Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ч.Б-,

Шүүгдэгч Ч.Ч.Б-,

Хэлмэрч С.С-,

Сонсголгүй дохионы хэлний орчуулагч П.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 1918008020542 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, сонсголын бэрхшээлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, хамтран амьдрагчийн хамт оршин суух, Ч.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Ч.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 58 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн нутагт байрлах “Олон улс” худалдааны төвийн Хаан банкны АТМ-д үйлчлүүлж байсан иргэн Л.Л.Н-гийн 600000 төгрөгийг шилжүүлж өгөөч гэсний дагуу хуурч мэхлэн өөрийн *********2808 дугаартай данс руу шилжүүлэн авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ч.Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  1918008020542 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ч.Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 58 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрладаг Олон Улсын худалдааны төвийн АТМ-нээс эхнэр Н.Н.Х-гийн хамт мөнгө авах гэж орсон юм. Тэгээд АТМ-д очерлоод байж байсан чинь бид хоёрын ард талд нэг эмэгтэй манай эхнэрт мөнгө шилжүүлээд өг гэж ойлгуулсан юм байна лээ. Тэгээд би тухайн эмэгтэйгээс 600000 төгрөгийг нь аваад шилжүүлэх ёстой данс руу нь шилжүүлэхгүйгээр буцаах товчийг дараад өөрийн дансандаа байршуулаад үйлчилгээний төвд байдаг Хаан банкны АТМ ороод 600000 төгрөгийг нь би өөрийн картнаасаа аваад тэр мөнгөөр би эхнэр Н.Х-тай хамт хувцас, хоол ундны хэрэгцээндээ буюу хувийн хэрэглээндээ зарцуулаад дуусгачихсан юм.” гэх мэдүүлэг /хх 28/,

 

            Хохирогч Л.Л.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эрэгтэй, эмэгтэй 2 хүнээс картандаа мөнгө хийгээд шилжүүлээд өгөөч гэхэд эмэгтэй нь миний мөнгийг аваад эрэгтэйдээ дохиод хэлтэл толгой дохиод картандаа миний мөнгийг хийхээр нь ээжийнхээ дансны дугаарыг цаасан дээр бичсэн байсныг өгтөл түүнийг хийгээд дэлгэц дээр нь эзэмшигчийнх нь нэртэй товчлол гарч ирэхээр нь гүйлгээний утга дээр нь “охин” гэж бичтэл нөгөө эрэгтэй нь картаа аваад гарсан” гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

            Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэргийн талаар дохио зангаагаар асуухад Н.Н.Х- бид 2 хүний мөнгө виза картандаа хийлгээд мөнгийг нь шилжүүлэхгүй үлдээгээд өөр газраас очоод буцааж авсан гэж хэлээд байгаа юм. Чи яаж байгаа юм бэ хүний юм залилаад гэхэд миний буруу боллоо гээд гэмшиж байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Н.Н.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нэг эгч бэлэн мөнгө барьчихсан картруугаа хийгээд өөр данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тэр хүн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг өгөөд жижиг цаасан дээр шилжүүлэх дансны дугаараа бичсэн байсан. Тус карт нь манай нөхөр Ч.Ч.Б-гийн данстай карт байсан юм. Мөнгийг цаасан дээр бичсэн байсан данс руу танихгүй эмэгтэй өөрөө шилжүүлсэн. Бид 2 тэндээс гараад өөр АТМ ороод данснаас мөнгийг манай нөхөр Ч.Ч.Б- авсан. Данснаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг авсан. Тус мөнгийг би халаасандаа хийсэн байсан боловч алга болсон байсан яасныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 5-6/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 08/,

Шүүгдэгч Ч.Ч.Б- нь хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 1476 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх 32/,

Шүүгдэгч Ч.Ч.Б-гийн дохионы хэлний түвшинг тодорхойлох тухай 19/38 дугаартай шинжилгээ /хх 45-47/,

Шүүгдэгч Ч.Ч.Б-гийн арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 52-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ч.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 58 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн нутагт байрлах “Олон улс” худалдааны төвийн Хаан банкны АТМ-д хохирогч Л.Л.Н- “өөрийн ээжийн данс руу 600000 төгрөгийг шилжүүлж өгөөч” гэсний дагуу шилжүүлж буй мэтээр ойлгуулан хуурч өөрийн Хаан банкны *********2808 дугаартай данс руу шилжүүлэн авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ч.Б- нь хохирогч Л.Л.Н-гийн  мөнгийг  шилжүүлж өгнө гэж хуурч авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн  шинжтэй байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Л.Л.Н-д учруулсан хохирол болох 600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан 300.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ч.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчийг хөгжлийн бэрхшээлтэй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Б-г бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ