Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0082

 

                                        П.З-ын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-Э нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0518  дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу П.З-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0518 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч П.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: “... Маргаж байгаа захиргааны актууд болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны а/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсэг болон 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг огт агуулаагүй буюу хэн ч харсан, ямар ч хууль эрх зүйн мэдлэггүй хүн харсан илт хууль зөрчсөн болохыг шууд  харж болохоор илэрхий алдаатай тохиолдолд түүнийг илт хууль бус захиргааны акт гэж үздэг бөгөөд маргаж байгаа захиргааны актууд нь хариуцагчийн зүгээс хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу гаргасан хүсэлтийг нь үндэслэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байхад түүнийг анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл маргаж байгаа захиргааны актууд нь дээр дурдсан хуулийн заалтуудад дурдсан ... ойлгомжгүй буюу алдаатай биш хэн ч харсан энгийн ойлгомжтой, мөн бодит байдалд хэний ч эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр биелүүлэх бүрэн боломжтой захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл нь шүүхийн шийдвэр болоод гуравдагч этгээдийн хуулийн дагуу гаргасан хүсэлт байх ба өөр бусад холбогдох хууль тогтоомжийг огт зөрчөөгүй байхад анхан шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэн, цаашлаад хуулийг ямар ч үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэжээ.Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ дээр дурдсан хуулийн заалтад яагаад хамаарч байгаа талаар огт дүгнэлт  хийгээгүй бөгөөд маргаж байгаа захиргааны актуудын аль шинжээрээ илт хууль бус захиргааны актад  хамаарч байгаа талаар огт дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс хийсэн ганцхан дүгнэлт нь “... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө маргаан бүхий газарт газар эзэмших эрх олж авсан, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн хуульд заасан холбогдох судалгаа хийж, тухайн газар дээрээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодруулж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэсэн байх ба гагцхүү энэ үндэслэлээр илт хууль бус захиргааны актад хамаарна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн ерөнхий нөхцөл байдлыг харвал нэг газрын талаар маргаж байгаа аль аль нь газар эзэмших талаар хуульд нийцээгүй хэдий ч хүсэлт, сонирхлоо илэрхийлж байгаа иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ анхнаасаа газар эзэмшүүлэх нь хууль бус бөгөөд газрыг нь эзэмшүүлэх нь зөв мэтээр шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргын эрх хэмжээ рүү халдсан гэж үзэх үндэслэлтэйн зэрэгцээ Засаг дарга газрын асуудлаар судлан хэнд хэрхэн эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Хариуцагчийн зүгээс ч газрын асуудлыг дахин судалж шийдвэрлэх боломжтой, энэ байр сууриа өмнөх шүүх хуралдаануудад илэрхийлж байсан болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээд Г.М-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Г.М-д тус дүүргийн 11 хороо, Нуурын 23-1-3 тоотод ахуйн зориулалтаар 134 м.кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулан олгосон, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 829 дүгээр шийдвэрийг үндэслэн, дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирамж болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.З нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, мөн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийг нь сунгаж шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 829 дүгээр шийдвэрээр энэ хэргийн гуравдагч этгээд Г.М-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн П.З-д газар эзэмшүүлсэн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “П.З-ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах, уг газрыг Г.М-д эзэмшүүлэх эрх олгосон захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч тухайн хэргийн гуравдагч этгээд П.З хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсний үндсэн дээр давж заалдах гомдол гаргасныг хэлэлцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 593 дугаар магадлалаар дээрх 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.  

Тэрээр уг хэргийг дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 300 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Г.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 403 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 312 дугаар тогтоолоор Г.М-ийн нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болсон нь хэвээр үлджээ.

Дээрх шүүхийн шийдвэрт “Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 179 дүгээр шийтгэх тогтоолоор Г.М-ийн нөхөр /талийгаач/ Г.Б-аас 400 000 төгрөг гаргуулж, Л.Б-т олгохоор шийдвэрлэсний дагуу маргаж буй газар дээрх сууцыг уг төлбөрт тооцон Л.Б-т шилжүүлсэн, 2000 онд Л.Б-аас П.З нь шилжүүлэн авснаас хойш тухайн газар болон орон сууцыг П.З эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй ... П.З  нь 2000 онд тухайн газрыг эзэмших гэрчилгээ авч, улмаар 2015 оны А/24 дүгээр захирамжаар газар эзэмших хугацаа сунгуулсны улмаас Г.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, ... Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар П.З-ын эзэмшил бүхий газартай Г.М-д давхцуулан эзэмшүүлсэн ...  Г.М-ийн газар эзэмших эрхийг хамгаалах боломжгүй ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн байна. 

Үүнээс үзвэл шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...” гэж заасныг зөрчиж П.Загдын 2000 оноос эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа хашааны дотор газартай нь давхцуулан, Г.М-д газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоосон  анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар П.З-ын 2000 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ болон уг газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2015 оны А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүхээс илт хууль бус болохыг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь тухайн 300 м.кв газрыг П.З-аас  өмнө бусад этгээд буюу Г.М нь хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан болохыг тогтоогоогүй, мөн үндэслэл болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 829 дүгээр шийдвэр /хожим хүчингүй болсон/-т Г.М-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа П.З-д газар эзэмшүүлсэн болон хугацааг сунгасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны шийдвэр болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн Г.М-ийн 134 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосон, П.З-ыг маргаж буй газар дээрх орон сууцыг хууль ёсоор өмчилж авсныг тогтоож, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн хүрээнээс хэтрүүлсэн, мөн Газрын тухай хуульд байхгүй заалт “31.1.3” гэсэн заалтыг үндэслэж шийдвэрлэснийг “утга агуулгын алдаатай”, “П.З-ын эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.   

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн  “... Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус шинжийг агуулаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, илт хууль бусийн аль шинжийг агуулж байгаа талаар тодорхой дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчийн эрх мэдэл рүү халдсан шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт техникийн алдаа гаргаж үндэслэх хэсэгт заагаагүй “47.1.7” гэснийг “47.1.6” гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0518 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... 47.1.7” гэснийг  “47.1.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.М-ийн өмгөөлөгч Т.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Г.М-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ