Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 35

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч М.Б-,  

Шүүгдэгч Г.М- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918007000575 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засварладаг,  ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.М- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Б-аас түүний өмчлөлийн 78-76 ДАР улсын дугаартай “Sonata 6” маркийн авто машиныг 3000000 төгрөгөөр, 81-11 УБЛ улсын дугаартай “Toyota Cresta” маркийн авто машиныг 800000 төгрөгөөр, нийт 3800000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, төлбөр тооцоог 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дээрх авто машинуудыг бусдад худалдан борлуулж мөнгийг нь өгөлгүй залилж, 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 сарын 12-ны өдөр хохирогч М.Б-аас хоёр машиныг нь авсан. Хохирогч намайг хашаанд нь байсан цагаан өнгийн креста маркийн машиныг авах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй ярилцаж тохиролцоод Соната-6 маркийн машиныг 3 сая төгрөгөөр, Креста маркийн машиныг 800000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Төлбөрийг нь 2019 оны 07 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч тус машинууд нь засвар ихтэй байсан бөгөөд 1 сая гаруй төгрөгийн засвар орсон юм. Би хохирогчид машины мөнгө гэж 600000 төгрөгийг цувуулж өгсөн. Миний хувьд машины үнийг төлөхгүй гэж зугтаж алга болоогүй бөгөөд үнийг төлнө гэдгээ илэрхийлж байсан юм. 2019 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хөдөө ажилласан мөнгөө хүнээс авч чадаагүй ба энэ хугацаанд удаа дараа хохирогчтой холбогдож боломжтой болоход машины үнийг төлнө гэдгээ илэрхийлж байсан. Хохирогч М.Б-ыг би залилж, мэхлээгүй, иргэдийн хооронд аман хэлэлцээрээр машин худалдан борлуулсан байхад эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би тус машиныг өөрийн нэр дээр машин шилжүүлж авах, бусдын өмчийг өөрийн өмчлөлд авах санаа зорилго байгаагүй. Би  эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, манай эхнэр ажилгүй, бага насны охины минь хувь заяаг сэвтээхгүйн тулд надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.М- миний биед холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж, иргэд хоорондын гэрээг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломж олгоно уу.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 20-ны үед фейбүүкээр соната-6 машинаа задлаад ч хамаагүй заръя гэж бодож, зар оруулж, энэ хүнтэй холбогдсон юм. Шүүгдэгч Г.М- нь хүүхдийн баяраар миний машиныг авна гэсэн боловч би Дарханд ирж чадаагүй. Наадмын үеэр Дарханд намайг ирэхэд 2019 оны 07 дугаар сарын 12-ны өглөө энэ залуу миний машиныг аваад явсан. Тухайн үед “энэ крестаг яах гэж байгаа юм бэ” гэхэд нь 3 жил унаагүй зогсож байгаа юм, моторын үнээр нь ч гэсэн өгнө 800,000 төгрөгөөр авч болно гэж хэлсэн. Соната-6 банк бусын барьцаанд тавьсан байсан бөгөөд 8 сард 750,000 төгрөг төлөөд зээл нь хаагдаж байсан юм. Шүүгдэгч 2019 оны 7 сарын 20-ны үед цагдаагийн газарт жолоочийнхоо ажилд орно, ажилдаа орохоороо зээл аваад, чиний мөнгийг гаргаад өгье гэж надад хэлсэн юм. Банк бусын төлбөрийг үнийн дүнгээс хасъя гэж тооцсон. Үүнээс хойш надад 120000 төгрөг өгөөд, банк бусын зээлийн төлөлтийг хийгээд явна гэсэн боловч төлөөгүй. Утас руу нь залгахаар утсаа авахаа больж, эхнэр нь хүртэл утсаа авахгүй байсан учир би сүүлд нь аргаа бараад өөрийнх нь гэр гэж зааж өгсөн газар нь очтол, цагдаагийн газарт жолооч гэсэн учир ажил дээр нь очсон боловч тийм хүн байгаагүй гээд цагдаагийн дарга нь жолооч нарынхаа зургийг үзүүлэхэд тэр хүмүүсийн дунд энэ хүний зураг байгаагүй. Ингээд алга болчихлоо гэдгийг ойлгоод 11 сард цагдаад хандсан. Одоо би 3,800,000 төгрөг нэхэмжилж байгаа, соната-6 маркийн машиныг 3 сая төгрөгөөр, крестаг 800,000 төгрөгөөр тооцож зарсан юм.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч М.Б-аас гаргасан өргөдөл /хэргийн 6/,

 

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...манай нөхөр Мөнхболд Соната 6, Тоёота Креста маркийн 2 машины мөнгийг нь дараа өгье гэж тохиролцоод авсан.

...Соната 6 маркийн автомашиныг дээр нь 1 сая төгрөг нэмж өгөөд өөр автомашинаар сольсон. Тоёота Креста маркийн автомашины моторыг нь салгаж зарсан. Бусад эд анги нь толгойтод байдаг автомашины засварын газар байгаа гэж манай нөхөр надад хэлж байсан. Би бол очиж үзээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин худалдаж авсан. Тэр машин Баяраа гэдэг залуугийн нэр дээр байсан. Баярааг би хальт таньдаг, машин тэрэг янзлаад байдаг ах байдаг. Машинаа ББСБ-д тавьж нэрийг нь шилжүүлж шинэ гэрчилгээ авсан. 2500000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө 2 хувааж бэлэн төлсөн.

...Мөнхболд урд нь хар өнгийн Соната 6 маркийн автомашинтай байж байгаад Баяраа гэдэг хүнтэй миний худалдан авдаг соната 6 маркийн автомашинаар солиод дээр нь зөрүү мөнгө өгөхөөр тохиролцсон юм шиг байна лээ. Зөрүү өгөхгүй болохоор нь Баяраа машинаа аваад “мөнгө бүрэн төлж байж ав” гэсэн юм байна лээ.Тэгээд надаас 550000 төгрөг авч Баяраад өгч дээрх мөнгөлөг саарал өнгийн Соната 6 маркийн автомашиныг авч надад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сард хар өнгийн Соната 6 маркийн 7876ДАР улсын дугаартай автомашиныг надтай мөнгөлөг саарал өнгийн соната 6 маркийн 8449ДАР улсын дугаартай автомашинаар зөрүү өгч солих санал надад тавьсан. Мөнхболдын надад өгсөн хар өнгийн соната 6 маркийн автомашин мотор нь цохисон, крол нь эвдэрсэн байдалтай байсан. Тийм болохоор нь би 1500000 төгрөгийн зөрүү авч солихоор болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг байна.” гэх “Капитал зууч”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,

 

-8111УБЛ тоёота креста, 7876ДАР Соната 6 маркийн тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагаа /хэргийн 37-38/,

-Г.М-ын “Хас банк” дахь дансны хуулга /хэргийн 49-51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.М- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Б-аас түүний өмчлөлийн 78-76 ДАР улсын дугаартай соната 6 маркийн авто машиныг 3000000 төгрөгөөр, 81-11 УБЛ улсын дугаартай тоёота креста маркийн авто машиныг 800000 төгрөгөөр нийт 3800000 төгрөгөөр худалдан авч, төлбөр тооцоог нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч дээрх авто машинуудыг бусдад худалдан борлуулж мөнгийг нь өгөлгүй залилж 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Б-т гэмт хэргийн улмаас 3800000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 22-23/ нотлогдож байх бөгөөд шүүх хурлаас өмнө 600000 төгрөг төлж, 3200000 төгрөг үлдсэн байна.

Хохирогч М.Б- нь “банк бус санхүүгийн байгууллагад төлөх 230000 төгрөгийг Г.М- хугацаандаа төлөөгүйн улмаас би өөрөө төлж хохирсон тул 230000 төгрөг нэмж нэхэмжилнэ.” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ нь тус эрүүгийн хэрэгтэй хамааралгүй байх тул 230000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.М-оос 3200000 төгрөг гаргуулж, хохирогч М.Б-т олгохоор шийдвэрлэснийг хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авч хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.М-оос гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал түүний хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.М-од оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.М-ын бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад 3800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.М-ийн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.М-од оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.М-од анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Г.М- нь энэ хэрэгт 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.М-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ