Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч А.А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Б-д холбогдох эрүүгийн 1918000000563 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суудаг, урьд

-1993 оны 04 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

-1994 оны 07 сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 2-т зааснаар 8 сарын хорих ялаар,

-1998 оны 08 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар,

-2002 оны 05 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, А.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг Шинэ орчин төвийн 2 давхрын комиссын дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Д.Д.О-гийн куртикний халааснаас Huawei 6 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч А.А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогч Д.Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шинэ орчин төвд комиссын барааны дэлгүүрт бараа үзэж байгаад, гар утаснаасаас мөнгө шилжүүлсэн. Би Хурд хөгжил дэлгүүрт орж хүрэм үзээд, курткаа аваад, гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй болсон. Тус дэлгүүрт энэ хүнээс өөр хүн орж ирээгүй нь камерын бичлэгт бичигдсэн байсныг цагдаад өгсөн. Удалхгүй цагдаа шүүгдэгч А.А.Б-ийг олоод ирсэн байна лээ. Одоо би шүүгдэгчээс 300,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Эрүүгийн 1918000000563 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй 2 хүн бараа үзэж байсан. Эмэгтэй нь гадуурх куртикээ тайлаад бараан дээр тавьчихсан байсан. Тэгэхээр нь би тэр хавиар нь юм үзэж байгаад куртикных нь халаасанд байсан гар утсыг нь аваад тэр дэлгүүрээс гарсан. Тэр өдрөө шинэ Дарханы Мобикомын тэр хавьд танихгүй оюутан бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнд хулгайлж авсан гар утсаа 80 000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,

 

            Хохирогч Д.Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...комиссын барааны дэлгүүр орж би гадуур өмссөн байсан куртикээ тайлаад юм өмсөж үзэж байхад гаднаас нэг залуу орж ирснийг харсан, тэр дэлгүүрт эрэгтэй худалдагч, манай нөхөр бид 3 байсан. Сүүлд тэр залуу орж ирсэн. Тэгээд өмсөж үзсэн хувцсаа тайлаад буцаагаад куртикээ өмссөн чинь куртикны халаасанд байсан миний гар утас алга байсан. Тэгэхээр нь би тэр бараан дотор нь унагачихсан юм болов уу гэж бодоод тэр хавиар хайж байгаад худалдагчийн гар утаснаас залгаж үзтэл миний гар утас холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Намайг хувцас өмсөж үзэж байхад нэг эрэгтэй хүн орж ирээд ганц 2 юм үзэж байгаад буцаад хурдан гараад явсан. Тэр хүнээс өөр хүн тэр дэлгүүрт орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хх 10/,

 

            Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...комиссын барааны дэлгүүрт орж эхнэр Д.О- гадуур хувцсаа тайлаад хувцас өмсөж үзсэн. Тэр үед би тэр дэлгүүрт бараа сонирхож байгаад Д.О- өмсөж үзсэн хувцсаа тайлаад гадуур хувцсаа өмстөл халаасанд нь байсан гар утас нь байхгүй байсан. Тэгээд тэр дэлгүүрийн худалдагч залуугийн хамт бид 3 дэлгүүр дотор нь хэсэг хайж байгаад худалдагчийн гар утаснаас Д.О-гийн гар утас руу залгаж үзэхэд гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Гэрч Ц.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ногооны зооринд ногоо ялгагчийн ажил хийж байгаа. Өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг. А.Б- гэртээ очно гээд нэг гарсан байх. Өөр юу хийснийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 07/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оы 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 17-18/,

Шүүгдэгч А.А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 31-50/, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 51-53/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 55-64/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх 65/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг Шинэ орчин төвийн 2 давхрын комиссын дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Д.Д.О-гийн куртикний халааснаас Huawei 6 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А.Б- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.А.Б-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.А.Б- нь хохирлын 450.000 төгрөгөөс 150.000 төгрөг төлж үлдэгдэл 300.000 төгрөгийг Д.Д.О-д 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтээ илэрхийлсан ба хохирогч Д.Д.О- “нөхөн төлөхөөр илэрхийлсэн хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлсэн”,  шүүгдэгч А.А.Б-ийн “элэгний цирроз өвчтэй” гэсэн эрүүл мэндийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, элэгний хатуурал өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар алдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А.Б-ийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Б-өөс 300000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д.О-д олгосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А.Б-д 2020 оны 02 сарын 25-ны өдрийн дотор гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 300.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ