Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

 

 

      Д.Ат холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Н.Булганчимэг,

            ялтан Д.А, түүний өмгөөлөгч Р.Батцогт,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Аийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ат холбогдох 201625031864 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Даваасүрэнгийн Д.А, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4-58 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ73111514/

 

Д.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Д.Бт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээ 39 хотхонд 2 өрөө байр авч өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2013 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,000,000 төгрөгийг тус тус авч Д.Бт нийт 25,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, Д.Аийг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Аийг 8 сарын хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Аийн өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Д.А нь Д.Баас авсан 25,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 1 ширхэг орон сууцны дутуу баригдсан барилга, Хан-Уул дүүрэгт нарны гүүрний хажууд 2 ширхэг дутуу баригдсан барилгыг гүйцээж барин
ашиглалтад оруулах ажилд зарцуулах тохиролцоотойгоор иргэн М.Соронзонболдод цувуулж өгсөн бөгөөд үүнийгээ баталгаажуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан байдаг.

Гэтэл шүүх Д.А, М.Соронзонболд нарын байгуулсан гэрээнд огт
ач холбогдол өгч дүгнээгүй, зөвхөн гэрч М.Соронзонболдын мэдүүлгийг нотлох
баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь Д.А нь дээр дурдагдсан барилгын талаар олж мэдэх ямар нэгэн боломж байхгүй, энэ талаар М.Соронзонболдоос олж мэдсэн, хамтарч ажиллахаар тохирсон гэдгийг шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг бөгөөд түүний энэхүү мэдүүлгийг гэрч М.Соронзонболд нь “дээрх барилгуудын талаар Д.Атай ярилцаж байсан, би түүнд дээрх барилгуудын талаар хэлсэн” гэж давхар баталж, мэдүүлсээр байтал энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

Мөн Д.А, Д.Б нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байгаа. Энэхүү гэрээг хэрэгт нотлох
баримтаар авахуулах талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт
тавьсан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн яллах талыг барьж
хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Д.А, Д.Б нарын хооронд байгуулсан гэрээгээр тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, иргэд хоорондын гэрээний маргаан гэж үзэхээр байгаа тул энэ гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, шүүхийн шатанд дээрх гэрээг нотлох баримтаар үнэлсэн тохиолдолд Д.Аийн гэм буруугүй нь тогтоогдоно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэв.

 

            Ялтан Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгө авсан хугацаатай холбоотой асуудлын хувьд хэрэгт авагдсан баримтад 2014, 2015 онд мөнгө авсан гэж буруу явагдаж байна. Би Д.Баас 2013 онд 2 удаа, 2014 оны 2 дугаар сард 1 удаа мөнгө авсан. Гэтэл хэргийн материалд 2015 онд мөнгө авсан асуудал яригддаг. Гэтэл бидний хооронд 2015 онд мөнгө авсан, өгсөн асуудал байхгүй. Би мөнгө авсан боловч хувьдаа хэрэглээгүй. Би Соронзонболдтой тохирсон гэрээнийхээ дагуу мөнгийг Соронзонболдод өгсөн. Д.Быг гомдолтой байна гэсний дагуу Соронзонболдын өмнөөс хэрэглээгүй мөнгөө Д.Бт төлсөн. Д.Б “бие биенээ таних хүмүүс байна. Анхны аман хэлцэл маань болохгүй юм шиг байна. Би өмгөөлөгчтэйгөө ярилцсан. Бичиг үйлдэе” гэсэн түүний хүслийн дагуу бид нотариат дээр очиж мөнгө барагдуулах огноог зааж өгсөн. Гэтэл заасан хугацаандаа амжилгүй 2 сарын хугацаа хэтэрсний дараа төлбөрийг бүрэн барагдуулсан. Соронзонболдтой холбоотой асуудал Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа.” гэв.

 

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан баримт, Соронзонболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Д.А нь тухайн гэрээг байгуулсан шалтгааны талаар тодорхой байдаг. Д.А нь Соронзонболдод “хэрэг хэрэгсэхгүй болгох гэсэн чинь төрийн байгууллагад ажиллаж болохгүй болж байна. Чи надад туслах хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу Соронзонболдоор гэрээ байгуулуулсан байдаг. Үүнийг Соронзонболд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хууль сануулж мэдүүлэг авахад тодорхой хэлсэн. Д.А нь Д.Быг орон сууцтай болгож өгнө гэж урьдчилгаа мөнгө 2013, 2014, 2015 онд авсан байдаг. Тухайн үед байрны урьдчилгааг авч, үлдэгдлийг 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хуурч мэхлэн 25,000,000 төгрөгийг залилж авсан. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирсэн хохирол төлбөр төлөх гэрээ нь байрны урьдчилгаа мөнгийг авснаас хойно буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ юм. Уг гэрээг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй. Хэрэгт энэ баримт байхгүй. Зөвхөн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх, Д.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна.  

 

   Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд энэ зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэхээр заажээ.  

 

   Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар прокурорын тогтоол /хх-78/, Д.Аийг яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-86, 151/, хэргийн материалтай танилцуулахад гаргасан Д.Аийн хүсэлтүүд /хх-97, 147/ зэргээс үзэхэд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байхад анхан шатны шүүх “... хохирол төлөгдсөн, хохирогч гомдол, саналгүй болсон...” гэсэн үндэслэлээр Д.Аийг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ат холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ат холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН