| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0006/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 17
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000540 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Д.Б,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд 13 цаг 35 минутаас 14 цаг 48 минутын хооронд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Үл таних хүнд хүчиндүүлсэн” талаар зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Д.Б 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд 13 цаг 35 минутаас 14 цаг 48 минутын хооронд гэрчээр өгсөн “...Би хүчиндүүлсэндээ гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 191800659 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоон Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж авахад өгсөн: “...Би ямар нэгэн байдлаар хохироогүй. ...Тэгээд би Б цагдаа нар олохгүй байх гэж бодоод танихгүй хүнд хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн А цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэргээр тогтоогдож байна.
Гэрч, хохирогч хэн боловч үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасан бол зөвхөн үнэнийг ярих үүрэгтэй бөгөөд баталгаа гаргасны дараа худал мэдүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б нь болсон явдлыг илт зөрүүтэйгээр мэдүүлсэн байх ба аль мэдүүлэг нь үнэн зөв эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхол, шүүн таслах үйл ажиллагааны эсрэг чиглэсэн гэмт үйлдэлд тооцогдох ба худал мэдүүлэг өгөхийн нийгмийн хор аюул нь шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гарах эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэгт оршино.
Иймд Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ялаар шийтгэж, сарын орлогынх нь хэмжээг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д.Б-д мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З овогт Д.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД