Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00829

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 289 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “М” ХХК

          Хариуцагч: “И” ХХК-д холбогдох

          Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 48.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК-тай 2016-04-22-ны өдөр 37/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг, барьцааны гэрээний хамт байгуулсан. Уг гэрээгээр зээлээр шатахуун, тослох материал олгох, төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. “М” ХХК нь гэрээний дагуу 2016-04-26-ны өдөр 1 литр нь 1350 төгрөгийн үнэтэй 24000 литр шатахууныг хүлээлгэж өгсөн. “И” ХХК   төлбөрөөс 2016 оны 9 сард 2 сая төгрөгийг төлж, үлдэх 30,400,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээний 3.3-т төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2016-05-26-ны өдрөөс 2016-11-14-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%  хэтэрч байгаа тул “И” ХХК-иас алданги 15,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн 2 сая төгрөгийг хасч тооцолгүйгээр төлбөр 32,400,000 төгрөг, алданги 16,200,000 төгрөг, нийт 48,600,000 төгрөг нэхэмжилсэн ч үндсэн төлбөрийг 2 сая төгрөг, алдангийг 1 сая төгрөгөөр багасгаж байна. Иймд “И” ХХК-иас 30,400,000 төгрөг, алданги 15,200,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: “Иимандах үйлст” ХХК нь “М” ХХК-тай 2016-04- 22-ны өдөр 37/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Харин түлш хүлээж аваагүй. Тооцоо нийлсэн акт үйлдээгүй бөгөөд тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг н.Цогтоо захирлын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Компани түлш хүлээж аваагүй гэдэг утгаар тооцоо нийлээгүй. Түлшийг хүлээн авсан н.Баатартай “И” ХХК нь өөр асуудлаар маргаж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул н.Баатартай тооцоо хийж болох учраас “М” ХХК нь алдангийг чөлөөлж, үндсэн төлбөрөөс багасган, төлөх хугацааг тохиролцвол манай компани төлбөрийг төлж болно. Тохиролцохгүй гэвэл нийлүүлээгүй шатахууны үнийг төлөх үүрэггүй. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “И” ХХК-иас 45,600,000 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3сая төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “М” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “И” ХХК-иас 385,950 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 289 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн   гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: Шүүх И ХХК нь М ХХК-с 24000 литр дизель түлш шатахуун авсан нь тогтоогдож байна гэсэн нь   үндэслэлгүй байна. Учир нь дээрх бүтээгдэхүүнийг манай компани аваагүй, харин иргэн н.Баатар гэх хүн хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдагч эд хөрөнгийг нийлүүлэх, ... худалдан авагч түүнийг үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар манай компанид дээрх түлшний үнийг төлөх үүрэг үүсээгүй нь тогтоогдсон гэж үзэж байна. Түүнээс гадна давж заалдах шатны шүүх “... барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр байна” гэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Дээрх үндэслэлээр гэрээнд заасан гэх алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

       “М” ХХК ны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөг шаарджээ.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч шатахуун худалдах, хариуцагч шатахуун худалдан авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд худалдан авагч барааг хүлээн авсан эсэх талаар зохигчид маргасан байна.

       “М” ХХК гэрээнд заасан барааг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3215 дугаар “шатахуун тослох материалын зарлагын падаан”-р /хх 1-н 199/ Д.Баатараар дамжуулан хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх боловч Д.Баатар “И” ХХК-н хооронд шатахууны төлбөрийн талаар маргаан үүссэн болох нь тогтоогджээ.

        Д.Баатар нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу МТ Петролеум ХХК-ийн  шатахууныг “И” ХХК-д хүргэж өгсөн, эсхүл МТ Петролеум ХХК-с шатахуун худалдан авсан эсэх нь тодорхойгүй, Д.Баатарын нэхэмжлэлтэй “И” ХХК-д  холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

       Түүнчлэн, гэрээний 3.1-д “... худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд 30,000,000 төгрөгөөс хэтрэхгүй...” гэж заасан, нэхэмжлэгч гэрээгээр тохирсноос илүү хэмжээгээр бараа нийлүүлсэн байхад хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг шүүх бүрэн хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцээгүй гэж үзэхээр байна.

        Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйлийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02949 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 289 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 234.000 төгрөгийг “И” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ