Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт Б.М холбогдох 2021... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ............. газарт оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Х... овогт Б.М. /РД:ЖЖ8.....10/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн ажилчдын байранд Э.Н, Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн ажилчдын байранд Э.Н, Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2021..... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд ...М надаас 40.000 төгрөг аваад архи авна гээд явсан. ...Тэгээд бид нар юм ярьж байхдаа архиа ууж дуусгасан бөгөөд архи ууж байхад М надтай муудах гээд хэрүүл өдөөд байсан юм. ...М бид хоёр өмнө муудалцаж намайг зодож байсан юм. ...Мийн унтаж амардаг орон дээр доошоо тонгойгоод гар утсаа оролдоод байж байхад М гэнэт та нар битгий давраад байгаарай гэж хэлээд үүдний хэсгээс над руу ирээд миний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж намайг орон дээрээс унагаад намайг зодож эхэлсэн. ...миний хувьд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

           

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед ...Н нарын хамт архи уусан юм. Улмаар бид нар архи ууж байхад Н, М нар муудалцаад байсан. М Нын нүүрэн тус газарт өшиглөсөн. Тухайн үед би сууж байсан сандлаасаа босч газар шалан дээр байсан ...архины шилийг бариад “чи одоо болилдоо пиздаа” минь гэж хэлээд Мийн өдөөс очиход ...М миний нүүр рүү өшиглөж үүдэн 2 шүдийг минь хугалсан. ...миний хувьд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

           

Шүүгдэгч М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил шалгаад явж байхад буюу 15 цагийн орчимд туслах ажилтан ...Э.Н нар ажлын цагаар архи ууж байгаад надтай таарсан юм. Тухайн үед би ууж байсан архийг нь хурааж аваад ...тэдний оронд өөр хүн гаргаж ажиллуулсан. ...өөрийнхөө амралтын кемп дээр ирэхэд ...Б. нар өрөөндөө хөзөр тоглоод архи ууж байсан. ...ууж байсан архинаасаа намайг нэг татчих гээд өгсөн би тухайн архийг нь уусан юм. ...Э.Н надад хандан чи өдөр намайг архи ууж байхад гар утсаараа бичлэг хийсэн гэх зэргээр уурлаж хэрүүл маргаан үүсгэж миний шилэн хүзүү рүү гараараа алгадаж миний үснээс зулгааж толгой руу цохисон юм. Энэ үед хажууд байсан Б. Н-ыг өмөөрч миний төмсөг рүү хүчтэй жийж өшиглөсөн. ...Би Н-ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Б.г-ийн нүүрэн тус газарт нь цохиж үүдэн шүдийг нь хугалсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/_

           

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Э.Н-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, няцарсан шарх, доод зовхины цус хуралт, зүүн хацрын няцарсан шарх, цус хуралт, эрүүний зүүн булангийн няцарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

     3. Дээрхи гэмтлийн зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, няцарсан шарх, доод зовхины цус хуралт нь дангаараа, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын няцарсан шарх, цус хуралт нь дангаараа, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б.Б-гийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцарсан, дотор салстын цус хуралт, баруун болон зүүн дээд төвийн үүдэн шүдний хугарал, зүүн дээд захын үүдэн шүдний булгарал, зүүн дээд 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

     3. Дээрхи гэмтлийн баруун болон зүүн дээд төвийн үүдэн шүдний хугарал нь дангаараа зүүн дээд захын үүдэн шүдний булгарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Б, Э.Н нарын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2021.... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн ажилчдын байранд Э.Н, Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Э.Н /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хохирогч Б.Б /хх-ийн 12-14 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38, 39 дугаартай дүгнэлт /хх-ийн 26, 30 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25, 29 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М нь хохирогч Э.Н, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нартай эвлэрсэн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М-ийн ЖЖ-- тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогт Б.М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М-ийн ЖЖ--- регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                                                                                                                                                                                5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАТСАЙХАН