Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 773

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** Ц овогт Д ын П ,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: “Х” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийн “Х” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Ц.Д, түүний өмгөөлөгч Э.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Миний бие Д.П  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших “Б*** БЦГ” тусгай хамгаалалттай  газар  нутгийн  Зайсангийн ам нэртэй 501.07 м.кв талбайг ашиглах 

эрхтэй болсон. Ингээд Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г аван тус газраа ашиглаж байна.

Газар ашиглаж байх хугацаанд “Х” ХХК нь миний газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж байсан бөгөөд уг үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч тус газар нь манай газар хэмээх тайлбар хэлж, миний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоогоогүй.

Энэ талаар тодруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн бөгөөд манай газар нь “Х” ХХК-ийн газартай давхцалтай байна гэсэн хариу өгсөн.

Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар “Х” ХХК-д манай газартай давхцуулан 0.55 га талбайг ашиглах эрх олгосныг мэдлээ.

Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна гэж миний хувьд үзэж байна.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Миний бие Д.П  нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Ингэхдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт цугларсан баримт, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар өөрчилж байна. Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Э***  шүүхэд  ирүүлсэн  хариу  тайлбар, түүний хууль зүйн 

үндэслэлээ: “Иргэн Д.П  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.П  нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар Б*** дархан цаазат газрын Зайсан аманд 501.07 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар ***дугаар бүхий улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан юм.

“Х" ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээтэй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 1/21 дугаар гэрээ байгуулан Б*** Зайсангийн аманд 0.42 га газар ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглаж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/21 хүсэлтийг ирүүлж байсан. Энэ хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй үед иргэн Д.П гийн хүсэлт шийдвэрлэгдэж, 501.07 м.кв газар ашиглах эрх баталгаажсан байна.

Гэтэл “Х” ХХК-ийн 2015 оны 15/21 тоот хүсэлтийг ханган хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар “Х" ХХК-д 0.55 га газар ашиглах эрх олгох шийдвэр гаргахдаа иргэн Д.П д олгосон газартай давхардуулан олгосон байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Ц.Д нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Тус компани нь 1962 онд тухайн Монгол Улсын сайд нарын зөвлөлийн 162 дугаар тогтоолоор 1962 оны 9 дүгээр сард хүнс барааны 49 дүгээр дэлгүүр нэртэйгээр байгуулагдан түүний үндэс суурин дээр 1999 онд “Х” ХХК нь байгуулагдаж, нийт 55 жил ард иргэдийн дунд үйл ажиллагаагаа явуулж, өргөжүүлэн ажилласаар ирсэн. Уг дэлгүүрийг “Зайсан хоршоо” нэртэй байхад нь 1999 онд миний бие Ц.Д худалдан авсан. Тухайн үед эзэн С.П***ээс худалдан авахад 1 га газарт байрлах дэлгүүрийн барилга-1, цайны газар конторын барилга-1, склад-4, усан сан, 20 тоннын махны зоорь, муу усны нүхтэй, 2 хаалгатай нийтийн жорлон, 4 тал банзан хашаа, манаачийн байр-1 зэргийг хүлээн авсан. 

Улмаар  Байгаль  орчин,  аялал  жуулчлалын  сайдын  2001  оны  01  дүгээр 

сарын 25-ны өдрийн **3 тоот тушаал гарч дархан цаазат нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж байгууллагуудад кадастр хийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээ олгохоор болсны дагуу тус компани нь 2005 онд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэснээр Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Ч.Г*** газрын хэмжилт хийж, тухайн үед инженерийн байгууламжуудыг ашиглах газрын хэмжээсэнд оруулах шаардлагагүй гэх үндэслэлээр бохирын цооног, усан сангийн газар, цэвэр усны худаг, 40 тоннын махны зоорь, дулааны шугамын хоолой явсан газруудыг газрын хэмжээнд оруулахгүйгээр кадастр хийж, ашиглаж байсан 1 га газраас хасагдаж, 0.42 га-аар тогтоосон болно. Тэгтэл иргэн Д.П  нь 2006 онд гэр бүлийн хамт манай хамар хашаанд байх /Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн авто граж/ “***” ХХК-ийн хашаанд манаач н.Н***гийн гэрийн хажууд айлсан ирж буусан. Анх ирж буухдаа манайх 1 дүгээр хороололд байртай замын хажууд болохоор дуу шуугиан ихтэй нөхөр н.Ө*** микро автобустай учир тавих газар олдохгүй хэцүү байдаг гэж ярьж байсан. 2008 онд дүүргийн засаг дарга н.З*** нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдээс санал авахын тулд газар олгох асуудлыг хөндөн иргэдэд хуурамч газрын бичиг олгосон. Д.П  нь /н.Ө***/ “***” ХХК-ийн хашааны гадна буюу ард талд нь гарч бууж, тэр газарт н.З***ын бичиг авсан. Гэтэл 2007 онд мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашааг "***" ХХК нь хашааны газрыг нь сунган хувьдаа авч гэрчилгээ авснаар н.Ө***, Д.П  нар нь 3 шатны шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэж үнэнд ялагдсан. Ингээд Д.П , н.Ө*** нар нь "***" ХХК-ийн хашаанаас шүүхийн шийдвэрээр нүүлгэгдэн гарч, буух газаргүй болсноор 2011 оны 9 сард манай компанийн хашаа баригдаагүй тохижилт хийх ёстой газарт дур зоргоороо хууль бусаар гарч бууж дүүргийн газрын албаны байцаагч н.Н***, Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч н.Ц***, н.Б*** нар ирж удаа дараа газар чөлөөлүүлэх шаардлага тавьсан боловч, элдвээр доромжлон гутааж, хөөн явуулж, нүүлгүй байсаар өдий хүрсэн. 

Мөн манай компанийн барилга барих, газар тэгшлэх ажилд удаа дараа саад болж, тракторын шанаган дотор орж хэвтэн, бидний ажил амьдралд төвөг учруулж байсан. Мөн хог хаягдлаа ил задгай хаяж, орчныг бохирдуулан гадна бие засаж,  байгаль  орчныг  бохирдуулж  хэний ч  шаардлагыг үл ойшоон “би Байгаль 

орчин, аялал жуулчлалын яаманд танилтай хүн, та нар дуугүй бай, би энэ газрыг авахаар хөөцөлдөж байна, чи харж л байгаарай, харин танай компани надад орц гарц гаргаж өг, хашаагаа буулга” гэж удаа дараа дарамтлан доромжилж ирсэн. Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Газрын алба болон Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас байцаагч нар ирж хууль бус байгаа энэ айлыг газар чөлөөлөх шаардлага тавихад ч Д.П , н.Ө*** нар нүүгээгүй. 

Харин 11 дүгээр хорооны засаг дарга С.Т*** хөхүүлэн дэмжиж "энэ газрыг Д.П , н.Ө***од өгнө, хэн ч нүүлгэж чадахгүй, би мэдэж байна" гэж манай компанитай удаа дараа хэл ам хийж байсан. Тэгтэл сонгуулийн ид бужигнасан үеэр 2 дугаар хэсгийн хэсэг айлуудад бичил "Эко" төсөл хэрэгжүүлэх нэрээр газар ашиглах шийдвэр гаргахад Д.П гийн бичиг баримтыг олон хүний нэр дунд 11 дүгээр хорооны засаг дарга С.Т***тай хуйвалдан жагсаалтанд оруулж, Б*** дархан цаазат хамгаалалтын захиргаанаас санал авснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар ашиглах хууль бус шийдвэр гаргуулж гэрчилгээ авсан байна.

 Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт удаа дараа хандаж, албан тоот явуулж, кадастрт ороогүй үлдсэн газраа нэмж авах талаар хүсэлт тавьсаар ирсэн бөгөөд миний Д.П , н.Ө*** нарын талаар бичиж 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15/13 тоот албан бичгийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын нэр дээр өгч улмаар 6 дугаар сарын 25-нд н.Батсансар даргатай албан бичгийнхээ талаар уулзахад "Би газар шинээр олгох, нэмж олгох талаар мэдэхгүй, халуун цэг дээр ажиллаж байгаа гагцхүү Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтэн нарын санал тодорхойлолтын дагуу мэргэжлийн ажилтнууд газар дээр нь судалгаа хийсний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны боловсруулсан иргэнд газар ашиглуулах журмын дагуу боломжтой гэж дүгнэлт гарсан тохиолдолд тушаал шийдвэр гаргадаг" гээд таны асуудал үнэхээр үндэслэлтэй бол Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж санал дүгнэлт гаргуулах учиртай гэсний үндсэн дээр Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан тоотоор хүсэлт явуулж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоот санал дүгнэлт авч, 2016 оны 03 дугаар сарын 07-нд тухайн  үеийн  нэрээр  Байгаль  орчин,  ногоон  хөгжил,  аялал жуулчлалын яамны 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өөрийн компанийн 16/01 тоот хүсэлтийн хамт мэргэжилтэн Д.Ш***ын гарт өгсөн болно. Ингээд би Д.Ш***ын хэлсний дагуу 14 хоногийн дараа ирж уулзахад одоохондоо ямар нэг тушаал шийдвэр гараагүй байна гэсэн хариу өгсөн. 

Түүнээс хойш 7-10 хоногийн зайтай ирсэн боловч тушаал шийдвэр гараагүй гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Би цөхрөлтгүй явж хүсэлт өгснөөсөө хойш 2016 оны 06 дугаар сарын 08-нд 11 дахь удаагаа ирж Д.Ш***той уулзахад одоо сонгууль болох гэж байгаа тул ямар ч тушаал, шийдвэр гаргахгүй гэсэн. Тэгтэл 2016 оны 06 дугаар сарын 09-нд Эко бичил төсөл нэрээр маш олон хүний нэр дээр газар ашиглах тушаал гарсан байна. Түүний дотор н.Ө***ын эхнэр Д.П гийн нэр дээр тушаал гарч хорооны засаг дарга С.Т*** өөрөө авах гэж янз бүрийн хүмүүсийн нэр дээр тохиролцсоны үндсэн дээр арав гаруй газрын шийдвэр гаргуулсан байна. Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай компанийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ашиглаж буй газрын талбайг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 9 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 98 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт дэмжсэн санал дүгнэлт хүргүүлсэн мөртлөө иргэн Д.П д 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тоотоор ямар ч судалгаагүй санал өгсөн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан иргэнд газар ашиглуулах журмыг зөрчсөн байна. 

Журамд тухайн газарт 15-с дээш жил амьдарсан, тэр газраа хашаалуулсан уугуул иргэнд, хүн амьдарч үйл ажиллагаа явуулах боломжтой ямар нэг инженерийн шугам сүлжээ, өндөр хүчдэлийн шугам дайраагүй газар байх, байгалийн унаган тогтоц алдагдахааргүй, хэвийн хадгалагдах, ямар нэг айл өрх, албан газартай газрын маргаан давхцал зөрчилгүй, Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны судалгаанд хамрагдсан, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөлгүй, байгалийн болоод цаг зуурын гамшиг тохиолдоход саадгүй орц, гарцтай байх, Б*** дархан цаазат газрын удирдлага болон хариуцсан мэргэжилтэн тухайн газарт дүн шинжилгээ хийж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр санал дүгнэлт гаргасан байх, тухайн иргэн газар ашиглах зорилгоо тодорхойлсон байх гэж заасан байдаг. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан журмыг тухайн сайд н.Б***, ахлах мэргэжилтэн Д.Ш*** Б*** дархан  цаазат  газрын  хамгаалалтын  захиргааны  дарга  Ц.Ш***  нар 

сонгуулийг далимдуулан ямар ч судалгаагүй яаруу сандруу шийдвэр гаргаж, 11 дүгээр хорооны дарга С.Т***тай хуйвалдан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь ойлгомжтой юм. Энэ асуудал нь Соёмбот уулын шийдвэртэй адил хууль бус бөгөөд энэ шийдвэрийг гаргасан нь авилга хээл хахуулын асуудал ч хамт явж байгаа гэж бодож байна. 

Хэрэв хууль ёсны судалгаатай шийдвэр гаргасан бол Д.П гийн авсан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын мэдээллийн санд 2016 оны 06 дугаар сарын 30-нд газрын гэрчилгээ авсан өдөр орсон байх ёстой. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 06-нд газрын кадастрын мэргэжилтэн Э.А*** газрын мэдээллийн санд ороогүйг тодорхойлсон бөгөөд харин манай компанийн нэмэгдсэн газар мэдээллийн санд орсон байсан. Ингээд бодохоор Д.П гийн газар ашиглах шийдвэр нь хууль бус юм. Иргэн Д.П  нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны иргэнд газар ашиглах журмын аль нэг заалтыг биелүүлээгүйгээр барахгүй нэг газраас нөгөө газарт өөрийн дураар шилжин сууж шүүхдэж, хэл ам таталж явдаг нь нэг бус удаагийн үйлдэл бөгөөд орц гарцгүй, жорлон муу усны нүхгүй, хог хаягдлаа хаях боломжгүй газар бууж, хууль бус хуйвалдааны аргаар шийдвэр гаргуулчхаад шүүхээр шийдвэрлүүлнэ гэж байгаа нь үнэхээр үнэнд нийцэхээргүй юм. Мөн манай компанийн бичиг баримт 3 сарын өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргэгдэж би 11 удаа өөрийн биеэр очиж лавлаж байхад манай хүсэлт гаргасан газарт Д.П д газар ашиглах шийдвэр давхцуулан гаргасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд асан н.Б***, мэргэжилтэн асан Д.Ш*** нарын ашиг сонирхлын үүднээс санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзэж энэ бусармаг үйлдлийг хянан нягталж шүүх хяналтын байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт манай компани итгэл дүүрэн байна” гэжээ.

  Гуравдагч этгээд “Х” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан бие даасан шаардлагадаа: “Тус компани нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар 0.1З га талбайг нэмэгдүүлэн, 0.55 га талбайг “Аялал жуулчлал" зориулалтаар ашиглахыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулинд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөгдөж, №*** тоот гэрчилгээг авсан болно. Энэхүү шийдвэрийг гаргуулахдаа “Х” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18-наас зохих шатны байгууллагуудад уламжлан санал дүгнэлтүүдийг авч, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлснээр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд уг шийдвэрийг гаргуулсан болно. Харин иргэн Д.П д газар ашиглуулах талаар гарсан, хуучин нэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот шийдвэр гарснаар тус компанийн газар дээр 501.07 м.кв газрын давхцал үүссэн. Иргэн Д.П д гарсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу “Х” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоотоор дэмжих санал авах талаар хүсэлтийг Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд явуулсны үндсэн дээр 9 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоот санал авч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд тус компанийн газраа нэмэгдүүлэн ашиглах талаар гаргасан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/01тоот хүсэлтийн хамт өгсөн болно. 

Мөн Д.П  2016 оны 06 дугаар сарын 07-нд 147 тоот саналыг Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас авч 2 хоногийн дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот тушаал гарсан нь сонгуулийн үеийг далимдуулан ашиг сонирхол улс төрийн зорилготой гаргасан хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй. Учир нь “Х” ХХК нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгөөд жил гаран болох хугацаанд ямар нэг байдлаар хариу өгч асуудал шийдвэрлэгдээгүй байх үед шийдвэр гаргасан нь хууль бус гэдэг нь тодорхой үндэслэл болж байгаа юм.

Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар газар ашиглах талаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжид дэмжих санал өгөх заалтад сохроор хандаж, уг хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.6-г тус тус зөрчиж Д.П д санал өгсөн байна. Мөн энэ газар дээр 3 сарын өмнө тус компанид дэмжих санал өгсөн тэгтэл дахиад З сарын дараа ямар ч судалгаагүйгээр иргэн Д.П д дэмжих санал өгсөн байдлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам судалж танилцаж үзэхгүйгээр шууд шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар тухайн газрыг хоёр ба түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар "Аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ" гэсэн зүйлүүдийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам харгалзан үзэж дүн шинжилгээ хийж, хэнд нь газар ашиглуулах зөвшөөрөл олгох талаар сонголт хийх ёстой гэсэн заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан. 

Учир нь тус компани нь 1962 оноос энэ газар дээр оршин тогтнож газар ашиглах чиглэл зориулалтын дагуу аялал жуулчлалын цогцолбор үйлчилгээ явуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2 удаа хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж улмаар "Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор" төслийн байгаль хамгаалах төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөөг тус тус 5 жилээр хийж, Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар батлуулан он удаан жил ажиллаж байгаа тус компанийн авсан дэмжих санал, дээд байгууллагад хандсан хүсэлт уламжлалыг үл ойшоон иргэн Д.П д гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаал шийдвэр нь хууль бус юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийн “***” ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Дэлгэрцэцэг гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.П гийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэрэгт гуравдагч этгээд “Х” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.П  нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар Б*** дархан цаазат газрын Зайсан аманд 501,07 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар ***дугаар бүхий улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан юм.

“Х” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээтэй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" 1/21 дугаар гэрээ байгуулан Б*** Зайсангийн аманд 0.42 га газар ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглаж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/21 хүсэлтийг ирүүлж байсан. Энэ хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй байх үед иргэн Д.П гийн хүсэлт шийдвэрлэгдэж, 501.07 м.кв газар ашиглах эрх баталгаажсан байна.

Гэтэл “Х” ХХК-ийн 2015 оны 15/21 тоот хүсэлтийг ханган хариуцагч нь 2017оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар “Х” ХХК-д 0.55 га газар ашиглах эрх олгох шийдвэр гаргахдаа иргэн Д.П д олгосон газартай давхардуулан олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, шинээр эрх зүйн акт гаргах замаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.П гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л*** гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нармандахын Лхагвадорж миний бие Д.П гийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бие даасан шаардлага гаргасан ба уг бие даасан шаардлагыг дараахь үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот тушаал нь сонгуулийн үеийг далимдуулан ашиг сонирхол улс төрийн зорилготой гаргасан хууль бус шийдвэр гэх үндэслэлийн талаар нэхэмжлэгч болох Д.П  нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б*** дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 0.05 га газар ашиглах хүсэлт болон төслийг Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хамгаалалтын Захиргааны саналыг авч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрөлтэй болсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах харилцааг зохицуулсан бөгөөд 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” хэмээн заасан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд нь газар ашиглуулах бөгөөд хамгаалалтын захиргааны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 тоот саналыг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн шийдвэр болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.6-г тус тус зөрчсөн гэх үндэслэлийн талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар онгон бүсийн дэглэмтэй газар гэдгийг судалгаа, шинжилгээний ажил явуулахаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар хэмээн тодорхойлон Д.П д ашиглуулахаар олгосон газар нь бичил эко, аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор олгосон газар тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн хөрс, ус, агаар бохирдуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж шийдвэр гаргасан гэх үндэслэлийн талаар дээрхи хуулийн зохицуулалтыг харвал сонголт хийж шийдвэр гаргах эрх нь төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуучлалын сайдад өөрт нь байгаа болох нь тодорхой харагдаж байна.

“Х” ХХК нь олон жил үйл ажиллагаа явуулсан учир тус газрыг ашиглах эрхийг манай компанид өгөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь олон жил үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь газар ашиглах эрхийг авах давуу байдлыг бий болгохгүй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг газар ашиглах хүсэлтийг хянан шалгаж, шийдвэрлэх явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хийдэг.

Түүнчлэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсэг нь “Х” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.П  тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан, гуравдагч этгээд “Х” ХХК-иас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийн “***” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус гаргасан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газартай давхардуулан “Х” ХХК-д 0.55 га газрыг ашиглах эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар хууль бус захиргааны акт болно” гэж, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...Д.П  Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглуулах тухай 147 тоот саналыг авч 2 хоногийн дотор газар ашиглуулах тухай тушаал гарсан нь сонгуулийн үеийг далимдуулан ашиг сонирхол улс төрийн зорилготой гаргасан хууль бус шийдвэр, ...иргэн Д.П д санал гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг үл биелүүлэн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.6-д заасныг тус тус зөрчсөн, ...мөн газар ашиглах гэрчилгээ олгохдоо дээрхи хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасан журмыг харгалзаагүй...” гэж тодорхойлон маргаж байна.

Иргэн Д.П д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Б*** дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 501.72 м.кв талбайг “Бичил эко, аялал жуулчлал” зорилгоор ашиглах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар гэрчилгээгээр, “Х” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Б*** дархан цаазат газар, Зайсангийн ам нэртэй газар орших 0.55 га талбайг “Аялал жуулчлалын” зориулалтаар ашиглуулахаар тус тус олгожээ.

Д.П гийн ашиглаж буй 2016 оны ***дугаар бүхий гэрчилгээгээр олгогдсон газар болон “Х” ХХК-ийн ашиглаж буй 2017 оны *** дугаар бүхий гэрчилгээгээр олгогдсон газруудыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2014 оны сансрын зурагтай давхцуулсан зурагнаас үзвэл Д.П , “Х” ХХК-ийн ашиглаж буй газрын давхцлын хэмжээ 418 м.кв байх ба талууд уг хэмжээний талаар маргаагүй болно.

Тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн нотлох баримтаас үзвэл “Х” ХХК 2015 оны 06 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт газраа нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Санал хүргүүлэх тухай” 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоот албан бичгийг хүргүүлсэн ба уг албан бичигт “Х” ХХК нь төслөө өргөжүүлэх зорилгоор ашиглаж буй газраа нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг газар дээр нь шалгаж, ...4276 м.кв газар ашигладаг, ...5562 м.кв болгон нэмэх, талбайн хэмжээ нь 1248 м.кв, өргөтгөн ашиглах талбай давхцалгүй” болохыг тус тус тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.П  нь Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах хүсэлтээ 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн, тус захиргаанаас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаар албан бичгээр санал авч байсан болох нь Б*** дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 203 дугаар “Х” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, өргөдлөөр тус тус нотлогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, 36 дугаар зүйлийн 36.2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заажээ.

 “Х” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасны дагуу Б*** тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоот албан бичгээр “дэмжсэн” саналыг хүргүүлсэн нь дээрхи хуульд заасан журмын дагуу явагдсан байх ба уг хүсэлт, саналыг үндэслэн тус компанид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Д.П гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлага тавигддаг.

Үүнээс үзвэл уг газрыг ашиглахаар түрүүлж өргөдөл гаргасан “Х” ХХК-ийн хүсэлт болон Хамгаалалтын захиргааны саналыг шийдвэрлээгүй байхдаа уг хугацаанаас хойш гаргасан иргэн Д.П гийн хүсэлтийг түрүүлж шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байх тул иргэн Д.П д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад уг захиргааны акт үндэслэлгүй гарсныг хүлээн зөвшөөрч, дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсныг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Д.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П гийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалын Д.П д холбогдох хэсгийн “Х” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 (зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн  114.1-д  заасны  дагуу  хэргийн  оролцогч,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН