Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

2020         02          07                                   2020/ШЦТ/132       

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Шүүгдэгч: Б.Днарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луужин овогт БД холбогдох эрүүгийн 1909015531508  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эгч 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 19-259 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар, 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 11 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн анхан шатны шүүхийн 145 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн. Луужин овогт БД, регистрийн дугаар МН87031511,

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 01 сарын 08 ны өдрийн 20 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Днь 2019 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 901 дүгээр байрны 116 тоотод иргэн Б.Анхбаярын гэрт хамт архи ууж байгаад Б.Анхбаярыг унтаж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг эс-8 загварын гар утас, Найк эйр макс-97 загварын пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж бага хэмжээнээс дээш буюу 984.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэрчээр өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би санаатай хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Эргүүлээд өгнө гэж хэлсэн ”  гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Хохирогч Б.Анхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 901 дүгээр байрны 116 тоот гэртээ 2019 оны 4 сарын 06-ны орой 20 цагийн үед жоохон юм уучихсан халамцуу байж байтал манай хамаатны дүү Батэрдэнэ миний 88051300 дугаар луу өөрийнхээ 90195959 дугаараас залгаж “ та гэртээ байна уу би ганц юм аваад орж болох уу” гэхээр нь тэг тэг хүрээд ир гэтэл 20 орчим минутын дараа Бат-эрдэнэ ирээд ах би 2 найзтайгаа таарчихлаа оруулчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлээд оруулаад тэр 3 тай авч ирсэн 0,75 литрийн Экс нэртэй архийг нь хувааж ууж дуусаад би түрүүлээд унтчихсан. Бат-эрдэнэ хоёр найзтайгаа суугаад үлдсэн юм. Би 2019 оны 4 сарын 7-ны өдөр 02 цагийн үед сэрэхэд миний дүү хажуугаар газар унтаж байсан. Босоод бие зассан чинь дүүтэй хамт ирсэн 2 залуу байхгүй байсан гар утсаа хайтал алга болсон байсан. Тэгэхээр нь би Батэрдэнийг сэрээгээд өөрийхээ утас руу залгуултал явсан 2 залуугийн нэг нь болох Дашка гэгч утсыг аваад Сансарт явж байна гэж хэлээд утсыг маань салгасан, тэгээд Бат-эрдэнэ бид 2 буцаж унтаад өглөө босоод пүүз алга болсоноо мэдсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 дугаар хуудас/    

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-17-18 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.  

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Днь 2019 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 901 дүгээр байрны 116 тоотод иргэн Б.Анхбаярын гэрт хамт архи ууж байгаад Б.Анхбаярыг унтаж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг эс-8 загварын гар утас, эйр макс-97 загварын пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж бага хэмжээнээс дээш буюу 984.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Даваанямын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Анхбаярын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Даваанямын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Даваанямын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Даваанямын Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогчоос “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд ирүүлсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Даваанямд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг тодорхой хугацаагаар эрхийг нь хязгаарлаж нийгмээс тусгаарлахгүйгээр харин нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэн Б.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Луужин овогт БД Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 984.400 /есөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч Б.Днь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН