Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

 

 

       Э.Б, Г.Б, Б.Г нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Б.Цэцэгмаа,

            ялтан Э.Б, Г.Б, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б, Г.Б, Б.Г нарт холбогдох 201625021306 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Борогчин овгийн Эрдэнэдоржийн Э.Б, Төв аймгийн Архуст суманд 1987 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-501 тоотод оршин суух хаягтай,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: НД87090373/

 

2. Боржигон овгийн Б.Гын Г.Б, Төв аймгийн Зуунмод суманд 1990 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 55-666 тоотод оршин суух хаягтай,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: НЭ90011818/

 

3. Боржигон овгийн Бандийн Б.Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 10 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, эгч нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 17-12 тоотод оршин суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЖЯ91100955/

 

Г.Б, Э.Б нар 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03 цагийн орчим шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна ил зогсоолд байрлуулсан Ч.Бын эзэмшлийн 06-63 УБХ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашины гурвалжин шилийг тусгайлан бэлтгэсэн багаж болох чулуугаар хагалж, эд зүйлийг хулгайлан 655,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Э.Б /давтан үйлдлээр/, Б.Г нар 2016 оны 8 дугаар сард шунахай сэдэлтээр, бүлэглэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5-145 тоот хашаан дотор байрлах автомашины гражнаас тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 111 метр зэс голтой утас хулгайлж, хохирогч Ч.Сод 4,773,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Б, Г.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон
өөрчилж, Г.Бямба-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

Э.Бийг Б.Гтай бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Б.Гыг Э.Бтой бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Г.Бямба-Эрдэнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Б, Б.Г нарыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, тус бүрийг 2 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Б.Г нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногтой дүйцүүлэн тооцож ял эдэлсэнд тооцож,

Э.Б, Б.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Б, Б.Г нараас 3,923,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ч.Сод олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Г давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ч.С гэдэг хүн анх гражид кабель утас хийлгээд, удалгүй портер машинтай, хүмүүстэй ирээд надаар туслуулан уг утаснаас олон метр утас авч, мөн гаднах кабелийг нь хуулуулсан. Уг утасны зэснээс 5 метрийг надад өгсөн. Тэр үед Ч.С “сайн хамгаалж байгаарай” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь түүнд хэлэлгүй гражнаас 12 метрийг авч, зэс авдаг хүмүүст өгсөн нь үнэн. Дээрх гражийг манай гэрийхэн харж, харуулын ажил хийдэг. Тийм ч учраас гражийн түлхүүр манай гэрт байдаг. Би Ч.С гэдэг хүний итгэмжлэн хариуцуулсан кабель утаснаас авч завшсан нь миний буруу. Ээж болон бид нарт граж харсан гэж цалин хөлс өгдөггүй тул би мөнгөний хэрэгцээ гараад, хариуцуулж өгсөн эд хөрөнгөөс нь авч худалдан, мөнгө олж завшсан ба 12 метр утасны төлбөрт 850,000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг болгон, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.

Би шар хадны эмнэлэгт 2009-2016 он хүртэл тархины өвчнөөр хэвтэж, хяналтад орсон. Одоо сэтгэл, санаа тогтворгүй болж эхэлсэн...” гэжээ.

 

Ялтан Э.Б, Г.Б, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд 805,000 төгрөгийн хохирол төлсөн. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Б.Г нь Дорнод аймгийн “Бүхнийг хүүхдийн төлөө” асрамжийн газарт 8 жил байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан тул өмгөөлөгчийн зүгээс Дорнод аймгийн “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагын тодорхойлолт, Сэтгэцийн эмнэлгийн тодорхойлолт зэргийг хэрэгт нэмж, гаргаж өгье. Энэ тодорхойлолтод “Б.Г нь 1991 онд төрсөн. Эцэг нь 2004 онд нас барсны улмаас эх болох У.Ундрах архи, тамхи их хэрэглэж, өөрөө болон хүүхдүүдтэйгээ тэнэмэл амьдралд орох болсон. Б.Г нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллага нээлтээ хийж албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэхэд Б.Г 2 дугаар багийн Засаг дарга болон эх У.Ундрахын хүсэлтийн дагуу гэрээ хийж хүүхдийн асрамж, халамжийн төвд 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амьдарсан. Б.Г нь эрүүл мэндийн хувьд дунд зэрэг, төрөлхийн сэтгэцийн өвчтэй байсны улмаас 2008 онд сэтгэл мэдрэлийн эмчийн хяналт, группт орж, хөдөлмөрийн чадвар нь 50 хувиар тогтоогдсон. Б.Г нь тус төвд амьдарч байхдаа дуу цөөтэй, төлөв даруу, хүний үгээр төлөвшин сурч, хүмүүжиж байсан. Мөн түүний ар гэр, ах дүү нар гэх хүмүүс түүний араас ямар ч анхаарал, халамж тавьдаггүй байсан. Б.Г нь насанд хүрсэн тул өөрийн хүсэлтээр тус төвөөс 2015 оны 2 дугаар сард гарсан” гэсэн байна. “Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв”-өөс Б.Гын тодорхойлолтыг авах гэсэн боловч Б.Г нь хувийн хэргээ өөрөө авч яваад гээгдүүлсэн тул тодорхойлолт авч чадаагүй. Мөн Б.Г нь тус төвөөс гарснаас хойш бичиг баримтаа хаясан тул группээ сунгуулж чадаагүй.

Дорнод аймгийн сэтгэц эмгэг судлалын эмч Бадамдулам “Б.Г нь оюун ухааны нялхын хомсдолтой” гэсэн тодорхойлолт гаргасан. Б.Г давж заалдах гомдолдоо “тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу Б.Гад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Б.Гын хэрэг хариуцах чадварт эргэлзээ төрөх нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Г нь бичиг, үсэг мэдэхгүй үндэслэлээр өмгөөлөгч оролцуулж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Сэтгэцийн өвчтэй гэдгийг нотлох гэсэн баримтууд болох Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс ирсэн албан бичигт “Манайд ийм хүн хяналтад байдаггүй” гэсэн байна. “Бүхнийг хүүхдийн төлөө” Төрийн бус байгууллагаас факсаар ирсэн тодорхойлолт, хорооны тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн Б.Гыг сэтгэцийн өвчтэй гэдгийг нотолсон албан ёсны эмнэлгийн байгууллагын нотлох баримт гэж үзэхгүй. Хуучин Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгч Ж.Энх-Амгалан гаргалаа. Хуучин хуульд тэнсэж, хянан харгалзахад хохирол төлсөн байхыг шаарддаг. Гэвч хохирол төлөгдөөгүй тул Б.Гыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Б, Г.Б, Б.Г нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр, бусад хэргийн оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Г.Б, Э.Б нар 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03 цагийн орчим шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна ил зогсоолд байрлуулсан Ч.Бын эзэмшлийн 06-63 УБХ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашинаас хоёр толь, моторын тос, түлхүүр багж, түрийвч зэрэг 655,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Ч.Бын: “... 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны гадна зогсоолд өөрийн эззмшлийн 06-63 УБХ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашинаа байрлуулсан... шөнө 03-04 цагийн үед цагдаагаас “таны автомашинд хулгайч орсон байна” гэж хэлсэн. Автомашин дээр очиход, зүүн талын тольны урд талын жижиг гурвалжин шилийг хагалаад, машины 2 хос толийг суурь хэсгээр нь тайлж авсан байсан... машин дотроос бор шаргал өнгийн хэрэглэж байсан түрийвч... ком багаж, моторын 2 савтай тос зэрэг зүйлс алга болсон байсан...” /1-р хх-16-17, 234-235/,

- Гэрч Ц.БулБ.Гын: “... цагдаагийн ахлах ахлагч Т.Түмэнжаргалын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 25-30 орчим насны залууг зогсоож “хаанаас хаа хүрч явна” гэхэд “хойшоо явж хувьцаагаа зарах гэж байна” гэсэн... “энгэрт чинь юу байгаа бэ” гэхэд дуугарахгүй байснаа “ах хүү хадгалуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь шалгахад 2 ширхэг машины толь байсан. Хаанаас авсныг асуухад 40 дүгээр байрны гадна байсан 06-63 УБХ улсын дугаартай автомашины зүүн урд талын жижиг гурвалжин шилийг хагалж, 2 толийг нь дотор талаас нь тайлж авсан гэсэн тул хэлтэс дээр авчирч жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн...” /1-р хх-19-20/,

- Гэрч Т.Түмэнжаргалын: “... 160-170 орчим см өндөртэй, туранхай, 25-30 орчим насны залууг саатуулахад автомашины 2 ширхэг, саарал өнгийн толь бүтнээрээ гарч ирсэн...” /1-р хх-21/ гэсэн мэдүүлгүүд,

- Ч.Бын “Toyota prius-20” загварын автомашины 2 ширхэг толь, моторын тос, түрүүвч зэрэг эд зүйлийн үнэлгээ /1-р хх-13, 2-р хх-19/,

- Сүхбаатарын дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан “Toyota prius-20” загварын, 06-63 УБХ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-4-8/,

- Г.Б, Э.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

Э.Б /давтан үйлдлээр/, Б.Г нар 2016 оны 7-8 дугаар сард шунахай сэдэлтээр, бүлэглэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5-145 тоот хашаан дотор байрлах автомашины гражнаас 111 метр зэс голтой кабель утсыг хөрөөгөөр тасалж хулгайлан хохирогч Ч.Сод 4,773,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

 

- Хохирогч Ч.Сын: “... 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн эцэст байрлах граждаа ороход кабель утас маань эрс багассан байсан. Энэ талаар ax T.Нямаатай утсаар ярьж “Кабель утас багасаад ойр орчимд нь төмрийн үртэс болсон байна. Хамгийн сүүлд хэзээ гражаа цэвэрлэсэн бэ” гэж асуухад “өчигдөр орой цэвэрлээд явсан” гэж хэлсэн... цагдаад дуудлага өгч шалгуулахад манаач Э.Б хадам дүүгийн хамт кабель утсыг ашигласан байсныг мэдсэн. Нийт 111 метр кабель утас авсан байсан... Анх буулгахад нийт 398 метр цахилгааны кабель утас байсан. Өөрөөр хэлбэл кабелийн утсан дээрх тэмдэглэгээн эхлэл нь 700 метр, төгсгөл нь 1098 метр гэсэн байсан. Үүнээс 140 метрийг барилга руу авч явсан. 2016 оны 8 дугаар сарын эхээр 18 метрийг авч борлуулсан. Ингээд кабелийн утсан дээрх тэмдэглэгээний эхлэл нь 858 метр, төгсгөл нь 1098 метр үлдсэн. Өөрөөр хэлбэл 240 метр үлдсэн байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ирэхэд эхлэл хэсгийн тэмдэглэгээ нь 969 метр болсон байсан. Тэгэхээр нийт 111 метр цахилгааны утас алдагдсан...” /1-р хх-118, 163, 176, 236/ гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ч.Сын хулгайд алдагдсан гэх 111 метр цахилгааны утас 4.773.000 төгрөг гэсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-102/,

- Б.Гын сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын дундуур хашаанд байдаг гражид цахилгааны дамартай зэс утас тавьсан талаар анх мэдсэн. Тэгээд би тэр зэс утаснаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1 метрийг авч зам зуур явж байгаа хүмүүст зарсан. Дараа нь Э.Бтой нийлж зэс утсыг бусдад зарсан... Би хүргэн ах Э.Бтой 2 удаа нийлж кабель утсыг авч бусдад борлуулсан...” /1-р хх-122/,

- Э.Бийн дээрх хэрэгтээ сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн: “... Би 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5-145 тоот хашааны гражнаас цахилгааны дамартай зэс утсыг хадам дүү Б.Гын хамт авч, бусдад зарж борлуулсан...” /1-р хх-143, 145/ гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Э.Б, Г.Б, Б.Г нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэж, Г.Бямба-Эрдэнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Б.Г, Э.Б нарыг “бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Б, Э.Б нар хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байдлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинж болгон хуульчлаагүй байх тул Г.Бямба-Эрдэнийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн шинэчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр үйлдсэн хэргийг нь зүйлчилж, ял шийтгэсэн бол, Э.Б, Б.Г нарын хувьд бусдын агуулахаас тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар хоёроос найман жил хорих ял шийтгэхээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсний дээр 2002 оны Эрүүгийн хуульд давтан гэмт хэрэг нь нэг зүйлээр зүйлчлэгдэн, нэг ял шийтгэхээр зохицуулсан байсныг халж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар үйлдсэн хэрэг тус бүрт нь ял оноож, бүгдийг нэмж нэгтгэхээр хуульчилсан нь Э.Бийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн зохицуулалт байх тул Э.Б, Б.Г нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

            Хохирогч Ч.Сын “... ахын гражид кабел утас хадгалуулсан...” /1-р хх 163/, гэрч Т.Нямаагийн “... Э.Б, Б.Г нар гражид байгаа эд зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй. 2015 оны 9 дүгээр сард “хашаанд айл буулгана” гэсэн зарын дагуу Андрей гэх настай эмэгтэй ирж манаачаар бууж, 2016 оны 5 дугаар сар хүртэл амьдарч байгаад нүүсэн. Андрей нүүхдээ өөрийн хүү Зоригоог үлдээгээд явсан. Зоригоо эхнэр болон дүүтэйгээ манай хашааны вагончигт амьдарч байгаа. Тэд гражид нэвтрэх эрхгүй ...”  /1-р хх 160/ гэсэн мэдүүлгүүдээр Э.Б, Б.Г нар хохирогч Ч.Сын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүмүүс биш болох нь тогтоогдож байх тул “хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн ялтан Б.Гын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Г.Б, Э.Б, Б.Г нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Б.Г нь гэм буруугаа хүлээгээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүйн гадна дан ганц эрүүл мэндийн байдал нь ял хөнгөрүүлэх үндэслэл, шалтгаан болохгүй тул “... ялыг хөнгөрүүлэх, тэнсэх...” талаар гаргасан ялтан Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын давж заалдах гомдол, хүсэлтийг хүлээж аваагүй болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

М.ПҮРЭВСҮРЭН