Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00879

 

Хрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дүгээр шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Хар

          Хариуцагч: З.Лд холбогдох

          2.202.048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан мэргэжилтэн Ц.Батцэнгэлд олгосон 6 сарын цалинг гэм буруутай этгээдээр төлүүлж, төсвийг хохиролгүй болгох зөвлөмж өгсөн. Аудитын дүгнэлтийн дагуу холбогдох материалыг судлан үзэхэд хариуцагч З.Л нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа 2015-03-16-ны өдрийн Б/06 дугаар дугаар тушаалаар Ц.Батцэнгэлийг малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж, 2015-12- 22-ны өдөр Б/26 дугаар тушаалаар Ц.Батцэнгэлийг мэргэжилтний ажлаас нь халжээ. Дээрх тушаал нь эрх зүйн үндэслэл муутай, хууль хэрэглээний алдаатай гарсан нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар тогтоогдож, 2016-01-29-ний өдрийн 37 дугаар албан бичгээр зөвлөмж өгөгджээ. Ажлаас халагдсан Ц.Батцэнгэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Захиргааны хэргийн шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, Ц.Батцэнгэлийг ажлаас халсан нь хуульд нийцсэн эсэх талаар шүүхийн дүгнэлт гараагүй байхад хариуцагчаар оролцсон З.Л нь Ц.Батцэнгэлтэй ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор эвлэрчээ. Улмаар зохигч талуудын эвлэрлийг баталсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-29-ний өдрийн 19 дүгээр захирамжаар хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Л нь Ц.Батцэнгэлийн гарт 1.818.659 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 220.205 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 163.184 төгрөг, нийт 2.202.048 төгрөг зарлагдаж төсөвт хохирол учруулжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх талаар удаа дараалан үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтан л төсөвт учруулсан хохирлоо нөхөн төлөх хууль зүйн үүрэгтэй. Ховд аймгийн Аудитын газраас 2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын санхүүд хийсэн аудитын тайлангаар өр, авлагыг барагдуулах талаар зөвлөмж өгсөн ба санхүүгийн тайланд илэрсэн зөрчлийг дурдсан байгаа. Тайлангийн 2,3 дахь заалтад шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон Ц.Батцэнгэлд 6 сарын цалин буюу 1.800.000 төгрөгийн цалин өгсөн нь холбогдох хуулийг зөрчсөн байх тул буруутай этгээдээр төлүүлж, төсвийг хохиролгүй болох талаар заасан. Төрийн аудитын тухай хуулиар аудитын газраас өгсөн зөвлөмжийг тухайн төсвийн байгууллага нь хэрэгжүүлж хариу мэдэгдэх ёстой байдаг. Иргэний хуулийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд төр нь буцаад буруутай албан хаагчаас хохирлоо нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн  497.2-т зааснаар хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь гэм буруутай байсан эсэх талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас аудитын газрын дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын материал, тухайн үед гарч байсан хууль тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч болон түүний өмгөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Хрын мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Батцэнгэлийг ажлаас халсны дараа Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх шатанд эвлэрч 2,202,048 төгрөгийг олгож төсөвт хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорыг бусдад учруулаагүй бөгөөд гэм буруутай үйлдэл хийгээгүй тул мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан З.Лгаас 1,818,659 төгрөг гаргуулан Харт олгож, нэхэмжлэлээс 383, 389 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Лгаас улсын тэмдэгтийн хураамж 44,049 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан Хрын хариуцагч З.Лд холбогдуулан гаргасан “Хууль бус захиргааны актын улмаас төсөвт учруулсан хохиролд 2.202.048 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо Ховд аймгийн Аудитын газраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийхдээ шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан мэргэжилтэн Ц.Батцэнгэлд 6 сарын цалин 1,8 сая төгрөгийг хууль бусаар олгосон зөрчлийг илрүүлж, төлбөрийг төлүүлж, төсвийг хохиролгүй болохыг төсвийн шууд захирагчид даалгасан байдаг.  Төсвийн зарлага 1,8 сая төгрөг ямар албан тушаалтны гарын үсгээр Ц.Батцэнгэлд олгосон, уг үйл ажиллагаа нь хууль ёсны байсан эсэх, төсөвт 1,8 сая төгрөгийн хохирол учирсанд З.Лгийн гэм буруутай эсэхэд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийсэнгүй. З.Л   Хрын даргаар ажиллаж байхдаа төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, нөөцөд бүртгэгдээгүй Ц.Батцэнгэлийг 2015-03- 16-ны өдрийн Б/06 дугаар дугаар тушаалаар малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж, улмаар 2015-12- 22-ны өдөр Б/26 дугаар тушаалаар Ц.Батцэнгэлийг мэргэжилтний ажлаас нь халжээ. Ажлаас халагдсан иргэн Ц.Батцэнгэл  шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Захиргааны хэргийн шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад З.Л нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор эвлэрсэн нь Ц.Батцэнгэлийг хууль бусаар ажлаас халсныг нотолж байна. Улмаар зохигч талуудын эвлэрлийг баталсан Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-29-ний өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Л нь Ц.Батцэнгэлийн гарт 1.818.659 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 220.205 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 163.184 төгрөг, нийт 2.202.048 төгрөг зарлагдаж, төсөвт хохирол учруулжээ. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч З.Л нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Ц.Батцэнгэлийг ажлаас үндэслэлгүй халсан буруутай нь шүүхээр нотлогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ-ийн  40.2-г зөрчсөн. Учир нь тухайн үед Хрын даргаар хариуцагч З.Л ажиллаж байсан, түүний гарын үсэг бүхий санхүүгийн баримтаар гүйлгээ хийгдэж, байгууллагын төсвөөс 1,8 сая төгрөг Ц.Батцэнгэлд шилжсэн үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, төсөвт учирсан хохирлыг хариуцагч З.Лгаас өөр этгээд учруулсан мэтээр буруу дүгнэлт хийсэн нь магадлалаас харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 7.10-т “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 9.2-т “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн нь ангилал, зэрэг нь ТЗ-5 байхаар тусгажээ. Гэтэл хариуцагч З.Л нь ТЗ-5 ангилал, зэрэглэлд хамаарах мэргэжилтний ажилд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцээгүй, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр иргэн Ц.Батцэнгэлийг хууль бусаар томилон ажиллуулж, түүнийг ажлаас халахдаа дахин цалин хөлс олгохоор эвлэрсэн зэрэг нь Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн гэм буруутай үйлдлийг нотолдог. Ийм байхад давж заалдах шатны шүүх Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсөвт учирсан хохиролд хариуцагч З.Лг ямар ч хууль зөрчөөгүй, гэм буруугүй мэтээр дүгнэж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, Иргэний хуулийн 498.5-т заасныг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр З.Лд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохиролд 2,202,048 төгрөг шаарджээ.

   Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

       Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 198.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Харин 498.1, 498.2-р ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-р бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

       Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байжээ. Ийнхүү гаргасан тушаалтай холбоотой шүүх захирамж гаргасан нь хариуцагчийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс зааглан ялгавал зохино.

      Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх байжээ.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх учиртай юм. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ.

       Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна. Бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.

        З.Л Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн эсхүл контрактын гэрээгээр ажиллаж байсан, ямар цалин хөлстэй байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, хэзээ ямар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

       Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-т нийцээгүй байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ