Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

       Э.Ө, Б.Ц, Э.Б,

       Б.Б нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор С.Энхтуул,

            цагаатгагдсан этгээд Э.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,  

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Ө, Б.Ц, Э.Б, Б.Б нарт холбогдох 201725030032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Баян Хөвсгөл овгийн Энхбаатарын Э.Ө, Дорноговь аймгийн Зүүн-Баян суманд 1989 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдаа бизнесийн менежмент мэргэжилтэй, “Матрикс” үсчин, гоо сайхны салонд менежер ажилтай, ам бүл 4; эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 30 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: ЕП89062311/

 

2. Баян овгийн Энхтайваны Э.Б, Улаанбаатар хотод 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41 дүгээр байрны 7 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: У389062036/

 

З. Монгол овгийн Бадралын Б.Б, Баянхонгор аймагт 1989 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Сайбер Монгол” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 41 дүгээр байрны 9 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: ВЮ89050337/

 

4. Боржигон овгийн Батболдын Б.Ц, Улаанбаатар хотод 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ТОСА” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4; эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байрны 21 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: УШ91072318/

 

Э.Ө нь Б.Б, Э.Б нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сэт” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч Б.Ций бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан,

Э.Б, Б.Б нар нь Э.Өтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сэт” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Б.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сэт” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч Э.Өийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Э.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Ций үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Э.Б, Б.Б нарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Э.Өийг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Цийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Цийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Э.Өийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Өт торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ө нь энэ тогтоолын 5-д заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж,

Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн “CD”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор С.Энхтуул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүх шийтгэх тогтоолдоо ...Э.Ө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Сэт” бааран дотор 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, архи ууж, согтуурсан үедээ Б.Цийг өөрийг нь цохьсон гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, ...мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарыг үл таних этгээдийг зодсон гэх боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар уг этгээд хэн болох, зодуулсан бол ямар шалтгаан байсан эсэх, түүнд гэмтэл учирсан эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, уг этгээд хохирсон эсэх нь тодорхойгүй буюу хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолж тогтоогоогүй байна. Иймд шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр тэдгээрийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Хохирогч Б.Ц, яллагдагч Э.Ө, Б.Б, Э.Б, гэрч Б.Одонцэцэг нарын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.Ө, Э.Б, Б.Б нар нь бүлэглэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан болох нь хангалттай тогтоогддог.

Мөрдөн байцаалтын явцад хохирогчийг олж тогтоох бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч хохирогч тогтоогдоогүй тул яллагдагч нарын танхайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдэлд нь ял сонсгон, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх Э.Ө, Э.Б, Б.Б нарын бүлэглэж үйлдсэн танхайн гэмт хэргийг тогтоосон нотлох баримтуудыг тогтоолдоо үгүйсгээгүй ба энэ гэмт хэрэг нь хохирол шаарддаггүй гэмт хэрэг байхад тэдгээрийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

            Цагаатгагдсан этгээд Э.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаад, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Камерийн бичлэгээс харахад Э.Ө, Б.Ц хоёр цаана нь, харин Б.Б, Э.Б хоёр наана нь хүн зодож байгаа нь харагддаг. Харагдах байдлаар хүнийг яллах нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Э.Б, Б.Б нарыг тухайн этгээд “бааранд 00-д байхад, та хоёр “Гомо” биз дээ гэж хэлээд өдөж хоргоогоод салахгүй байсан” гэж мэдүүлдэг. Үүнийг тухайн үед Э.Б, Б.Б нар доромжлол мэтээр хүлээн авсан. Дараа нь баарны заалнаас гараад шатны тэнд зогсож байхад нь зодсон. Энэ нь таньж мэдэхгүй хүнийг зодсон үйлдэл биш. Урдаас үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болж энэ хэрэг гарсан. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжиж байх үед Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэрэг нь үл ялих зүйлээр шалтагласан байхыг шаарддаг. Урдаас таарамжгүй харьцаа үүссэн байна уу гэдгийг прокурор, мөрдөн байцаагч шалган тогтоох үүрэгтэй байсан. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг үгүйсгэх үү, нотлох уу гэдгийг хохирогчийн мэдүүлгээр тогтоох ёстой байсан. Харин хохирогчийг олж тогтоогоогүй байж харагдах байдлаар нь танхайрах гэмт хэрэг байна гэж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаан явагдсан. Тэгэхээр шүүхийн эрх хэмжээнд мөрдөн байцаалтад буцаах гэдэг ойлголт байхгүй. Нотлогдохгүй байвал цагаатгах, нотлогдвол гэм буруугийн асуудал яригдана. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Ө, Б.Ц, Э.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр, бусад хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

            Б.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэт” баараар үйлчлүүлж байхдаа согтуугаар, хамт явсан найз Н.Гантогтохыг нь Э.Ө “цохилоо” гэж эндүүрэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Э.Ө нь согтуугаар Б.Цийг “цохьсон” гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ций “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай 10 жилийн ангийнхан “SET” бааранд шинэ жил тэмдэглэсэн... би ухаангүй болтлоо согтсон байсан. Нэг ухаан ороод харахад нүдний шилтэй залуу /Э.Ө/ манай найз Гантогтохтой маргалдаж байгаад нүүрэнд нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр би очоод эрүүнд нь цохьсон... Тэгээд түрүүлж гараад доод давхрын цахилгаан шатны хэсэгт сууж байхад араас Э.Ө гарч ирээд “өө энэ сууж байна, чи яаж байгаа юм бэ, яагаад цохиж байгаа юм” гэснээ миний нүүр, зүүн хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Э.Ө бааран дотор надад зодуулсандаа шаралхаад дайраад байсан. Тэгээд миний хөл, гуя хэсэг рүү өшиглөөд бас нүүрээ дараад доошоо тонгойсон чинь, нүүр рүү өвдөглөсөн...” /хх-19-20, 21-22/,

- Хохирогч Э.Өийн “... хажуу талын ширээнд сууж байсан залуутай /Б.Ц/ танилцаж, хамт бүжиглэсэн. Тэгж байгаад буцаад тус тусынхаа ширээнд суугаад байж байтал тэр ширээний нэг охин манай ширээн дээр ирээд надаас юм асуусан... араас нь нэг залуу ирээд “яагаад ангийн хүүхэд хоргоогоод байгаа юм бэ” гэхээр нь “хоргоосон зүйл байхгүй” гээд маргалдаж байхдаа “цаашаа бай” гээд түлхсэн чинь хажуу талаас Б.Ц ирээд миний хамар луу цохьсон...” /хх-116/,

- Гэрч Н.Гантогтохын: “... манай ангийн охин бид нарын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр нэг залуутай сууж байсан. Тэгэхээр нь би тэр найздаа “тооцоо дутаад байна. Ширээн дээр ирж суугаач” гэсэн чинь хамт байсан залуу нь “чи яах гээд байгаа юм бэ” гэх шиг болсон. Тэгэхээр нь “ангийнхаа хүүхэдтэй юм ярьж байна, чамтай юм яриагүй” гэсэн чинь босож ирээд шууд миний шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан... хажуу талаас Б.Ц тэр залуугийн шанаа хэсэг рүү нь цохьсон. Тэгсэн чинь тэр хавьд байсан хүмүүс ирж салгасан...” /хх-24/,

- Гэрч М.Баатарсүрэнгийн: “... доор зодоон болоод байна гэж дуудахаар нь буугаад ирэхэд нэг залуу нүдэндээ цохиулаад нүд нь хавдсан байсан. Тэр залууг цохьсон гэх хүн нь намхан нуруутай бага зэрэг тарган, нүдний шилтэй /Өрхөнбилэг/ байсан…” /хх-30/,

- Гэрч Б.Одонцэцэгийн: “... Лхагвасүрэн, Б.Ц бид 3 гараад 17 давхарт лифт хүлээгээд сууж байтал бааран дотор хажуу талаас юм яриад байсан жижиг биетэй нүдний шилтэй махлагдуу залуу хоёр найзтайгаа бууж ирсэн. Б.Цийг харснаа “чи яах гэж намайг цохиж байгаа юм бэ” гээд дайраад гэнэт нүүрэн тус газар нь гараараа цохиод эхэлсэн. Хамт явсан найз нь болон Лхагвасүрэн бид нар салгах гээд дийлээгүй...” /хх-123-124/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогч Б.Ций биед гайморын хөндийн урд хананд хугарал, хамар яс, таславчийн хугарал, тархи доргилт, 2 зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дух, зүүн дагз, чамархай, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №68 дугаар дүгнэлт /хх-32/,

- Хохирогч Э.Өийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №72 дугаар дүгнэлт /хх-32/,

- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Сэт” баарны 17 дугаар давхарын хяналтын камерийн бичлэгээс Э.Өийн үйлдлийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг, бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, /хх-13-16, 17/,

- Э.Өийн “... би тэр охинтой юм яриад сууж байхад хар цамцтай нэг биерхүү залуу ирээд “чи манай ангийн хүүхдийг яах гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “зүгээр юм яриад сууж байна” гэж байтал Б.Ц миний хажуу талаас хөлөөрөө жийснээ, нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд баарны хамгаалагч нар салгасан... Бид нар тооцоогоо хийгээд гартал цахилгаан шатны хажууд Б.Ц 2 охинтой сууж байхаар нь очоод “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж маргалдаад уурандаа хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь гараараа цохьсон...” /хх-54-55/,

- Б.Ций “... Э.Ө манай найз Гантогтохыг цохиж байгаа харагдахаар нь очоод эрүүн тус газар нь цохьчихсон...” /хх-129-130/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэж, Э.Өийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт, Б.Цийг “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцохдоо “... Б.Ц нь хамт явсан найзтай нь хэрүүл маргаан өдүүлсэн гэх шалтгаанаар Э.Өийг зодож хөнгөн гэмтэл учруулсан...”, “... Э.Ө нь Б.Цийг эхэлж цохин хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн үйлдлийн улмаас түүнийг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэж үйл баримтыг өөрчлөн дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Б.Ций үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны Эрүүгийн хуулиар тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Э.Өийн үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийг үндэслэлтэй, зөв хэрэглэсэн байна. 

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгээс үзэхэд Э.Өийн үйлдсэн “хувийн сэдэлтээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамт явсан найзууд болох Э.Б, Б.Б нар оролцоогүй, харин тухайн цаг үед хэргийн газарт байсан хөндлөнгийн хүнийг зодож, эрх чөлөөнд нь халдсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч мөрдөн байцаалтаар “тэд чухам ямар шалтгаанаар уг үйлдлийг хийх болов” гэдгийг тогтоож чадаагүйгээс шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хүргэжээ.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлуудын нэг болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотолж чадаагүй атлаа прокуророос Э.Б, Б.Б нарын үйлдлийг “бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан” гэмт хэргээр хүндрүүлэн зүйлчилж тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Э.Б, Б.Б нар “... тэр хүн биднийг өөр хүнтэй андуурч, хэл амаар доромжлоод байсан ...” гэж хувийн таарамжгүй харьцаа үүссэн байж болзошгүй мэдүүлэг өгснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй, хохирогчийг олж тогтоох хангалттай ажиллагаа хийсэн боловч хохирогч олдоогүйгээс гэмт хэргийн сэдэлтийг тогтоох боломжгүй болжээ. Гэмт хэрэг хувийн сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзвэл хохирогчид хохирол учирсан эсэхийг нотлоогүй нөхцөлд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс Э.Б, Б.Б нарыг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр байна.

Иймд “... Э.Б, Б.Б нар бүлэглэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан болох нь нотлогдсон...” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Энхтуулын бичсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН