| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн 1906 05983 2669 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, инженер ажилтай, Дорнод аймаг, гэх газарт албан ёсны бүртгэлийн хаягтай боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ж.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ЭБ" нэртэй караокений 4 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа “Конка” маркийн 55 инчийн зурагтыг гараараа цохиж, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Нямдаваагийн өгсөн мэдүүлэг /хх-7-9/, гэрч Л.Батсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Л.Хүрэлтулгын өгсөн мэдүүлэг /хх-12/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01/12 тоот эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/, Ж.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Ж.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-23/, шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Б нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБ” нэртэй караокений 4 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа “Конка” маркийн 55 инчийн зурагтыг гараараа цохиж, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Нямдаваагийн өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчим “ЭБ” караокед үл таних 4-5 хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэгээд 1 цаг үйлчлүүлсэн. Уг хүмүүсийн авсан цаг нь дууссан чинь нэг хүн гарч ирээд “Цагаа сунгана” гэхээр нь “Манай байгууллага хааж байна, одоо сунгахгүй” гэж хэлсэн. Тэгээд ирсэн хүнтэй нь хамт, авсан өрөө рүү орж байхад хаалга нээхийн өмнөхөн цохих чимээ гарсан. Тэгэхээр нь нээгээд харахад манай караокений 4 тоот өрөөний 55 инчийн “Конка” брэндийн зурагтыг цохиж хагалсан байсан." /хх-7-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Батсүрэнгийн өгсөн: "...Бид хэд караоке орохоор болоод захын хойд талд байрлах “ЭБ” нэртэй караокед ороод 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 8 ширхэгийг уусан. Тэгээд Бүрэнхаан, Пүрэвдэмбэрэл 2 яваад Хүрэлтулга, Батдорж бид 3 үлдсэн. Тэгээд удалгүй караокений цаг дууссан. Тэгээд би Батдоржтой хам нойлын өрөө ороод буцаад өрөөндөө ороод зогсож байсан чинь Батдорж караокений зурагтыг гараараа 1 удаа цохихоор нь “Чи яаж байгаа юм бэ” гэхэд караокений ажилтан орж ирээд “Юу болж байна” гэж хэлээд цагдаа дуудсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Хүрэлтулгын өгсөн: "...Бид хэд караоке орохоор болоод захын хойд талд байрлах “ЭБ” нэртэй караокед ороод 0.5 литрийн Сэнгүр 8 ширхэгийг аваад тэгээд Бүрэнхаан, Пүрэвдэмбэрэл хоёр яваад Батсүрэн, Батдорж бид 3 үлдсэн. Тэгээд удалгүй караокений цаг дуусахаар нь би очоод 10 минут сунгах гэсэн чинь “Одоо сунгах боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд би өрөөнд орж ирээд байж байсан чинь Батсүрэн, Батдорж хоёр нойлын өрөөнөөс орж ирээд Батдорж шууд караокены зурагтны хажууд очоод баруун гараараа 1 удаа цохихоор нь Батсүрэн бид 2 “Чи яаж байгаа юм бэ” гэхэд караокены ажилтан орж ирээд “Юу болж байна вэ” гэж хэлээд цагдаа дуудсан. Караокены өрөөнд хяналтын камер байгаагүй. Батдорж нэлээн согтуу байсан.” /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Б яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01/12 тоот эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/,
Хохирол төлсөн баримт /хх-18/,
Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ж.Б архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБ” нэртэй караокений 4 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа “Конка” маркийн 55 инчийн зурагтыг гараараа цохиж, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Нямдаваагийн гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ж.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж
үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС