| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0469/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг ,
Прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Г.Г.А-,
Шүүгдэгч Б.Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 1918000000546 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булдозерийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамтаар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Тэс петролиум” ШТС-ийн ертөнцийн зүгээр урд талын асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай “Nissan Note” маркийн сувдан цагаан өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч Г.А- нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Г.А- нь мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.
Хохирогч Г.Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 11:20 цагийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зөвлөлийн комиссын хуралд оролцохоор би ажлаасаа журнаалаа аваад 13:00 цагийн хуралд оролцохоор гарсан юм. Би зам гарахаасаа өмнө зам халтиргаатай байгаа тул зам дээр машин байгааг сайн хараад, зүүн тийш явах машин өнгөрөөгөөд, харахад гэрлэн дохио дээр нэг машин зогсож байсан, ойр хавьд өөр машин байгаагүй, намайг зам гартал ойртож ирэх машин байхгүй байна гэж тооцоолоод, зам хөндлөн гарсан. Намайг авахаар нэг машин зогсож байхаар нь араар нь тойроод гарах гэтэл тас гээд л намайг мөргөсөн, намайг авахаар зогсож байсан машины жолооч бууж ирээд, шүүгдэгчийг зогсооч ээ хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд намайг та зүгээр яаж байна вэ гэхэд нь үзэхэд миний зүүн хөл бэртсэн байсан. Би газарт унасан даруйдаа хөдөлж чадахгүй болсон. Гэтэл нөгөө жолооч залуу таны гар чинь хугарсан байна. Удалгүй шүүгдэгч залуу гүйж ирээд намайг нөгөө залуугийн хамт өргөж машинд суулгасан. Намайг авах гэж байсан залуу таныг дагаад явах уу гэхэд нь би яах вэ гэж хэлээд цагдаа дуудахаар болсон. Хэрэв миний муу хөл хугарсан бол би дахиж босохгүй байсан. Би ер нь хөл муутай хиймэл хөл хийлгэх заалттай хүн бөгөөд Солонгос улсад очин хөлдөө эмчилгээ хийлгэсэн, ирэх жил хүнд хагалгаанд орох байсан юм. Ингээд намайг эмнэлэг дээр рентген зураг авахуулж, маргааш өдөр нь эмчид үзүүлэхэд Аарцгийн дэлбээ ясны дээд хэсэг хонхойгоод, хүрэн болсон байна, баруун гуя хөхөрсөн байна гээд энэ зурагт авагдсанаас дээш гэмтэл байж болохоор сэжиг бүхий байна гээд дахин зураг авахад аарцгийн дэлбээ яс нь цууралттай байна та Саран эмнэлэг дээр очиж үзүүлсэн дээр гэж хэлсний би Саран эмнэлэгт очиход компьютерт харуул, таны хөлд хугарал харагдаад байна гэж хэлсэн боловч надад мөнгө байгаагүй болохоор компьютерт харуулаагүй, хугарал цууралт ч байсан мөнгө зараад яах вэ, би өөрөө эмнэлгийн хүн учир дэглэм сахиад, бэртлээ эдгээчихье, энэ хүнд ч чирэгдэл учруулаад яах вэ гэж бодож байгаа. Энэ хүн үр хүүхэдтэй гэсэн, би өөрөө хэдэн настай хүн билээ дээ, гар хугарсан, хөл хугарснаас өөр гэмтэл надад учирсан бол хэцүү шүү дээ. Хэдэн хүүхдүүддээ дараа болохгүйн тулд эмнэлэгт 30 гаруй жил ажилласан туршлагаараа тархи нь хөдөлсөн хүүхэд барьж, цус харвасан хүнд иллэг хийж орлого олдог юм. Би хүний төлөө явж байгаа хүн шүү дээ. Тийм байтлаа энэ хүнийг буруутгаад байх хэцүү байна, би өөрөө Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй байж энэ хүний алдаанд дөрөөлөөд байж чадахгүй байна. Миний бэртэл хэсэг цаг хугацааны дараа эдгэрнэ, би залуу хүн биш, 60 нас хүрч байгаа, урьд нь хүнд гэмтэж байсан хүн байгаа юм. Миний даралт ихсээд, тархины доргилттой, унахдаа хүзүү гэмтсэн байж болохоор байсан учир эмч намайг зураг авахуул гэхэд нь би авахуулаагүй. Одоогийн байдлаар миний хүзүү хөшөөд гар бадайраад байгаа, цаашдаа зовуур гарах шинжтэй байна. Гар бол бороолчихно, эмнэлэгт үзүүлэхэд миний шээс их гараад байсан учир бөөрний шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Миний хувьд энэ хүнээс мөнгө аваад, шинжилгээ хийлгээд байх шаардлага байхгүй байна. Шүүгдэгчид заавал хуулийн хариуцлага хүлээлгэж, ял эдлүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Би гомдолтой гэж хэлэхгүй, цаг хугацааны хувьд би эдгэрнэ. Өөрийнхөө олдог орлогыг олдог болоход цаг хугацаа хэрэгтэй байна. Би дахин 15 хоногийн дараа нөхөн сэргээх эмчилгээнд орох тул цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах саналтай байгаа” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч******* нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Г.А- нь мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Б-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918000000546 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн өмчлөлийн буюу ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Тэс петролиум Шатахуун түгээх станцын урдуур явж байсан.Тэгсэн чинь нэгдүгээр эгнээнд улсын дугаарыг сайн санахгүй байна жижиг тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр тээврийн хэрэгслийг би зайнаас харчихаад хоёрдугаар эгнээгээр явж байсан чинь хар куртиктэй эмэгтэй хүн миний машины урдуур зам хөндлөн гарч байхаар нь би дотроо за энэ эмэгтэй амжиж миний урдуур гараад явчих байлгүй дээ гэж бодоод хурдаа хасалгүй чигээрээ явсан чинь тухайн эмэгтэйгийн баруун тал руу нь өөрийн жолооч талаараа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх 44/,
Хохирогч Г.Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...таксинд суух гээд нэг машин явах уу гэхээр нь тухайн машины урд талын суудалд суух гээд машины ар талаар нь тойроод яг хаалгыг нь онгойлгох гэж байхад ар талаас их хурдтай ирээд миний баруун гар тал руу мөргөөд би газар уначих шиг болсон” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг гийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих. Ерөнхий шаардлага МNS-598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг № 01-06,
2.Техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн стандартын шаардлага хангасан байсан, уг осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна,
3.Техникийн хувьд үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэхэд нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №01-06,
4.******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийн урд гупер зүүн гар талдаа халцарсан, хойд гупер баруун гар талдаа халцархай зэрэг нь осол гарахын өмнөх гэмтэл байна.Зураг №01, Автомашины урд талын гэрэл баруун гар талдаа гадна хагарсан нь ослын дараах эвдрэл гэмтэл байна. Зураг №03,
5.******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийн тормосны систем бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан, осол үйлдэхэд ажлын тормосны ажиллагаа хэвийн нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №02- 03-04-05. Зураг 02-03-05,
6.Ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй.
7.Осол үйлдэгдэх үед ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Мззап по*е маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна,
8.******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих. Ерөнхий шаардлага МNS 4598:2011 Улсын стандартын шаардлага 5.5 дах заалтад заагдсан техникийн бүрэн бүтэн байдал хангасан байсан байна. Осол үйлдэгдэхэд техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. /хх 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын сарын 22-ны өдрийн 991 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1.Г.Г.А-ийн биед баруун гарын шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн талын аарцгийн үе орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.Г.Г.А-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 34-35/,
Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад П.Мөнхбаатарын гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт:
1.Жолооч******* мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.Явган зорчигч Г.Г.А- нь МУ-ын ЗХД-н 5.6.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байна.
3.Зам тээврийн ослын үндсэн шалтгаан нь жолооч Б.Б- нь хурдыг тохируулж яваагүй, явган зорчигч Г.А- нь явган хүний гарц гармаар гараагүй ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарсан байна.
4.Шинжилгээний явцад өөр ямар нэгэн зүйл илрээгүй болно. /хх 39/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 9/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/,
Шүүгдэгч Б.Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн түүх /хх 49-52/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 57/, оршин суух хаягийн тодорхойлолт, арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 69-75/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч******* нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Г.А- нь мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Г.Г.А- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой 400 000 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтаа өгсөн ба уг хохирлыг шүүгдэгч Б.Б.Б- нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Г.Г.А- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.
Шүүх шүүгдэгч Б.Б.Б-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг өрх толгойлсон ганц бие эцэг тул 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-өд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг есөн сарын хугацаанд сар бүрийн 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-өөс 400 000 төгрөгийг гаргуулж Г.Г.А- -т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-өд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ