| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0474/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 04
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1918006940533 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны *****од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны *****од байх хашаан дотор иргэн Э.У-тай маргалдан улмаар зодолдож, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн талын 5, 6 дугаар хавирганы битүү хугарал, дух, баруун мөр, цээжний баруун хажуу хэсэг, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч нь манай аавын дүү бөгөөд архи уугаад агсам тавиад байхаар нь өшиглөж түлхсэн. Миний буруу. Оршуулгын зардалд 500000 төгрөг өгсөн.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны*****од хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6/,
-Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны *****од нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9/,
-Э.У-т 2019 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр яаралтай тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 10-11/,
-Шүүгдэгч Б.Б-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-15/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний дүү 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байна гээд Сэлэнгэ аймгаас ирсэн. Тэгсэн чинь нас барахаас нь өмнө манай ах*****гийн хүү *****тай маргалдаад биед нь гэмтэл учирсан гэсэн.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэх боломж байдаг бол шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,
-Гэрч Ш.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 сарын 29-ний өдөр14 цагийн үед ***** над руу өөрийнхөө дугаараас залгаад “...найз нь хүнд зодуулчихлаа, чи түргэн, цагдаа дуудаад өгөөч. Намайг***** ахын хүүхдүүд нь зодчихлоо.” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/,
-Гэрч Ш.О-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын 02-ны өглөө 7 цагийн орчим***** дугаарын утсанд ирсэн “хүнд зодуулсан хүн амь тэмцээд байна.” гэх дуудлагын дагуу Дархан сумын 1 дүгээр баг Партизаны*****од очиж хүн үзсэн. Намайг гэрт очиход орон дээрээ дээшээ хараад хэвтсэн, нас барсан байдалтай байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй. Нас бараад удсан, хөшсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,
-Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү ***** дүү *****ыг барьж аваад унагаагаад байсан. Сайн хараагүй. Би боль гээд салгасан. ***** бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Цагдаа дуудсан. Хацар дээр нь шалбарсан байсан. Өөр зүйл байгаагүй, эмч үзээд зүгээр байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ах *****тай барьцалдаж аваад гартаа мод барих гээд дайраад байхаар нь ***** цамцны энгэр орчмоос нь барьж аваад газар хоёулаа унаад *****ы хөлнөөс нь хазаад байсан. Тэр үед ***** хазаад байна гээд хөлөө тийчигнээд байсан. Тэгэхээр нь манай хүү ***** очиж ***** ахыг татаж салгасан. Өөр бусдаар ямар нэг зодоон болоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/,
-Гэрч С.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ хадам ээж 80 гарсан хөгшний хамт байж байсан. 11 цагийн орчимд гаднаас манай нөхөр*****, төрсөн дүү нь болох *****, түүний найз ***** нар 2 шил архи аваад ирсэн. Тэгээд тэр гурав авч ирсэн 2 шил архиа хувааж уучихаад дахиж дэлгүүр рүү яваад 1 шил авч ирсэн. Тэгээд сүүлийнхээ шилтэй архиа ууж байхад нь манай төрсөн охин***** гаднаас орж ирээд “та нар дандаа архи уух юм болиоч, архи уучихаад дараа нь дандаа хэрүүл зодоон болдог” гэхэд ***** манай охин*****д хандан “битгий хуц, солиороод бай” гэж хэлээд тэр хоёр хэрэлдэж байгаад ***** манай охин руу шээстэй хувин шидээд цохиж авсан. Харин тэр үед нь манай хүү ***** *****ыг газар унагаагаад нүүр рүү нь цохисон юм. Тэгээд тэр үед ***** би үхлээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тэр үед тургэн тусламжийн эмчээс ***** надад нэг зүрхний эм өгчихөөч гэхэд нь эмч “архи уучихаад юу гэж зүрхний эм уудаг юм, болохгүй шүү” гэж хэлээд тэгээд *****ыг үзээд нээх онц юм ярилгүй яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31/,
-Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унтаж байтал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн орчим манай гэрийн гадна машин сигнаалдаад байхаар нь гарахад ***** ахын машин байсан. Тэгэхээр нь хойд хаалгыг нь онгойлгоход ***** найз маань ***** ахтайгаа арын суудал дээр суучихсан, ***** ахын хүүхэд машиныг нь жолоодсон байсан. ***** найз маань намайг хараад “энэ пиздануудад хэмхэртлээ нүдүүллээ, миний хавирга хугарсан байх шиг байна.” гээд баруун гараараа зүүн цээж хэсэгтээ дараад орилоод байхаар нь “за за чимээгүй бай” гэж хэлээд би *****ыг дагуулаад гэртээ орсон.
...бид нар юм ярьж сууж байгаад 07 цаг болоод ***** манай эхнэртэй хамт дэлгүүр ороод 0.75 литрийн архи, ундаа, тамхи авч ирээд ***** “би архи уухгүй бие өвдөөд байна, 2-3 өдөр архи уулаа, хавирга хугарсан юм шиг байна.” гээд байсан. ***** огт архи уугаагүй манай гэрт өдөржингөө л бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. Тараг уумаар байна гээд манай эхнэр тараг авч ирж өгөхөд идэх гээд идэж чадахгүй байсан. Бор цай, ус уугаад түүгээрээ бөөлжөөд байсан хоол ч идээгүй. Миний орон дээр унтаж, хэвтээд байсан тэгж байгаад өчигдөр орой болоод бид нар унтаад өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бас манай гэрт өнжсөн босож чадахгүй байна гээд хэвтээд байсан. Би бас архи уусан талийгаач бол архи уугаагүй. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим манай эхнэр ***** намайг сэрээгээд***** нэг сонин болсон байна гэхээр нь би *****ыг очиж харахад орон дээрээ нас барчихсан юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37/,
-Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...***** орж ирэхдээ толгойн ард талд нь том хэмжээний булдруу үүссэн, зүүн талын хавирганы хавьцаа хөхөрсөн гээд надад үзүүлж байсан.Тэгээд манай гэрт орж ирчихээд “ёо ёо” гээд хэвтээд байсан.Тэгээд орж ирснээсээ хойш “цээж бачуураад байна, хүйтэн зүйл уумаар байна” гээд байсан.Тэгээд хөл гар нь хөх эрээн болчихсон байсан.
...манай ах хүүхдүүдтэйгээ нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Яг хэн хэн хаашаа нь цохисон талаар надад тодорхой байдлаар хэлээгүй. Охин нь хүртэл намайг зоддог байна шүү дээ гэж хэлсэн. *****ын яриаг сонссоноор хоорондоо архи дарс уугаад муудалцаад зодолдсон юм шиг байна лээ. Тэгээд манай гэрт өчигдөр өдөржингөө ёолж хэвтэж өнгөрөөсөн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талийгаач бас өдөржингөө орондоо хэвтээд орноосоо босоогүй, тухайн үед ямар нэгэн онц зүйл болоогүй. Өнөө өглөө буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед талийгаач бие өвдөөд байна гээд ойр ойрхон давтамжтай хэлээд байсан.
...нөхөртэйгөө хамт эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж 07 цагийн орчим ирж талийгаач *****ыг үзчихээд “найдваргүй болсон байна, битгий хөдөлгөөрэй, би цагдаад хэлчихнэ.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 43-44/,
-Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...духанд үүссэн гэмтэл нь унах үед газрын хатуу, зөөлөн гэдгээс үл хамааран үүсэх боломжтой. Харин баруун мөр, цээжний баруун хэсэг, зүүн сарвуу, шилбэнд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь бол унах үед үүсэх боломжгүй. Тус гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин зүүн талын 5,6 дугаар хавирганд үүссэн битүү хугарал нь нэг удаа өшиглөснөөс болж үүсэх бүрэн боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 45/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 47/,
-“Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрхний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугарал, дух, баруун мөр, цээжний баруун хажуу хэсэг, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, зүрхний томрол, элэгний өөхөн хувирал, архаг үрэвсэл, цөс зогсонгишил, ходоодны архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчинтэй байснаас зүрхний булчингийн эмгэгшил, зүрх томролт өвчин нь үхэлд хүрэхэд нөлөөлжээ. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрхний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсныг харуулна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48-50/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 55-57/,
-“Шинжилгээнд авсан “Э.У- эр/54” гэж хаягласан цусанд 1.6 промилли, ходоодны агууламжинд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 53-54/,
-“Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд ханзралт, цагаан судалтай хөх өнгийн цамцанд тасралт, дотоожинд урагдалт гарсан байна. Ханзралт, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр, тасралт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Тасралтын зах ирмэг олон хурц өнцөг гаргасан, ханзралт, урагдалтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Тасралт, ханзралт, урагдалт хэзээ гарсан цаг хугацааг тогтоох шинжилгээний арга, аргачлал байхгүй тул хариулт өгөх боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4813 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 62-65/,
-“Хохирогчийн төрсөн ах, эгч, дүүс бид Б.Б-д холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хэргийн 83/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Амь хохирогч Э.У-т шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугарал, дух, баруун мөр, цээжний баруун хажуу хэсэг, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа /хэргийн 48-50/ боловч эдгээр гэмтэл нь түүний үхэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй байна.
Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрхний дутагдлаар нас барсан бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Б-ы үйлдэлтэй ямар нэгэн байдлаар шалтгаант холбоогүй байна.
Харин амь хохирогч Э.У-ын биед учирсан “зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугарал, дух, баруун мөр, цээжний баруун хажуу хэсэг, зүүн сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтлийг шүүгдэгч Б.Б- учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярхүүгээс мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэх боломж байдаг бол шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/, “хохирогчийн төрсөн ах, эгч, дүүс бид Б.Б-д холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хэргийн 83/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын 800000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Б-д анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ