Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 10

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт М.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918007990570 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ган хайлагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, охин хүргэн, зээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын ............. тоотод оршин суух урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Т овогт М.Д,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгой *****од Ч.А толгойн тус газар шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ,болох нь:

 

Хохирогч Ч.А “...Архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй юу болсон нь мэдэгдэхгүй гэнэт л ***** чамайг архины шилээр цохисон гэж *****надад хэлсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. *****оос нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

Гэрч Т.Б “...А Д чи Б ахыг яаж байгаа юм бэ гэсэн чинь Д ширээн дээр байсан Түмний хишиг нэртэй архийг авч зууханд цохиж хагалаад А толгойн зүүн талруу цохихоор нь А Д ахыг чинь алах нь гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 967 дугаартай “...Ч.А биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсгийн шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч М.Д “...Намайг Т.Б маргалдаж байхад Ч.А хажуугаар орж ирэхээр нь цохичихсон” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хохиогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хэргийн 71/-гаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, сарын орлогынх нь хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь хохирогч Ч.А 450,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Түмний хишиг” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт М.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Түмний хишиг” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД