Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Г.Яндаг,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт О.Ад холбогдох эрүүгийн 2018000410048 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт О.А /РД:/, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уулын ажлын техникч мэргэжилтэй, “.....................” ХХК-нд өрмийн мастер ажилтай, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн төвд үйл ажиллагаа явуулах “Оргил” цэнгээний газарт О.Тыг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын шарх, доод эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20:00 цагийн үед ганцаараа “Оргил” цэнгээний газарт орсон. Тэнд Мс, Мч нар сууж байхаар нь хамт сууж архи уугаад согтоод тасарчихсан байсан. Нэг ухаан ороход цэнгээний газрын гадна шатан дээр нүүрээ дараад сууж байсан. Миний нүүр, амнаас цус гарч байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас гомдол санал байхгүй гэх хохирогч О.Тын мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- ...орой 23 цаг өнгөрч байхад Мч над руу “танай нөхөр “Оргил” цэнгээний газарт хүнд зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би очтол манай нөхөр амандаа ариун цэврийн цаас хийгээд “цусаа тогтоож байна” гээд гадна зогсож байсан. Тэгээд Мч бид 2 манай нөхрийг аваад эмнэлэгт үзүүлэхэд үүдэн нэг шүд хугарсан, хажуугийн шүд нь хөдөлсөн, уруул нь язарсан байсан... гэх гэрч Б.Мтын мэдүүлэг /хх-ийн 9/,

- ...бүжиглэж байхад үл таних нэг залуу Тыг дуудаад өгөөч гэхээр нь би Тт “чамайг дуудаж байна” гээд явуулсан. Тэгээд удалгүй эргээд харахад Т нь газарт унаад дөрвөн хөллөөд амнаас цус гарсан байдалтай байсан. Энэ үед үл таних залуу Тын нүүр лүү 2 удаа өшиглөсөн... гэх гэрч Б.Мчийн мэдүүлэг /хх-ийн 10/,

- ...орой 23 цагийн үед А “гарынхаа цусыг угаая” гээд орж ирсэн. Юу болсон талаар асуухад “би сайн мэдэхгүй байна, хүнтэй маргаад” гээд нэлээн сандарсан байдалтай байсан... гэх гэрч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 12/,

- ...үүдэнд овоороод шуугилдаад байхаар нь очтол миний танил Мтын нөхөр шалан дээр хэвтээд ам хамраас нь цус гарсан байсан бөгөөд цохисон гэх хүн нь тэнд байгаагүй. Тэгээд юу болсон талаар асуухад тэнд байсан хүмүүсээс хэн нэг нь “А цохичихлоо” гэж хэлсэн... гэх гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 13/,

- ...үүдний орчимд нэг танихгүй залуутай зөрөх үед надад юм хэлэх шиг болохоор нь би түүнийг надад уурлаж байна гэж буруугаар ойлгож маргалдсан. Тэр залууг “гаръя” гэхэд тэр залуу “гарахгүй” гээд миний хувцаснаас зуураад байхаар нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон... гэх шүүгдэгч О.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- О.Тын дээд уруул 1 сантиметр орчим сэтэрсэн, доод 2, 1 дүгээр шүд хугарсан, доод уруулын дотор талд 1.0х0.8, 0.6х0.8 хэмжээтэй цус хуралт үүссэн гэх хүний их эмч Х.Хишигсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 16/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаартай “О.Тын биед нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын шарх, доод эрүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Тын биед нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын шарх, доод эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Тын “...О.А нь миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх тодорхойлолт /хх-ийн 30/ болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.Аын согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн төвд үйл ажиллагаа явуулах “Оргил” цэнгээний газарт О.Тыг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулын шарх, доод эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч О.А нь ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг, “.....................” ХХК-нд өрмийн мастер ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 28/, “.....................” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/03 дугаартай албан бичиг /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.А нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР