| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0028/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 37
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Х.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004340596 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт ........... тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Х.М,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хосмишээл” эмийн сангийн лангуун дээр байсан иргэн Б.З эзэмшлийн HUAWIE P20 LITE маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.З “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагийн үед манай охин Амин-Эрдэнэ нь миний Хуавэй пи 20 маркийн гар утсыг оролдож байгаад эмийн сангийн лангуун дээр орхисон байсан. Тухайн үед гаднаас хэд хэдэн үйлчлүүлэгч орж ирээд би гар утсаа анзаарахгүй байж байгаад хүмүүс гарч явсны дараа гар утсаа хайсан чинь олохгүй цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, “...миний бие алдсан утсаа авсан учир уг хэрэгт гомдол санал байхгүй” гэх хүсэлт,
Гэрч Б.Ц “...тэр зарах гэж байгаа утсыг үзтэл хар өнгөтэй Хуавэй пи 20 маркийн гар утас байсан. Тэр утасны камерынх нь дээд хэсэгт хагарчихсан байсан. Тэр залуу 200,000 төгрөгөөр зарах гэж байгаа гэхээр нь утсыг чинь цэнэглэдэг хэсэг хөндийрсөн, бас сэв ихтэй юм байна, 200,000 төгрөг арай үнэтэй байна, та өөр хүнд зарчих гэж хэлтэл наймааны түргэн нь дээр гээд 100,000 төгрөгөөр ав гэхээр нь тэгье гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, “...Х.Мягмарзаяагаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...Хуавэй пи 20 маркийн гар утас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 900,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,
Х.М утас авсан эмийн сан, зарсан газрыг заалган мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6, 9/,
Шүүгдэгч Х.М “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эм авах гэж ороод лангуун дээр утас байхаар нь архины халуундаа буюу согтуугаасаа болоод тэр утсыг хулгайлж авсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь эм авах зорилгоор эмийн санд ороод гарахдаа лангуун дээр байсан утсыг хулгайлсан байх тул хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зөв, хэргийг зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.З, иргэний нэхэмжлэгч Б.Ц нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд “хулгайлах” гэмт хэрэг үйлджээ.
Х.М нь өмнө тогтоолоор ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнө үйлдсэн болон энэхүү тогтоолоор гэм буруутай тооцсон гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, 3 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, энэхүү тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.М нь 2015 оны 1-р сарын 02-ны өдөр төрсөн Д.Ө, 2017 оны 1-р сарын 04-ний өдөр төрсөн М.А, 2011 оны 12-р сарын 26-нд төрсөн М.Т нарыг хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлыг харгалзан үзэв.
Бага насны Д.Ө, М.А, М.Т нар нь шүүгдэгчийн ах, эгчийн хамт байгаа гэж мэдүүлж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасны дагуу шүүгдэгчийн 3-9 насны 3 хүүхдэд нь асран хамгаалагч тогтоохыг Дархан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Х.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Х.М 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Х.М Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.7, 25.10 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсгийн 0 тоот хаягт оршин сууж байгаа 2011 оны 12-р сарын 26-нд төрсөн М.Т, 2015 оны 1-р сарын 02-ны өдөр төрсөн Д.Ө, 2017 оны 1-р сарын 04-ний өдөр төрсөн М.А нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.
7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД