсэн. Сонгон шалгаруулалт хийгдээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийг харахад сонгон шалгаруулалт явагдаагүй гэдэг нь харагдаж байна. Санал гэсэн хэсэгт Хөдөлмөр халамж үйлчилгээний дэд даргад хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос харахад Э.Ганзориг нь шаардлагыг хангаж байгаа тул ажилд томилох зүйтэй гэж үзэж байна гэсэн байгаа. Э.Ганзоригийн мэргэжил тухайн албан тушаалд шаардлага хангаж байгаа тул ажилд томилох нь зүйтэй гэж үзэж байна гэсэн тодорхойлолтууд нь ажлын хэсгийн шийдвэр гарахаас өмнө гарсан зүйлс байгаа. Иймд ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлт үндэслэлтэй тул Э.Ганзоригийг 100 хувийн саналаар ажилд томилов гэсэн байгаа. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2016 оны 11 дүгээр сарын 03-ны Б/45 дугаартай Х-т тэтгэлэг олгох тухай тушаал гаргасан нь Э.Ганзоригийг ажилд томилсон нь үндэслэлтэй гэж харуулах зорилгоор гаргасан тушаал. Амаар гаргасан шийдвэрийг баталгаажуулахын тулд ажлын хэсэг томилсон гэж хариуцагч тайлбартаа хэллээ. Эдгээр хүмүүс нь сүүлийн 2 жилийн хугацаанд үр дүнгийн гэрээ дүгнэсэн байдал, мэдлэг ур чадвар нь ямар байгаа вэ гэдэг зэргийг шалгаж үзээгүй. Одоог болтол сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй учир Х-ын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэгтгэгдсэн гээд байгаа ажлын байран дээр өрсөлдөх эрхийг Х-т олгоогүй. Ажлын байран дээр энэхүү 2 хүний хэн нь илүү ажиллах боломжтой талаар шалгаж сонгон шалгаруулалт явуулаагүй. Тухайн ажлын байран дээр өрсөлдөх эрхийг нь зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Т.Х нь шүүхэд анх “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба улмаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

     Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Нэг. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

      Нэхэмжлэгч Т.Х урьд нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандан “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах ”тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл тус маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-аас гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

       Энэхүү шүүхийн шийдвэрт /2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар/ нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй байх тул мөн хуулийн 110.1-д зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

       Нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон захиргааны актын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.

       Хоёр: “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

     2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 тоот шийдвэр, ХХҮЕГазрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, ХХҮГазрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны хурлын тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн Э.Ганзоригийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн”-ээр томилж, Б/06 дугаар тушаал гаргажээ. 

    Нэхэмжлэгчийн зүгээс “хуульд заасан сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж маргаж дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д “Э.Ганзориг, Т.Х нар үйл ажиллагааны үр дүн, боловсрол, ур чадвар, ажлын дадлага туршлагын хувьд аль аль нь адилхан, гагцхүү ажлын байрны тодорхойлолтонд тухайн ажлын байранд “программ, техник хангамж”-ийн мэргэжилтэй албан хаагч ажиллах зайлшгүй шаардлага тавигдсан тул үүний дагуу уг мэргэжлийг эзэмшсэн Э.Ганзоригийг ажлын хэсэг сонгож авсан” гэж тайлбарлажээ. 

      Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 16 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх “гуравдагч этгээд Э.Ганзоригийн эрхэлж байсан “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байртай нэхэмжлэгчийн “Ажлын шинэ байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байр нэгтгэгдэж, өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид буюу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн” хэрэгжүүлэх чиг үүргүүд нь хэвээр боловч нэр томьёоллын хувьд өөрчлөгдсөн ажлын байрыг шинээр бий болгосон байна” гэж үзсэн  байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн” нөхцөл байдал тогтоогдсон мөн тухайн маргаан бүхий ажлын байрны шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг захиргааны байгууллага шалгаруулж аваагүй байна гэж үзжээ. Иймээс тухайн хоёр төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан  өөрчлөн байгуулагдсан бүтцээр бий болсон “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь хамгийн илүү хангаж байгааг шүүх тогтоох боломжгүй байгаа учраас захиргааны байгууллага өөрөө шалгаруулж авах нь зүйтэй гэж үзжээ.

     Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А/15 дугаар тушаал гарч тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтонд шинжилгээ хийж, Х, Э.Ганзориг нарын хэн нь тухайн албан тушаалд ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгааг шалгаруулж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна.

      Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлын хэсэг хуралдаж Т.Х, Э.Ганзориг нарын хэн нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгааг тогтоохын тулд  ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлэх бүтээгдэхүүний нэр, төрөл болон ажлын байрны гол үйл ажиллагаануудыг хариуцан гүйцэтгэх чадвар, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг нэг бүрчлэн авч үзжээ. Ингэснээр ажлын хэсгийн гишүүд “Э.Ганзоригийг тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэх ажилтан Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан мэргэжилтэн” гэж 100 хувийн саналаар дэмжин дүгнэлт гаргажээ.

       Шүүхийн тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан эрхийг  ажлын хэсэг томилон хэрэгжүүлсэн байх тул “сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

      Иймээс нэхэмжлэгчийн “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-ын “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн “Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ