Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0088

 

“Ч б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Ч.Днарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0012 дугаар шийдвэртэй, “Ч б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д-д холбогдох хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэнгийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0012 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:  Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг тус тус баримтлан “Монголынбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Ч б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: “ ... Зөрчилд тооцож буй эс үйлдэхүй буюу Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т хэсгийн “цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй...” гэх заалтыг зөрчсөн мөн “Монголбанк түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй” гэж 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгосон.

“Ч б” ХХК нь холбогдох гэрээ хэлцлийг байгуулан иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Тухайн гэрээ, хэлцлийн үндсэн нөхцөлөөр хүн, хугацаа зэргийг тогтоодог бөгөөд хуульд зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй. Хуульд зааснаар “... банкны харилцах дансанд хүү тооцохгүй” гэж зохицуулсан хэдий ч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэх хууль тогтоомж буцаан хэрэглэх зарчим бөгөөд уг зарчмын дагуу хууль батлагдахаас өмнө гэрээ байгуулсан буюу гэрээний хугацаа нь дуусаагүй харилцагчид өмнөх гэрээний нөхцөлөөр үргэлжлүүлэхээр байна.

Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтаар “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй ...” гэх заалтыг биелүүлээгүй биелүүлэхийг шаардсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж үзсэн.

“Ч б” ХХК нь дээрх заалтыг биелүүлэх нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа бөгөөд хуулийг буцаан хэрэглэх нь хууль батлагдахаас өмнөх үйлдэлд шинэ болон хуучин хуулийн зохицуулалтын алийг нь хэрэглэхийг сонгох ойлголт юм.

Иймд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “... Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй” гэх заалт нь гэрээний хоёр талын эрх ашиг сонирхолд хохирол учруулж байгаа учир хуулийн буцаан хэрэглэх нь үндэслэлтэй байна.

Мөн “Ч б” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тусгай нөхцөлд харилцах дансны гэрээ байгуулж хүү тооцоогүй тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдол гаргагч “Ч б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалаар батлагдсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагч Ч.Д нь “Ч б” ХХК-ийн төлбөр тооцооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050243 дугаар шийтгэлийн хуудсаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж, 2020 оны 4-8 саруудад харилцах дансанд хүү тооцсон зөрчлийг арилгах талаар өгсөн албан шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг үндэслэн “Ч б” ХХК-ийг 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.      

          Анхан шатны шүүх “... тус банк нь 2020 оны 4, 5, 6, 7, 8 саруудад тусгай нөхцөлт харилцах дансны үйлчилгээнд хүү тооцож олгосон нь дансны хуулгаар тогтоогдсон, энэ нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчсөн, “... хууль мөрдөгдөхөөс өмнө байгуулагдсан гэрээний нөхцөлд энэ хууль хамаарахгүй, тусгай нөхцөлт харилцах данс” хэмээн маргасан нь үндэслэлгүй, хуулийг буцаан хэрэглэх ойлголтод хамаарахгүй” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Ч б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо “...хуулийг буцаан хэрэглэх нь хууль батлагдахаас өмнөх үйлдэлд шинэ болон хуучин хуулийн зохицуулалтын алийг нь хэрэглэхийг сонгох ойлголт, 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш байгуулсан тусгай нөхцөлт харилцах дансны гэрээнд хүү тооцоогүй...” гэжээ.            

“Хуулийг буцаан хэрэглэх ойлголт” нь тухайн харилцааг зохицуулсан хууль хүчингүй болж, шинэ батлагдсан хуулиар тухайн харилцааг өөрөөр зохицуулах, эсхүл зохицуулахгүй орхих зэргээр хуучин, шинэ хуулийн зохицуулалт ялгаатай тохиолдолд тухайн эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэх эсэхтэй холбоотой байдаг. Гэтэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /цаашид Хууль гэх/ нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр анх удаа шинээр батлагдаж[1], дэлхий нийтээр тархсан Цар тахал гарсантай холбоотой нийгэмд үүссэн онцгой нөхцөлд авах арга хэмжээний талаар харилцааг түр зохицуулсан бөгөөд гомдлын үндэслэл болгож буй Иргэний хууль ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул “хууль буцаан хэрэглэх”-тэй холбоотой асуудал үүсээгүй байна.

Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Энэхүү заалтын “эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” зорилгоор Хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, ...” гэж зохицуулжээ.   

Уг хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх үүрэгтэй тул Монголбанкны улсын байцаагчаас Хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг биелүүлэхийг шаардсан нь хууль ёсны шаардлага гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

“Ч б” ХХК нь улсын байцаагчийн энэхүү хууль ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “ ... Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах гомдолд “тус банк нь холбогдох гэрээ хэлцлийг байгуулан иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг дансанд хадгалах үүрэг хүлээдэг, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй, гэрээний хугацаа дуусаагүй харилцагчид өмнөх гэрээний нөхцөл үргэлжилнэ, тус хуулийн 10.4-д заасан заалтыг биелүүлэх нь гэрээний хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулна” гэжээ.

Дээрх Хуулийн 10.4 дэх заалтыг зөвхөн банк хэрэгжүүлэх тухай ойлголт биш, энэхүү цар тахал гарсан цаг үеийн нөхцөл байдал арилах хүртэл хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхолд хязгаарлалт хийсэн хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдөх бөгөөд банкны харилцагч нар ч мөн биелүүлэх үүрэгтэй тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ч б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ч б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2020 оны №17