Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Г.Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1918007230544 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, эмэгтэй, халх, 29 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Г.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г.М- нь 2019 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 08 цагийн орчим Т.Т.М-гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас өөрийн*********795 тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж 2.050.000 төгрөг шилжүүлснийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  1918007230544 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мөнгө шилжиж ирснийг тухайн өдрийн 13 цагийн орчим мэдчихээд тухайн 2.050.000 төгрөгийг шилжүүлсэн хүнийг залгахыг хүлээсэн чинь надруу залгаагүй харин маргааш өдөр нь 9939-той дугаараас миний мөнгийг буцаагаад явуулаадах гээд заналхийлсэн мессэж ирсэн байсан. Тэр мессежийг уншаад эмзэглэсэн надаас яагаад уучлалт гуйгаад эвтэй харьцахгүй байсан юм бол гэж бодсон.Тэгээд би өөрийнхөө мобайл банкаар буцаагаад тэр хүний данс руу шилжүүлэх гээд мобайл банкаараа нэгж авах гэж байсан чинь миний дансыг хаачихсан байсан. Тэгээд би хаан банк руу залгаад миний дансыг хаасан байгаа талаар хэлсэн чинь таны данс руу гүйлгээ андуурсан мөнгө орж ирсэн болохоор алдаатай гүйлгээ хийсэн хүний хүсэлтээр дансыг чинь хаасан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн 18 цагийн үед миний данс нээгдэхээр нь би тухайн хүний данс руу 1.500.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Данс андуурч 2 050 000 төгрөг шилжүүлсэн хүн надаас огт уучлалт гуйгаагүй. Тийм болохоор би уучлалт гуйсных нь дараа үлдэгдэл 550 000 төгрөгийг шилжүүлэy өгөх гэж байсан юм. Би тухайн 550 000 төгрөгийг өөр дээрээ 7 хоног хадгалаад өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дуусгасан ” гэх мэдүүлэг /хх 70/,

 

            Хохирогч Т.Т.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр П- хамт ажилладаг найздаа өртэй байсан юм. Тэгээд зээлсэн мөнгө болох 2.050.000 төгрөгийг өөрийн найз П- данс болох*********60 дугаарын тоот данс руу шилжүүлэх гэж байгаад*******4795 тоот данс руу тоо андуурч шилжүүлсэн юм аа. Одоо манай нөхөр Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилладаг болохоор завгүй байгаа юм аа. Би үлдэгдэл хохирлын мөнгө болох 550 000 төгрөгийг Г.Г.М- гэх эмэгтэйгээс дансаар шилжүүлж авсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/,

Шүүгдэгч Г.Г.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспортын лавлагаа /хх 26-27/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 36-43/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/ оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх 52-53/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.М- нь 2019 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 08 цагийн орчим Т.Т.М-гийн эзэмшлийн Хаан банкны*********387 тоот данснаас өөрийн*********795 тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Г.Г.М- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг  бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Т.М-гийн “550 000 төгрөгийг Г.Г.М- гэх эмэгтэйгээс дансаар шилжүүлж авсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 17-18/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 10/ зэргээр хохирол төлөгдсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт эрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.М-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.М-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг есөн сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.М-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ