Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 33

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч О.Д-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918004240530 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарны 03-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс торгууд, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах” дээр иргэн О.Д-ыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Н.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхөртэйгөө зах дээр унадаг дугуй зардаг бөгөөд манайх хааяа *****ыг ажиллуулдаг. Энэ хэрэг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Тэр өдрийн өглөө зах дээр ирээд нөхөртэйгөө унадаг дугуйгаа өрж дуусаад байж байхад ***** манай нөхөртэй ирж уулзаж цалингаа авсан байсан. Би тухайн үед нөхрөө мөнгө өгснийг мэдээгүй. Гэтэл нөхөр маань ***** хоёр удаа ирж цалингаа авсан шүү гэж хэлсэн. Түүний дараа ***** надаас мөнгө нэхэхээр нь “Чи цалингаа авсан гэсэн, дахин чамайг ажиллуулахгүй.” гэж хэлээд унадаг дугуй авахаар ирсэн хүнтэй юм яриад зогсож байсан чинь зүүн талын цемент дээр юм чирээд байгаа бололтой чимээ гарахаар нь хартал ***** ломбо бариад явж байснаа миний хажууд ирээд ломбоороо цемент рүү цохихоор нь “яв” гэж хэлээд захын хамгаалагч руу залгахад ***** яваад өгсөн. Дараа нь хоёр залуу ирээд эмэгтэй хүүхдийн дугуй авах гэж байгаад “карлан нь муруйсан байна” гэхээр нь “янзлаад тохиргоо хийж өгнө” гэж хэлээд нөхрөө дуудаад “засаад өгчих” гэж хэлчихээд контейнер руу ороход ***** миний хажуугаар орох гээд дайраад байхаар “яах гээд байгаа юм бэ?” гэхэд “*****ах миний лоомбыг авсан. Би ломбоо авмаар байна.” гэж хэлэхээр нь түлхсэн. Гэтэл миний хоолойг боохоор нь тавиач гэж зууралдаж байгаад түлхэхэд ***** унасан. Би *****т “Чи хүн алах нь байна шүү дээ.” гэж хэлээд татаж босгохоор гараа өгсөн чинь “пизда минь” гээд миний гарыг түлхсэн.”

...би *****ыг багаас нь мэднэ. Архинаас гар, эгч нь чамд цалинг чинь нэмж өгье гээд бүх л боломжоороо тусалж дэмждэг байсан. Намайг *****ыг ажиллуулахгүй гэхээр “Ах эгч маань зодоод хөөсөн, надаар ажил хийлгээч” гэж гуйгаад хүрээд ирдэг. Мөн *****ыг архи ууж муухай ааш гаргах бүрт нь цагдаа дуудаад байдаггүй. Үнэхээр аргагүй байдалд орсон үед л цагдаа дууддаг. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай гэж үзэхгүй байна.  Энэ хүн надад халдаж хэл амаар доромжилсон. Мөн дургүй хүргээд байвал нохой шиг шаачихаад явна шүү. Би бол шийдсэн хүн гэж хэлж байсан.  Энэ хүний үйлдлийг захынхан бүгд мэднэ. Би өөрийн амь насаа хамгаалсан үйлдэл байсан учраас цагаатгаж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч О.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*****ах намайг хотод эмчилгээтэй байхад танил хүнээ  явуулаад эмний 80000 төгрөг өгүүлсэн байсан. Саяхан эхнэр***** руу нь би залгаад ярьсан чинь “чи 2019 оны 5 сарын 31-ний өдөр манай контайнер дээр ломботой ирж бид нарт агсам тавиад ална гээд цалингийн  үлдэгдэл мөнгө нэхээд бөөн юм болоод байхаар чинь би чамайг түлхээд хойшоо толгойгоор чинь унагаасан. Энэ хэрэгтээ манай хүүг битгий оролцуулаарай” гэж хэлсэн.

...би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө эрүүлжүүлэхээс гараад явж чадахгүй толгой эргээд байхаар нь “Дархан Үйлс” эмнэлгийн арын тал блокон хашаан дотор байдаг 3-4 модны ёроолд очиж хэвтээд тэндээ 2 хоноод 06 дугаар сарын 03-ны өглөө босоод гэртээ арай гэж харьсан.

...би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвийн тархи, нугасны тасагт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 7 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Дарханы эмнэлэг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 9 хоног хэвтсэн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэ гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-23/,

...Би ломбо барьж явсан нь үнэн. Тухайн өдөр***** эгч, *****ах хоёроос үлдэгдэл цалингаа авахаар очиж***** эгчийн нөхрөөс 20,000 төгрөг авч, түүгээрээ архи авч уусан.***** эгчийн нөхөр миний лоомбыг контейнер руу хийсэн. Тэгэхээр нь авах гэж очихдоо дахин мөнгө нэхсэн. Гэтэл дансаа явуулчих гэж хэлсэн. Би нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд очсон байсан.

...эмчилгээний зардалд 601,380 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хохирогч О.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-15/,

-Шүүгдэгч Н.Ц-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-17/,

 

-Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Д- нь камерт ороод нааран дээр гараад унтсан. Унтаж байхдаа хий огиод бөөлжөөд байхаар нь эмч ***** огилтын эсрэг тариа хийж өгсөн. Ингээд ***** архины гүн хордлоготой байж магадгүй гээд 23 цагийн үед 103 дуудаж О.Д-ыг үзүүлсэн. Дуудлагын эмч ирж даралт, зүрхний цохилт зэрэг биед нь үзлэг хийгээд “зүгээр байна” гээд явсан.

...2019 оны 05 дугаар сарын 31-нд 19 цаг өнгөрч байхад эрүүлжүүлэх, саатуулах байрны***** дугаарын утас руу “би *****ы *****ын эгч нь байна, ***** эрүүлжүүлэхэд очсон уу? түрүүн бирж дээр толгойгоороо савж унасан, тэр нь гайгүй байгаа.” гэж асуухад нь одоогоор унтаж байна гэдгийг нь хэлээд тасалсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/,

 

-Гэрч О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Д- бөөлжөөд байхаар нь 103 руу дахин залгаад хэлэхэд түргэн ирээд 22 цагийн орчимд аваад явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 6-ны 11 цагийн үед “томографийн зураг авахад зүүн талын эгэм хугарч, тархины яс цуурсан, тархинд цус хуралттай байна, Улаанбаатар хот руу яаралтай явж хагалгаанд оруулах хэрэгтэй байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 38-40/,

 

-Гэрч О.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...14 цагийн орчимд манай дарга дахиад залгаад “нөгөө согтуу хүн чинь буцаж ирчихээд ломбо бариад агсам тавиад байна гэнэ, хурдан яваад очоорой.” гэж хэлэхээр нь бид хоёрыг яваад очиход ***** гэх залуу цементэн шалан дээр дээшээ хараад нилээн өндөр согтолттой, толгойны ар дагзнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би унадаг дугуйны котейнер түрээслэгч Н.Ц- гэх эмэгтэйгээс яагаад толгойноос нь цус гарчихсан юм бэ гэж асуухад “над руу ломбо бариад дайрахаар нь би түлхэхэд хойшоогоо савж унаад толгойноос нь цус гарчихсан байгаа.” гэж хэлэхээр нь бид хоёр босгож авч явах гэхэд хөл дээрээ босож чадахгүй байхаар нь хоёр талаас нь сугадаж өргөж явсаар байгаад 7 дугаар багийн хэсгийн байцаагчийн өрөөний үүдэнд очиход *****, *****, олон нийтийн дөрвөн цагдаагийн хамт зогсож байхаар нь ***** гэх залуугийн гаргасан зөрчлийг нь хэлээд хүлээлгэж өгчихөөд ажлын байр руугаа явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41/,

 

-Гэрч Р.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уг хүнийг хүлээж авснаас хойш хий огиулаад бөөлжих гээд байхаар нь бөөлжилтийн эсрэг тариа хийгээд 103 дуудан үзүүлэхэд эмч ***** ирж үзчихээд “биеийн байдал нь хэвийн байна” гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчимд тухайн хүний нэрийг асуухад О.Д- гэх хүн байсан ба шарталтын байдалтай, чичир салгалаад байхаар нь биеийг нь дахин үзэхэд О.Д-ын даралт хэвийн, зүрхний цохилт олширсон байхаар нь Атенлол гэх эм өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 42/,

 

-Гэрч Х.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд байж байгаад нэг харсан чинь ***** ломбо барьчихсан газар цохиод байхаар нь би очоод ломбыг нь аваад контейнер рүү хийчихээд ажлаа хийгээд байж байсан. Тухайн өдөр маш их хүнтэй байсан болохоор ажил үнэхээр их байсан. Тэгэхэд ***** ах***** эгчтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд нэг харахад *****,***** эгчийг заамдаад бариад авахаар нь хойшоогоо түлхэхэд ***** хойшоогоо толгойгоороо цемент дээр уначихсан. Тэгэхэд нь***** эгч ***** ахыг очиж татаад хацар руу 1-2 удаа алгадсан. Тэгэхэд нь ***** ах,***** эгчийн гарыг нэг удаа цохиж байсан. Тэгээд ***** ах босож ирэхгүй хэвтэж байхад нь захын хоёр хамгаалагч ирээд хоёр талаас нь өргөөд аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/,

 

-Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Удалгүй манай контейнерын урдуур ***** нилээн согтуу байдалтай, ломбоор газар цохиод өнгөрч яваад Хоролмаагийн контейнерын үүдэнд очоод хэсэг сууж байгаад манай контейнер дээр ломбоо бариад ирэхээр нь би ломбыг нь сугалж аваад контейнер рүү шидчихээд урд талынхаа контейнер рүү ороод нэг унадаг дугуй янзалчихаад гараад ирэхэд хоёр хамгаалагч ирээд *****ыг газар хэвтэж байхад нь өргөж аваад явсан. Тэгэхэд манай эхнэр***** хэлэхдээ “сая ***** надтай зууралдаад маргалдаад байхаар нь би түлхчихсэн чинь хойшоогоо толгойгоороо саваад уначихлаа, ёстой баларсан юм боллоо.” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 46-47/,

 

- Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11-12 цагийн орчимд манай контейнер дээр ирж хааяа надад туслаад ажилладаг ***** гэх залуу жаахан халамцуу байдалтай ирээд ойр хавьд явж байгаа хүмүүс рүү агсам тавиад байхаар нь би *****ыг явуулах санаатай дагуулаад явахад “ах аа,  би ингээд явчихнаа.” гэхээр нь орхичхоод эргээд контейнерийн үүдэнд ирээд сууж байтал араас ***** хүрээд ирсэн. Тэгээд манай контейнерийн үүдэнд байдаг цементэн дээр сууж байгаад нэг мэдэхэд яваад өгсөн байсан.” /хэргийн 48/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн баяраар өмсөх хувцсаа авах санаатай Дархан зах дээр явж байгаад өмсөх хувцсаа сонгочихоод аав, ээжээсээ мөнгө авахаар очсон. Тэгээд аав, ээж хоёр ажил ихтэй байхаар нь би өөрийнхөө гар утсаар тоглоом тоглоод байж байтал манай контейнер дээр ажилладаг ***** ах ээжийг заамдчихсан байхаар нь би сандраад ээж дээр яваад очиход ээж “чи цаашаагаа байж байгаарай.” гээд намайг хойшоогоо түлхсэн. Тэгэхэд нь би гартаа байсан гар утсаа газар унагаачихсан. Тэгээд гар утсаа аваад эргээд хартал ***** ах газар уначихсан байсан. Учир нь би тухайн өдөр цав цагаан өнгийн хослол өмсчихсөн байсан болохоор муухай болчихно гээд ээж намайг ойртуулаагүй. Тэгээд ээж “мөнгийг чинь данс руу чинь хийчихнэ.” гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд намайг явахад ***** ах газар хэвтээд үлдсэн. Би аав, ээжийн контейнерээс цаашаагаа 4-5 контейнер өнгөрөөд явж байхад захын 2 хамгаалагч надтай зөрсөн. Би ойлгохдоо ***** ахыг авах гэж яваа юм байна даа гэж бодоод явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52/,

 

-Гэрч Б.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өдөр дахин дуудлага ирсэн. Тэгээд бид 2 дахиад нөгөө газар яваад очтол унадаг дугай зардаг контейнерийн өмнө ***** гэдэг залуу архи уучихсан нилээн согтуу бололтой цементэн шалан дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь бид 2 хоёр талаас нь татаж босгоод сугадаад зах дээр байдаг цагдаагийн хэсэг рүү авч явсан.

...дугуй зардаг эгч “наадахаа авч яваад цагдаад хүлээлгэж өг. Наадах чинь лоом бариад амьтан хүн цохичих гээд агсан тавиад байна.” гэж хэлсэн. Яагаад газар хэвтэж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан толгойн ар хэсэг дагз орчмоос нь бага зэрэг цус гарчихсан байсан. Цус нь дагзны ар хэсэг болон шанаа чих орчмоор нь урсаж хатсан байдалтай байсан. Түүнээс цемент дээр цус нь урсаж асгарсан зүйл харагдаагүй санагдаж байна.

...Бараг уусан архиндаа тасарчихсан байсан даа. Босоорой гэхэд өөрөө босох гээд байгаа мөртлөө чадахгүй байхаар нь бид 2 хоёр талаас нь өргөж босгоод авч явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 57-58/,

 

-“О.Д-ын биед дагз ясны шугаман хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн дэлбэнгийн цус хуралт, няцрал гэтмэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7350 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 64/,

 

-Эрүүлжүүлэх, баривчлах байранд дуудлагаар очиж үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хэргийн 65/,

 

-“О.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. О.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. О.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №87/19 /хэргийн 69/,

 

-О.Д-ын эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хэргийн 81/,

-О.Д-ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл /хэргийн 103-108/,

-О.Д-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл /хэргийн 111-118/,

-О.Д-ын эмчилгээний төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 124-128/,

-О.Д-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 129-131/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгчийн зүгээс “О.Д- нь согтуугаар хүмүүстэй маргалдаж явж байгаад сүүлдээ Н.Ц-ын хоолойг боомилсон. Боомилсны улмаас энэ хүний хоолой боогдож амьсгал түгжигдэж сандарсан. Тийм учраас өөрийн амь насаа хамгаалахаар О.Д-ын гарыг тавиулж цааш түлхсэн болохоос биш цээж, нүүр рүү нь түлхээгүй. О.Д- нь их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас арагш савж унасан. Н.Ц-ын үйлдэл бол гэмт хэрэг биш, харин Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт юм.” гэж мэтгэлцэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж хуульчилжээ.

 

Халдлага бодитой эхэлсэн, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд энэ эрх үүсээгүй байхад хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Н.Ц- нь “хохирогч О.Д- миний хоолойг боосны улмаас амь насаа хамгаалахын тулд түүнийг түлхэж унагаасан.” гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг боловч хэргийн үйл баримтаас үзэхэд хэрэг учрал болох үед хохирогч О.Д- нь шүүгдэгч Н.Ц-ын хоолойг боож, амь насанд нь аюултай нөхцөл үүсгэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Учир нь хэрэг учрал болсон үеийн үйл явдлыг сэргээн тогтоох, хууль зүйн дүгнэлт хийхэд тухайн үйл явдал болох үед нүдээр харсан гэрчүүдийн мэдээлэл чухал үүрэгтэй бөгөөд гэрч Х.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг харахад *****,***** эгчийг заамдаад бариад авахаар нь хойшоогоо түлхэхэд ***** хойшоогоо толгойгоороо цемент дээр уначихсан. Тэгэхэд нь***** эгч ***** ахыг очиж татаад хацар руу 1-2 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/, насанд хүрээгүй гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ах ээжийг заамдчихсан байхаар нь би сандраад ээж дээр яваад очиход ээж “чи цаашаагаа байж байгаарай.” гээд намайг хойшоогоо түлхсэн. Тэгэхэд нь би гартаа байсан гар утсаа газар унагаачихсан. Тэгээд гар утсаа аваад эргээд хартал ***** ах газар уначихсан байсан.” гэх мэдүүлгээр /хэргийн 52/ шүүгдэгч Н.Ц-ын “хоолойгоо боолгосны улмаас амь насаа хамгаалахын тулд түүнийг түлхэж унагаасан.” гэх мэдүүлэг няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэг учрал болох үед буюу шүүгдэгч Н.Ц- нь аргагүй хамгаалалт хийх эрх үүсээгүй байхад хохирогч О.Д-ыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай  хүнд зэргийн гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7350 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 64/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул  шүүгдэгч Н.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д-ын эрүүл мэндэд “дагз ясны шугаман хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн дэлбэнгийн цус хуралт, няцрал” бүхий хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч О.Д- нь эмчилгээний зардалд 601380 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтаа /хэргийн 124-128/ хэрэгт хавсаргажээ.

 

Хохирогч О.Д-ын эмчилгээний зардалд нэхэмжилж ирүүлсэн баримт нь 301380 төгрөг байх тул шүүгдэгч Н.Ц-аас 301380 төгрөг гаргуулж хохирогчид олгож, 300000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Н.Ц- нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авч, 305000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Ц- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ц- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 32 сарын хугацаанд сар бүр 303030 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 303040 төгрөгөөр тооцон, нийт 33 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Ц-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Ц-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 32 сарын хугацаанд сар бүр 303030 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 303040 төгрөгөөр тооцон, нийт 33 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Ц-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Ц-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ