| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0422/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг ,
Прокурор Б.Батсүх,
Хохирогч Д.Д.Ц-,
Шүүгдэгч Э.Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-т холбогдох эрүүгийн 1918000000485 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ******* ” ХХК-д менежөр ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.С-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э.С- нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах”-ын хашаан дотор******* улсын дугаартай Ланд Круйзер 200 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу /“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”/ гэх заалтыг зөрчсөний улмаас нийтийн хэрэгцээний замаар явж байсан явган зорчигч Д.Д.Ц-г мөргөж эрүүл мэндэд зүүн хөлний 1, 2 дугаар хурууны угийн үений хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний анхаарал болгоомжгүйгээс уг гэмт хэрэг гарсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019.10.13-ны өдөр Дархан зах дээр явж байгаад араасаа машинаар мөргүүлж тэр даруйдаа эмнгэлэг орж гипс тавиулсан. Маргааш нь Саран эмнэлэгт очиж хөлний зургаа авахуулахад зүүн хөлний 1,2-р хуруу гэмтэлтэй байна гэж гарсан” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э.С- нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу /“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”/ гэх заалтыг зөрчсөний улмаас нийтийн эзэмшлийн замаар явж байсан явган зорчигч Д.Д.Ц-г мөргөж эрүүл мэндэд зүүн хөлний 1, 2, дугаар хурууны угийн үений хугарал, 3, 4-р хуруунуудын проксималь шивнүүр яснуудын суурийн хэсэгт сэлтэрсэн ташуу хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э.С-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918000000485 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүгдэгч Э.Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сум 7-р баг, Дархан захын барилгын материал, авто сэлбэг зардаг зах руу эхлээд машины зогсоол харж байтал нэг машин зогсоолоос гарч байхаар нь зөрөөд тухайн байранд нь орох гээд эргэх үедээ явган зорчигийн хөл дээгүүр нь гарсан. Хөл дээгүүр нь гарснаа мэдээд хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөөд хөлний зургийг нь авахуулж хөлийг нь гипсдүүлсэн” гэх мэдүүлэг /хх 50-51/,
Хохирогч Д.Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би тухайн үед гадаа хадаас зардаг хүмүүсийн урдаар машин явдаг замаар явж байсан. Тэгтэл араас явж байсан Ланд Крузер 200 маркийн машин миний зүүн хөлийн дээгүүр гараад явсан. Машин миний хөл дээгүүр гараад би газар унасан. Машины жолооч бууж ирээд хамт эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Ч.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-нд Дархан сум 7-р баг Дархан захын арын барилгын материал, авто сэлбэг зардаг хашааны гадна би машинтайгаа зогсож байсан. Манай эхнэр Д.Ц- машинаас буугаад зах руу орсон. Тэгээд 10 минут орчмын дараа 95770371 дугаараас манай эхнэр “тэнэг жолооч хөл дайрчихпаа гэж хэлсэн”. Тэгээд би яваад очиход манай эхнэр Д.Ц- газар суучихсан уйлж байсан. Тэгээд хөл дайрсан жолооч нь хаана байгаа юм гэхэд хажууд нь зогсож байсан. Машины жолооч өөрөө машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан. Би араас нь дагаад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-нд 15 цагийн үед манай 1 тоот контейнерийн урд явж байсан Ланд крузер-200 маркийн тээврий хэрэгсэлтэй хүн орилсон. Тэгээд би очоод харсан чинь тухайн машины баруун урд талын дугуй орчмоос нэг эгч босч ирээд ширээн дээр суусан. Очоод харсан чинь хөлийг нь дайрсан байсан” гэх мэдүүлэг /хх 25/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын сарын 16-ны өдрийн 865 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1.2.Д.Д.Ц-гийн биед зүүн хөлийн 1, 2-р хурууны угийн үений хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины дугуйнд дайруулах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Д.Д.Ц-гийн биед зодуулснаас үүссэн байх боломжтой гэмтэл үгүй байна /хх 28-29/,
Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт:
1.Осол болсон гэх газар Дархан сумын 7-р багт байрлах Дархан захын хашаан дотор болсон нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.2.18. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэсэн байх тул нийтийн хэрэгцээний замд хамааруулан ойлгоно.
2. Э.С- МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөочсөн байна.
3.Явган зорчигч Д.Д.Ц- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.
4.Ослын үндсэн шалтгаан жолооч Э.С- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг 12.3 дахь заалтыг зөочсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна.
5.Осол гаргасан Э.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох /В,С/ ангилалын үнэмлэхтэй байна. Үнэмлэх хүчинтэй байна. 2004 оны 06 дугаар сарын 17-нд жолооч болсон.
6.Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно. /хх 36/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын сарын 05-ны өдрийн 1025 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“А.Д.Д.Ц-гийн биед зүүн 2019.10.25-ны өдөр хийгдсэн “Саран-Элит” клиникийн эмнэлэг дүрс оношилгоо. Зүүн хөлийн тавхай ясны эгц байрлалын рентгенд: 2019.10.25-нд зүүн хөлийн 3, 4-р хуруунуудын проксималь шивнүүр яснуудын суурийн хэсэгт сэлтэрсэн ташуу хугарал гэмтэл тогтоогдож байна..
Б.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины дугуйнд дайруулах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
В.2019.10.16-ны өдрийн 865 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зүүн хөлийн 3, 4-р хуруунуудын проксималь шивнүүр яснуудын суурийн хэсэгт сэлтэрсэн ташуу хугарал гэмтэл тусгагдаагүй учир нь 2019.10.14-ний өдрийн рентген зурагт уг хугарал гүйцэт харагдахгүй байсан тул хугарлыг тусгаж бичээгүй.
Г.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. /хх 91-92/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/,
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх 8/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9/,
Хохирогч Д.Д.Ц-гийн яаралтай тусламжийн хуудас /хх 30/,
“Саран-Элит” клиникийн эмнэлэг дүрс оношилгооны тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн рентген оношилгоо, рентгэн зураг /хх 31-32/,
“ ******* ” ХХК-ийн тодорхойлолт /хх 54/,
Шүүгдэгч Э.Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55-56/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Э.С- нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу /“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”/ гэх заалтыг зөрчсөний улмаас нийтийн хэрэгцээний замаар явж байсан явган зорчигч Д.Д.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э.С-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Д.Д.Ц- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “ шүүгдэгчээс 1 000 000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э.С- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.
Шүүх шүүгдэгч Э.Э.С-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохрол төлбөрөө төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Э.Э.С-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №******* дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Э.Э.С-т буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.С-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн №******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №******* дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгч Э.Э.С-т буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.С-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ