Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

2020      01        06                                           2020/ШЦТ/12

                                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Э-т холбогдох 192.... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, авга ах түүний эхнэрийн хамт Дорнод аймгийн ..... гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Х.. овогт Э.Э... /РД: ЖО..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Э. нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадаа насанд хүрээгүй буюу 16 настай Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадаа насанд хүрээгүй буюу 16 настай Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192....01 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

     Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд байрандаа байж байхад Г гаднаас орж ирээд Тг гадаа нэг хүн дуудаж байна гэж хэлэхээр нь хамт гарсан юм. Улмаар гадаа Э гэх зүс таних ах согтуу зогсож байсан ба Т-тэй юм ярьж байгаад томроод байгаа юм уу гээд над руу далайсан, би өөдөөс нь томроогүй гэж хэлсэн. Харин Г үүдэнд зогсож байсан ба түүнээс тамхи байна уу гэж асуусан. Г тамхи байхгүй гэж хэлсэн. Би дэлгүүр явах гээд цаашаагаа алхаж байхад Э.Г-ийг цохих шиг болсон ба эргээд харсан чинь нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

            Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд дотуур байрнаасаа М, Т, Б нарын хамт 67 дугаар байр орох гээд явж байхад Э, Б нартай таарсан. Э ах надад хандаж сургууль руугаа ороод Т-г дуудаад ир гэж хэлэхээр нь би Т-г сургууль руу орж дуудсан юм. Т гарч ирэхдээ Б гэх хүүхэдтэй хамт гарч ирсэн. Улмаар Э ах Б бид хоёрт хандаж та нар нийлж байгаад намайг зодох гээд байна уу? гэж хэлсэн. ...тамхи байна уу гээд надаас асуухад нь би тамхи татдаггүй гэхэд үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү гараараа цохихоор нь доош тонгойгоод байж байтал хөлөөрөө өшиглөсөн. ...надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

            Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед найз Б гэрт нь ... пиво хувааж уусан юм. Улмаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг 36 дугаар байранд байх гэртээ харихаар явж байх замдаа миний сурч байсан МСҮТ-ийн оюутнууд болох Г, Т, Б гуравтай таарсан юм. ... тойрч зогсоод зодох гээд байгаа юм шиг байдал гаргаж, тамхи асуухад ...миний урдаас хэгжүүрхээд байхаар нь Гийг цохисон юм. ...нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө тус бүр нэг удаа цохисон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 723 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б.Г-ийн биед баруун нүдний алимны салстад цус хуралт, зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын нас тоолсон тэмдэглэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эцэг, эхийн нас барсны бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13, 42, 43, 45, 46, 52  дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1921..... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадаа насанд хүрээгүй буюу 16 настай Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч Б.Б /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Г /16-18 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 723 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгчийн архи ууж согтуурсан байдал болон, өсвөр насны хохирогч, шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Энхжаргалын Эыг тэнссэн хугацаанд зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын ЖО.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Э.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын  ЖО... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН