Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00880

 

Ч.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дүгээр шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Д

          Хариуцагч: Х.Цад холбогдох

       2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн газар болон 2 өрөө орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Д.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-06-23-ны үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон. Учир нь худалдах-худалдан авах гэрээг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ ба миний хүсэл зоригийг хүндэтгэхгүй намайг гомдоосон үйлдэл хийжээ. Бэлэглэлийн гэрээнд миний өмчлөлийн газрыг тусгалгүйгээр 650 м.кв хэмжээтэй орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлж байна гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Надад байхгүй үл хөдлөх эд хөрөнгө бичиж дүр үзүүлсэн хэлцэл хийчхээд миний 650 м.кв газрыг Х.Ц гэх хүн 000209964 дугаартай газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч хууль бусаар өмчилж авсан байна. Бэлэглэлийн гэрээгээр халхавчлан миний өмчлөлийн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч намайг гомдоосон ноцтой үйлдэл хийснийг 2017-01-26-ны өдөр шүүхэд дуудагдан гэрчийн мэдүүлэг өгөхдөө олж мэдлээ. Бодит байдалд Тэгштаван өргөө ХХК-ийн захирал Б.Мөнхдалай анх надад хүсэлт гаргаж би Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2-р гудамжны 31 тоотод байрлах 650 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрыг Тэгштаван өргөө ХХК-ийн захирал Б.Мөнхдалайд Тэгштаван өргөө ХХК-ийн орон сууцнаас 55 м.кв 2 өрөө орон сууцаар худалдсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Дээрх хашаанд байсан 2 өрөө хувийн орон сууцны төлбөрт Б.Мөнхдалай надад 2 сая төгрөг өгөөд нураалгаж одоо орон сууц барьж байна. Байр ашиглалтанд ортол Б.Мөнхдалай надад Буянт багт Баянмөнхийн хашаанд гэр түрээсэлж өгсөн. Тухайн үедээ би Х.Ц гэх хүнд дээрх Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2-р гудамжны 31 тоотод байрлах 650 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээ хийсэн нь Тэгштаван өргөө ХХК-ийн нэр дээр зээл гарахгүй, харин Б.Цогбадрахын нэр дээр бизнесийн зээл гаргах боломжтой гэж дүр үзүүлж бэлэглэлийн гэрээ хийж байна гэдгийг надад тайлбарлан хэлж байсан. Б.Цогбадрах нь тухайн үедээ Тэгштаван өргөө ХХК-ийн захирал Б.Мөнхдалайтай найз нөхдийн холбоотой гэхээр нь итгэлцлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийж байгаа юм байна гэж ойлгосон. Б.Цогбадрах надад 2 өрөө байр өгөөгүй, би энэ хүнийг урьд нь танихгүй бөгөөд бэлэглэлийн гэрээ байгуулахад анх харсан. Бэлэглэлийн гэрээ хийснээс хойш надтай уулзаагүй. Би Цогбадрах гэх хүнд үл хөдлөх эд хөрөнгө болон газраа бэлэглэх ямарч шалтгаан байхгүй. Одоо Тэгштаван өргөө ХХК-ийн орон сууцнаас 55 м.кв 2 өрөөг орон сууцаар худалдан авсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Гэтэл миний байрны улсын бүртгэлийн гэрчилгээ одоог хүртэл гарахгүй байна. Мөн Х.Ц нь миний газрын үнэ төлбөргүй авсан нэрээр миний газар дээр баригдаж буй орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хохироохуйц гомдоосон хууль бус үйлдэл гаргасан байна. Би өнөөдөр энэ бэлэглэлийн гэрээнээс болж орох оронгүй амьдралын баталгаагүй болж хохирох хэмжээнд хүрч байна. Иймд Х.Ц нь намайг гомдоосон, миний эрх ашгийг ноцтойгоор хохироосон үйлдэл хийсэн, бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ учраас 2015-06-23-ны үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан, хууль бус хэлцэл гэж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхдалай бид хоёр Тэгштаван өргөө ХХК-ийн 50, 50 хувийг эзэмшдэг. Б.Мөнхдалайг компанийн захирал болно гэхэд би зөвшөөрсөн. Тэгштаван өргөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Б.Мөнхдалай, бид хоёр тэнцүү хувь эзэмшдэгээр бүртгэгдсэн байгаа. Манай компани Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Рагчаадорж гэдэг хүнээс газар авч, орон сууцны барилга барихаар болсон. Ингээд Рагчаадоржоос авсан газар дээр барилгын сууриа ухаж эхэлтэл хөрш болох Ч.Дгийн газар луу барилгын өнцөг 1 метр орчим орсон. Иймд Ч.Дгийн хашааны газрыг авахаар Б.Мөнхдалай бид 2 Доржсүрэнтэй уулзсан. Ч.Д нь бидэнд хашааны газраа өгөхийг зөвшөөрч, оронд нь 2 өрөө 55 м.кв байрыг 3 давхарт авахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдах-худалдан авах гэрээ хийе гэхэд Ч.Д нь надад татварт төлөх мөнгө байхгүй ээ гэсэн. Ингээд бид ярилцаад бэлэглэлийн гэрээ хийхээр тохиролцож, бэлэглэлийн гэрээ хийсэн. Тухайн үед Б.Мөнхдалай нь би компаний захирал учир чи өөрийн нэр дээр шилжүүлж ав гээд миний нэр дээр гэрээ хийгдсэн. Б.Мөнхдалай бидний хамт хөрөнгө оруулалт хийж барьсан барилгаас Ч.Дожсүрэнд тохиролцсон ёсоороо 55 м.кв талбайтай 2 өрөө байр өгсөн. Ч.Д одоо тэр байрандаа амьдарч байгаа. Орон сууцны барилгыг барихад миний бие ихэнхи хөрөнгө оруулалтыг хийсэн боловч одоо хүртэл байр зарсан орлогоос оруулсан хөрөнгө оруулалт болон ашгаа авч чадаагүй байгаа. Б.Мөнхдалай бидний хооронд барилгын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан байгаа. Одоо Б.Мөнхдалай нь Тэгштаван өргөө ХХК-ийн нэрээр Ховд, аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2-р гудамжны 31 тоотод байрлах Ч.Дгээс авсан газар дээр орон сууцны барилга ганцаараа барьж, ашиглалтад оруулж байгаа. Харин Ч.Дд өгсөн орон сууцны ордер яагаад одоо хүртэл өгөөгүй байгааг би мэдэхгүй байна. Учир нь Тэгштаван өргөө ХХК-ийн захирлын хувьд өдөр тутмын үйл ажиллагааг нь Б.Мөнхдалай удирдаж, санхүүгийн 1-р гарын үсэг зурж байгаа. Тэгштаван өргөө ХХК-ийн анхны барьсан барилгаас нэхэмжлэгч Ч.Дгийн газар луу 1 метр орчим нь байрлаж байгаа, харин одоо тус компанийн захирал Б.Мөнхдалай нь ганцаараа /миний оролцоогүйгээр/ Ч.Дгийн газар дээр барилга барьсан, газар худалдах-худалдан авах гэрээ хийх үед өөрөө бэлэглэлийн гэрээ хийх саналыг тавьсан, мөн Ч.Д нь газрын төлбөртөө тохиролцсоноор 2 өрөө 55 м.кв байраа авч, одоо амьдарч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.2, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан Ч.Дгийн Ховд аймгийн Жаргалант сумын, Цамбагарав багийн 2 дугаар гудамжны 31 тоотод байрлах  650 кв метр гэр бүлийн хэрэгцээний газрыг 2015-06- 23-ны өдөр Х.Цад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 02 дугаар гудамжны 31 тоотод орших, 40,4 метр квадрат талбай бүхий хоёр /2/ өрөө орон сууц бэлэглэсэн 2015-06-23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2-т заасныг баримтлан  сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид Х.Цын төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Х.Цаас 140.400 төгрөг гаргуулан Ч.Дд олгож шийдвэрлэсэн байна.

       Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Ч.Дгийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхой гаргасан бөгөөд  шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангаж улсын бүртгэлийн гэрчилгээний дугааруудыг нэхэмжлэлдээ тодорхой бичсэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг тодорхой гаргасан. “Тэгштаван өргөө” ХХК-ийн захирал, Б.Мөнхдалай “...Газраа шилжүүлээд гэрээ байгуулах гэсэн боловч Ч.Д  татвараа төлж чадахгүй байсан учраас халхавчилж гэрээ байгуулсан. Тухайн үед компани биш хувь хүн болох Х.Цын нэр дээр гэрээ байгуулсан учраас ордер гаргаж өгөх боломжгүй. “Тэгштаван өргөө” ХХК-ийн барилга нэхэмжлэгч Ч.Дгийн газар дээр баригдсан...” гэх мэдүүлэг зэргээс харахад Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа “Тэгштаван өргөө” ХХК-нд худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг шилжүүлсэн, татвараас зайлсхийхийн тулд урьд нь үл таних Х.Ц гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гэтэл Х.Ц нь Ч.Дгийн шилжүүлсэн 650 м.кв газарт баригдсан барилгыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч хариу төлбөрт орон сууц аваагүй талаар нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байхад давж заалдах шатны шүүх нь заавал хууль тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нь тодруул гэж шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Мөн хавтаст хэрэгт ИХШХШТХ-н 44.2-р захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжны 31 тоотод байрлах 000113689 тоот гэрчилгээний дугаартай, Г-1617002929 дугаартай улсын бүртгэлийн дугаартай 650 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104900 дугаарын гэрчилгээ, Ү-1617001666 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан. Мөн хуулийн 40.2-т зааснаар нотлох баримт нь үнэн зөв хэрэгт ач холбогдолтой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгааг давж заалдах шатны шүүх нь нэмэгдүүлсэн шаардлага нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Ч.Дд холбогдуулан бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцуулж, түүнийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нотариатын тухай хуулийн 23.4-д үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт, нотариатын үйлдлээр хэлцлийг баталдаг бөгөөд шүүх бэлэглэлийн гэрээг баталгаажуулах хуулийн заалт байхгүй. Гэтэл Ч.Дгийн түр оршин сууж буй “Тэгштаван өргөө” ХХК-ийн өмчлөлийн 16 айлын орон сууцны 12 тоотыг иргэн Х.Ц нь Ч.Дд бэлэглэж бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцуулах эрх байхгүй. Дээрх орон сууц нь “Тэгштаван өргөө” ХХК-ийн өмч болох Ч.Д нь үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагааг улсын бүртгэлийн хэлтсээс авсан. Мөн гэрч “Тэгштаван өргөө” ХХК-ийн захирал Б.Мөнхдалайгийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Иргэний хуулийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Ч.Цогбадрах биш бөгөөд, “Тэгштаван өргөө” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарсангүй. Мөн “...түүнийг хүчингүй болгуулах...” сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 65.1.11-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байхад шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасны дагуу талууд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцсан. Мөн хуулийн 105.2-р хэргийн оролцогчоос гаргасан гэрч асуулгах, 38.6-д заасан ажиллагааг хийх, хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцуулах зэрэг эрхээр хангаж шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нотлох баримттай танилцаж хэргийн материал танилцсан тэмдэглэлд гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ талаар зохигчид гомдол гаргаагүй. Хэргийн материалтай болон нотлох баримттай талууд танилцсан байтал дахин танилцуулах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан, хэргийг сэргээсэн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн  нь  оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Дээрх үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм. Эдгээр  зөрчлүүд нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш, дахин засагдах, өөрчлөгдөх боломжгүй байхад  буцаасанд гомдолтой байна. Мөн магадлалд “...Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Улсын Дээд шүүхийн тогтоолыг тайлбарлан хэрэглэсэн...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 3-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хуульд түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар шууд зохицуулагдсан нийгмийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Үндсэн хуулийг, Үндсэн хуулиар шууд зохицуулаагүй харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд нийцсэн албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу хууль хүчин төгөлдөр болох тухай уг хуульд заасан өдрөөс, уг хуульд тусгайлан заагаагүй бол зөвхөн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоног өнгөрснөөр хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэхийг ойлгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 50.3-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах...” гэжээ. Шийдвэр нь Иргэний хуулийн 279.3-т зааснаар бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно, Иргэний хуулийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжны 31 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон 650 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээний дагуу хариу төлбөрт “Тэгштаван өргөө” ХХК-ийн барьсан 2 өрөө орон сууц авахаар харилцан хэлцэл хийхдээ татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн 2010-06- 22-ны 17 дугаартай тогтоолын 5.3-т заасан тайлбарыг бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Мөн магадлалд хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байдлаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

    Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд тайлбарлахдаа “Х.Цад гэр бүлийн хэрэгцээний газраа шилжүүлэхдээ Тэгштаван өргөө ХХК-ийн барьсан барилгаас 2 өрөө байр авахаар харилцан тохиролцсон. Одоо тус компанийн 2 өрөө байранд амьдарч байгаа. Харин ордер гаргаж өгөхгүй байгаа тул намайг гомдоосон үйлдэл гаргасан” гэж тайлбарладаг. Тэгштаван өргөө ХХК-ийн захирал Б.Мөнхдалай нь гэрчээр “Ч.Дгийн газрыг комипаний нэр дээр биш хувь хүний нэр дээр шилжүүлсэн. Ийм учраас компаний нэр дээр газраа шилжүүлээд ордероо ав гэдэг шаардлагыг Ч.Дд тавьж байгаа” гэдгийг мэдүүлсэн. Хариуцагч Х.Ц нь Тэгштаван өргөө ХХК-ийн 50 хувийн эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газрын лавлагаа, Тэгштаван өргөө ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Б.Мөнхдалай, хариуцагч Х.Ц нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагч Х.Ц нь Тэгштаван өргөө ХХК-ийн 50 хувийн эзэмшигч боловч удирдах эрхийг гэрчээр асуугдсан Б.Мөнхдалай хэрэгжүүлж байгаагийн хувьд нэхэмжлэгч Ч.Дгийн амьдарч буй 2 өрөө байрны ордерыг өгөхгүй байгаа үйлдэл нь хариуцагч Х.Цаас шалтгаалахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Цын эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл нь Тэгштаван өргөө ХХК-ийн захирал Б.Мөнхдалайгийн үйлдлээс шалтгаалж байгаа болох нь харагддаг. Ч.Д, Х.Ц нарын хооронд хэлцэл хийхэд нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Х.Ц, гэрч Б.Мөнхдалай нарын харилцан тохиролцсон үйлдлээр хийгдсэн болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ч.Д, Х.Ц нарын хооронд гэрээ хийгдэх үед хөндлөнгийн нөлөөлөлгүй, өөрсдөө сайн дурын үндсэн дээр,  Ч.Д “татвар төлөх мөнгө байхгүй” гэсэн хүсэлтийг өөрөө илэрхийлж бэлэглэлийн гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Талуудын хооронд “бэлэглэлийн гэрээ” хийгдэх болсон нөхцөл байдлын талаар маргааны талууд харилцан эсрэг сонирхолгүй, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь “бэлэглэгчийг гомдоосон үйлдэл” эсхүл “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэсэн шаардлагуудын алиныг нь үндэслэж байгаа эсэхээс шалтгаалан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангана. “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “650 м.кв орон сууц эсвэл гэр бүлийн хэрэгцээний газар эсэх нь тодорхойгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй. Хэрэгт нотлох баримтаар “2015-06- 23-ны өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 гудамж 31 тоотод байрлах Г-1617002929 улсын бүртгэлийн дугаар бүхий 650 кв.м орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ авагдаж, анхан шатны шүүх үнэлж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь 650 кв.м “газар” бэлэглэсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Ч.Д нь дээрх бэлэглэлийн гэрээг баталсан нотариатчийн үйлдэлтэй маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар нь бусад нотлох баримт буюу бичгийн нотлох баримт болох “Бэлэглэлийн гэрээ”-нээс агуулгын хувьд эрс зөрөөтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүх “нэхэмжлэлийн шаардлага”-ыг тодруулж хэргийг шийдвэрлэх нь “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх” хуулийн шаардлагад нийцэх юм. Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 14.1 дэх хэсэгт “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 14-д “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх”-ийг тунхагласан. Иргэний хуулийн 106.3 дахь хэсэгт “өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” эрхийг хуульчилсан. Мөн хуулийн 42.5-д “шүүх хэлцлийг хийсэнд тооцох” эрхийг хуульчилж өгсөн бөгөөд хэлцлийн талаар талууд маргавал шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, хэлцэл хийсэнд тооцох эрхтэй. Иймд нэхэмжлэгч талын “шүүх бэлэглэлийн гэрээг баталгаажуулах хуулийн заалт байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхэд хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэгт цугларсан тодорхой нотлох баримтуудыг үнэлүүлэхээр шинжлэн судлуулсан байтал шүүх нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг огт үнэлээгүй болох нь шийдвэрээс харагдана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Ч.Доружсүрэнгийн одоо амьдарч буй “Тэгштаван өргөө ХХК-ийн 15 тоот 2 өрөө байрыг “Бэлэглэлийн гэрээгээр” Ч.Дд шилжүүлсэн тооцуулах” гэсэн шаардлага юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэмж шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлүүлнэ гэдгээ тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр ИХШХШТХ-ийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь” мөн хуулийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, ... “шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх журам”-ыг зөрчиж сөрөг нэхэмжлэл гаргагчийн шүүхэд үнэлүүлэхээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй нь хууль зөрчсөн байна. Хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсны дараа дахин шинээр нотлох баримт ирвэл дээрх эрхийн дагуу танилцах эрхтэй. Зохигчдын нэг тал нь нөгөө талынхаа хуулинд заасан эрхийг эдлүүлэхгүй байхаар маргах эрхгүй юм. Хэргийн материалтай танилцах нь ИХШХШТХ-ийн 38.1 дэх хэсэгт заасан “зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэх нотлох баримтаа гаргаж өгөх” үүргийг биелүүлэх үндэслэл болно. Мөн хуулийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар “оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 4-д “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрх” нь зөвхөн Монгол Улсын Дээд шүүхэд байхаар хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар нь Иргэний хуулийн зохих зүйл, заалтын утга агуулга, хэллэг, нэр томъёо, заалт, зарчмыг тодруулан тогтоох, ойлгомжтойгоор тодорхойлох, түүнийг зөв хэрэглэх явдлыг “бусдад тайлбарласан” үйл явц юм. Иргэний хуульд “Иргэний эрх зүйн харилцаанд Үндсэн хууль, Иргэний хууль, хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг, төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ, иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг нийцүүлэн зохицуулах”-аар хуульчилсан. Шийдвэр нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам” зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс энэхүү алдааг засаж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд ...дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:       

     Ч.Д 2017-07-05-ны өдөр Х.Цад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, газар болон орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг шаардаж, үндэслэлээ “...Тэгштаван өргөө ХХК-ийн захирал хүсэлт гаргасан тул 31 тоотод байрлах 650 кв.м өөрийн өмчлөлийн газраа уг компаний 55 кв.м 2 өрөө орон сууцаар тооцож авсан ...тухайн үед газрыг Х.Цын нэр дээр шилжүүлж бэлэглэлийн гэрээ хийсэн ...ч энэ хүнээс байр аваагүй...гэтэл хариуцагч миний өмчлөлд байсан газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж намайг гомдоосон ... иймд гэрээг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарлажээ. /хх 1, 132/  

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Тэгштаван өргөө ХХК-ийн хувьцааг Б.Мөнхдалайгийн хамт ижил хэмжээгээр эзэмшдэг... Ч.Дд 2 өрөө орон сууц өгөхөөр тохирч бэлэглэлийн гэрээгээр газрыг нь шилжүүлэн авсан...тохирсон ёсоор 2 өрөө байр өгсөн.. Б.Мөнхдалай бид нар барилгын хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай байгаа нь үнэн...” гэж мэтгэлцэн 55 кв.м 12 тоот 2 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцуулах, гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 52, 89, 156/ 

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзахдаа “...газрыг Тэгштаван өргөө ХХК-д худалдаж хариуцагчтай бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн ... хариуцагчийг танихгүй тул түүнд хөрөнгө бэлэглэх шалтгаан байхгүй...” гэжээ.  /хх 131/

       Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна... хариу төлбөрт авсан орон сууцаа нэхэмжлэгч өмчлөлдөө   шилжүүлж аваагүй... сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, бүрдүүлбэр хангаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн байв.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй...сөрөг нэхэмжлэлийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу...шүүх хуралдаан дээр баримт гаргаж өгсөн байхад талуудад танилцуулаагүй ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн...” гэх үндэслэл заажээ.   

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

       1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй  байна.

       Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

       Х.Цын сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаагаас гадна  Ч.Дгийн гаргасан  нэхэмжлэлтэй тооцогдохоор байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-г зөрчжээ.

       Түүнчлэн, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хувийг нэхэмжлэгчид гардуулан өгч хариу тайлбар авсан атлаа “сөрөг нэхэмжлэл бүрдүүлбэр хангаагүй...” гэж үзсэн нь, мөн “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” нь тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д нийцээгүй байна.

       2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бэлэглэлийн гэрээг “... өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн...” хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа уг гэрээнээс “...татгалзаж болно...” гэх хүчин төгөлдөр гэрээнд хамааралтай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56, 280 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан  хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. 

       3. Шүүх Ч.Дгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж үзнэ.

       Ч.Д шаардлагадаа “...газар, орон сууцыг “Тэгштаван өргөө” ХХК-д өгсөн...боловч эд хөрөнгө өмчлөх эрхийг Х.Цын нэр дээр гаргасан...” гэснээс үзвэл нэхэмжлэлийг “Тэгштаван өргөө” ХХК буюу Х.Ц, Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасан гэж ойлгохоор байна.

       Х.Ц, Б.Мөнхдалай нар үүссэн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан эсэх, Ч.Дорсүрэнгийн шаардлага нь Х.Цаас гадна Б.Мөнхдалай болон “Тэгштаван өргөө” ХХК-д холбоотой эсэх нь тодорхойгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

        Дээр дурдсан үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

   Харин шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт үндэслэлгүй байгааг дурдах шаардлагатай байна.   

         Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдол нь шийдвэрийг хүчингүй  болгох үндэслэл болохгүй тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-г зөрчсөн гэж үзнэ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Д. нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ