| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0083/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 137
2020 01 24 2020/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02165 2501 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.П, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4-12Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвийн хажууд байрлах хүн суудаг сандал дээрээс Н.Оточийн шүрэн толгойто хаш хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг түлхүүр, куртик 1 ширхэг, дайлан 1 ширхэг, түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар хулгайлж, улмаар 877.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урд талын автомашины зогсоол дээрээс хохирогч Г.Ганбаганы гээгдүүлсэн Самсунг Жи-6 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 454.996 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр сандал дээрээс куртик олсон. Куртикны карманд даалинтай хөөрөг, түлхүүр байсан, хөөргийг нь би аваагүй, Эрдэнэчулуун аваад явсан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хашаан дотроос гар утас олсон. Орой нь гэр рүүгээ очоод би бичиг баримт байхгүй болохоор М.Мөнхзаяагийн бичиг баримтаар ломбаранд тавьсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Оточ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгэний төвийн сандал дээр хувцас үлдээсэн...тагтаад юм өгөөд ирэхэд гадуур хувцас байхгүй болсон байсан...хувцас дотор хуучин цагийн шүрэн толгойтой, жижиг гарын халтар манан хөөрөг байсан...би одоо 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Хохирогч Г.Ганбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах анхан шатны шүүхэд шүүх хуралд суух гэж ирсэн...Цүнх болон эд зүйл гаргаж ширээн дээр тавьсан...бие засах өрөө ороод ирэхэд ширээн дээр байсан Самсунг Ци-6 маркийн гар утас байхгүй байсан...А.Соёлмаа гэх хүн миний хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84/,
Гэрч Д.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвийн хажууд П надад “ах би хувцас олсон, та хөөрөг зараад өгөөч” гэж хэлсэн...үзсэн чинь бор өнгийн хөөрөг гарч ирсэн гэсэн...Би тэр хөөргийг авч явж байгаад явуулын хүнд 20.000 төгрөгөөр өгсөн...тэгээд би Пг эргээд олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч А.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тус дугаарыг 10 гаруй жилийн хугацаанд барьж байгаа...Бид хамт явж байсан хүний утсыг манай урд талын дэлгүүрт тавьсан...хэд хоногийн дараа дэлгүүрийн хүн утсаа ав гээд байсан...утсаа авч чадахгүй, би түр авчих гэхээр нь би авсан...тэгээд дараа ирж утсаа авсан... 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Пгийн гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
Гэрч М.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр П ахын гэрт очсон...П ах гар утас олсон талаар ярьсан...тухайн гар утас нь Самсунг Жи-6 маркийн гар утас байсан...тухайн гар утсыг 300.000 төгрөгөөр тавьсан...гар утсыг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,
Гэрч Э.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.П ах гэрт ирэхдээ шүүхийн хашаанаас нэг нэг гар утас олсон гэж хэлсэн...төгрөгийн хэрэг гараад дүү М.Мөнхзаяаг гуйж ломбарданд тавьсан...Самсунг Жи-7 маркийн гар утас байсан...А.Соёлмаа тэр утсанд өөрийн дугаарыг хийсэнг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
Гэрч С.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А.Соёлмаа гэх хүнийг танихгүй. Харин М.Мөнхзаяа буюу РД: УК91010542 регистрийн дугаартай эмэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай Наранцэн ломбарданд 352984106106494 дугаарын амей кодтой Самсунг Жи-6 маркийн гар утсыг 14 хоногийн хугацаатай 300.000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Утасны дугаар нь 86762221 гэсэн дугаар үлдээсэн. Би 14 хоногийн хугацаа дуусмагч уг дугаар руу залгаж мэдэгдэх гэтэл холбогдохгүй байсан бөгөөд 3 удаа гар утсаа эргүүлэн авахгүй бол зарагдана гэдгийг анхааруулж зурвас үлдээсэн. Манай хүлээлгийн хугацаа 10 хоногийн хугацаатай байдаг. Ломбардны журам дээр байгаа. Тэгээд 2 сар орчим хүлээж байгаад 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тухайн Самсунг Жи-6 маркийн гар утсыг зарсан. Хэнд зарсан гэдгээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 141/,
Яллагдагч С.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... би хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
“...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шил лааз түүсэн...Сансар үйлчилгээний төвийн хажууд хүн суудаг сандал дээр хар өнгийн хувцас байхаар нь авсан...Д.Эрдэнэчулуун ахад олсон гэж хэлсэн...33 дугаар сургуулийн хажууд даалин, түлхүүр зэргийг хаясан... 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урд хаалганы ойролцоо шил түүж байгаад нэг саарал өнгийн автомашин доороос гар утас олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21, 94-95/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 133/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50, 53/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвийн хажууд байрлах хүн суудаг сандал дээрээс Н.Оточийн шүрэн толгойто хаш хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг түлхүүр, куртик 1 ширхэг, дайлан 1 ширхэг, түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар хулгайлж, улмаар 877.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урд талын автомашины зогсоол дээрээс хохирогч Г.Ганбаганы гээгдүүлсэн Самсунг Жи-6 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 454.996 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.Оточийн: "... 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгэний төвийн сандал дээр хувцас үлдээсэн...тагтаад юм өгөөд ирэхэд гадуур хувцас байхгүй болсон байсан...хувцас дотор хуучин цагийн шүрэн толгойтой, жижиг гарын халтар манан хөөрөг байсан...би одоо 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Ганбаганы: “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах анхан шатны шүүхэд шүүх хуралд суух гэж ирсэн...Цүнх болон эд зүйл гаргаж ширээн дээр тавьсан...бие засах өрөө ороод ирэхэд ширээн дээр байсан Самсунг Ци-6 маркийн гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Гээгдэл хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хохирогч Н.Оточид 877.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганбаганы утасыг биет байдлаар буцаан олгосон болно.
Шүүгдэгч Б.П-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хүнд хэрэгт оногдуулсан ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Гээгдэл хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж буюу хүнд ял дээр хөнгөнийг нэмж нэгтгэн түүний бүгд биечлэн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П-ийн урьд цагдан хоригдсон нийт 21 хоногийг нэг өдрийг 8 цагаар тооцож 168 /нэг зуун жаран найм/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч 312 /гурван зуун арван хоёр/ цагаар тогоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.П-гээс 877.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Оточид олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР