| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0002/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 12
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.М холбогдох эрүүгийн 1918000000548 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн, 29 эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрь *****од оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д овогт Ө.М,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Өсөх трейд зочид буудлын 04 тоот өрөөнд иргэн О.Ц маргалдаж, түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Ц “...унтаж байхад М ах гаднаас их ууртай орж ирэхээр нь би цочиж сэрээд босоод ирсэн чинь М ах ширээн дээр байсан Болор архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд цааш хэдэн удаа цохисныг би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч Х.О “...Ц уулзахад Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн гадаа толгойгоо боолгосон байдалтай зогсож байхаар нь юу болсон талаар асуухад хамт ажилладаг хүнийхээ найзад архины шилээр толгой руугаа цохиулсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Г.Б-ийн “...өглөө босоод ирсэн чинь Ц миний хажууд нүүр, нэг гарын алга цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би ***** босоод гар нүүрийг нь угаалгаад юу болсон талаар асуухад М шөнө зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 987 дугаартай “...О.Ц биед зулайн хуйханд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ө.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч О.Ц нь хохирол төлбөртэй холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байх ба эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ө.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгжээр торгох ялаар шийтгэж, цалин, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргээс өмнөх үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба уг ялыг эдлэж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ө.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Ө.М 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын лэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД