Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00816

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2405 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Г” ХХК

          Хариуцагч: “Ш” ХХК-д холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт 664.896.044 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

      “Г” ХХК, Х.Сарина нарын хооронд байгуулагдсан 2015-12-10-ны өдрийн ЗБ/8115100542-р ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Ч, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ш ХХК нь 2015-12-10-ны өдөр ЗГ8115100542 тоот зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулсан. Гэрээгээр 5,800,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, жилийн 8,7 хувийн хүүтэйгээр зээлдэж, мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Гэрээнд 2016-03-31-ний өдөр нэмэлт өөрчлөлт хугацаа, хүүгийн хэмжээг өөрчилсөн. Гэрээний хугацааг 2016-06-10 хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 1,3% болгосон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4 өрөө орон сууц, авто зогсоол, арматур, Г ХХК дахь харилцах дансны орлого, арматур зээлээр худалдах-худалдан авах гэрээний орлого зэргийг барьцаалж, батлан даалтын гэрээгээр батлан даагчаар “Тайм тү тайм” ХХК, “Ар Эй си” ХХК нар оролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2016-06-10-ны өдөр дууссан боловч Ш ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж эхний шаардлагаар үндсэн зээл 539,065.34 ам.доллар, хүү 322,848.1 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 645,696 ам.доллар нийт 577,807.11 ам.долларын үлдэгдэлтэй гарсан.Зээлдэгч хүүг 2016 оны 03 дугаар сарын 31-с хойш огт төлөөгүй. Гэрээний үүргийг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээний 3.1.3-т эхний ээлжид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж зааж тохиролцсон. Иргэний хуулийн 216.4 бол талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцоогүй бол харгалзаж үзнэ гэсэн заалт. Ханшийн хувьд бид долларын зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцохоор Монголбанкны лавлагаа гаргаж өгсөн. Иймд хариуцагч Ш ХХК-иас 664,896.44 ам.доллар гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2015-12-10-ны өдрийн БГ/8115100542 дугаар барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаар гэрээний орлого барьцаалах гэрээгээр тус тус хангуулж өгнө үү. Одоо нийт 577,807 .11 ам.доллар төлнө гэж нэхэмжлэгч зөвшөөрснийг зарчмын хувьд зөвшөөрч байгаа боловч гагцхүү хугацаан дээр санал нийлэхгүй байна гэжээ.

        Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Г ХХК Ш ХХК-ийн хооронд 40сая юанийн гэрээ 2014-03-19-ний өдөр байгуулагдсан. Гэрээгээр Тайм тү тайм ХХК, Ар Эй си ХХК хамтран зээлдэгчээр оролцож, зээлийг хамтран хариуцахаар тохиролцсон. Ш ХХК дээр 2 компанид төмөр нийлүүлсэн байдаг. 2015 онд Г энэ хоёр компанийн орон сууцанд 8 хувийн зээл олгож байсан. Г ХХК юанийн нөөц хүрэлцэхгүйгээс гэрээний төлбөрөө доллар болгоё гэдэг хүсэлтийг тавьсан. 2015-06-04-ний өдөр 6,000,000 ам долларын, 2015-12-10-ны өдөр 5,800,000 ам.долларын гэрээг тус тус байгуулсан. Анхнаасаа 40,000,000 юанийн зээлийг бэлэн бусаар зээлдүүлсэн. 40,000,000 юанийн гэрээг долларт шилжүүлж гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 5,800,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдаж ирэхэд зээлийн хүү багассан. Тухайн үед банктай гэрээ байгуулах үед доллар болон юанийн ханш бага байсан. Одоо юань болон долларын ханш өссөн тул хариуцагч зээлийг төлөхөд бэрхшээл үүссэн. Гэрээний үүргийг анх долларын зээл авсан үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Түүнчлэн, 5,800,000 ам.долларын гэрээг гадаадын иргэнтэй байгуулсан. Гадаад улсын иргэн гэрээний утга учрыг ойлгоогүй. Тухайн үед гэрээ хийхэд орчуулагч оролцуулаагүй. Их хэмжээний зээл авахад компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр байх ёстой. Эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн дарааллын дагуу, үүргийг тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх ёстой. Гэрээний хугацаа 2016-06-10-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч зээлийн гэрээний дийлэнхийг төлсөн. Гэрээг ялимгүй зөрчсөн. Тиймээс 2016-06-10-ны өдрийг хүртэл зээл, хүүг тооцоод үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү. Нэхэмжлэлээс 577,807.11 ам.долларыг 6 сарын хугацааны туршид төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ш ХХК-иас 664,896.44 ам.доллар буюу 1,549,780,516 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Г ХХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015-12-10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ," БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,424,246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Ш ХХК-иас 8,424,246 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Г ХХК Х.Сарина нарын хооронд байгуулагдсан 2015-12-10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,130,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 565,125 төгрөг,  Г ХХК-иас 565,125 төгрөг  тус тус гаргуулж хариуцагчид олгож, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч барьцаа хөрөнгүүд нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Ар Ий си ХХК, Тайм тү тайм ХХК-иудын батлан даалтын гэрээний дагуу тус компаниудын хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2405 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-с 577 807 11 ам.доллар буюу 1 346 787 48 /ханш?/ төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс  87 089 33 ам.доллар буюу 202 993 035 72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын гэрээ гэснийг “гэрээний барьцаа хөрөнгө болох Улаанбаатар Толгойт өртөөний ачиж буулгах ангийн 1700 м.кв талбайд байрлах арматур болон катанги, Г ХХК дахь харилцах дансны орлого 1 905 011 552 төгрөг, 1 905 011 554 ам.доллар, 1 905 011 553 юань, гэрээгээр гэснийг гэрээний 2014 оны 03 сарын 05-ны өдөр Тайм Тү Тайм ХХК-тай байгуулагдсан арматур зээлээр худалдах-худалдан авах гэрээний орлогоос” гэж, 3 дахь заалтын Ш ХХК-иас гэсний дараах “8 424 246” гэснийг “6 891 887” гэж, 6 дахь заалтыг хасаж, 7 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Ш ХХК, Тайм тү тайм ХХК, Ар ий си ХХК-иуд нь 2014-09- 19-ний өдөр Гтай 40сая юаны зээлийн гэрээ байгуулсан. /юаны данс 1905011553/ 40 сая юань нь бэлэн бус, БНХАУ-ын “Бау шан” банкнаас Бугатын төмрийн үйлдвэр рүү, төмрийн үйлдвэр нь Шын нэрээр Монгол Улс руу төмөр явуулж, ирсэн төмрийг Тайм тү тайм, Ар ий си ХХК-иуд нь хүлээн авч орон сууцны хороолол барих, зээлийн эргэн төлөлтийн 80 хувийг Тай тү тайм, Ар ий си ХХК-иуд нь төлөхөөр талууд анх тохиролцсон. Тийм ч учраас 40сая юаныг 11 хувийн хүүтэй зээлэнд хамтран зээлдэгчээр оролцож, Ш ХХК нь зээлийн хүүний 3 хувийг, Тайм тү тайм ХХК 19,600,000 юанаас 8 хувийг, Ар ий си ХХК 20,400,000 юанаас 8 хувийн хүүг тус тус төлөхөөр тохиролцсон. Гэтэл Г нь “...манай банкны юаны нөөц танай зээлэнд хүрэлцэхгүй байна...”, “...танайхтай ам.долларын зээлийн гэрээ байгуулахгүй бол болохгүй байна...” гэж ам.долларын гэрээ байгуулах ёстой гээд нэг талын санаачилгаар гадаад валютын төрөл өөрчлөгдсөн. Хоёрдугаар гэрээ Гны санаачилгаар 40сая юаны зээлийн хугацаа 2014-12- 19-ний өдөр дууссан байхад 2014-12-30-ны өдөр 6,500,000 ам.долларын ЗГ8115100190 дугаартай, 9,2 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулан, Ш ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өөрийн банкны данс руу 6,500,000 ам.доллар шилжүүлээд, тэр өдрөө банк өөрөө буцаан татаж авсан. Дээрх ЗГ8115100190 дугаартай гэрээний хугацаа 2015-03- 30-ны өдөр дуусахад 2015-06- 04-ний өдөр ЗГ8115100190-А дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ болгож, зээлийн хэмжээг 6сая ам.доллар болгон, хугацааг 2015-09-04-ний өдөр хүртэл сунгаж, 9,1 хувийн хүүтэй болгож өөрчилсөн. Гэтэл гэрээний 2.1-д 2014-12-30-ны өдөр байгуулагдсан гэрээг 2015-09-04-ний өдөр хүртэл сунгасан нь 3 сарын хугацаатай байгуулагдсан гэрээг дууссанаас 3 сарын дараа дахин 3 сарын дараа дуусахаар сунгасан нь буруу байна. Дахин 6сая ам.долларын гэрээг мөн л хугацаа нь 2015-09-04-ний өдөр дууссан байхад 2015-09-11-ний өдөр ЗГ8115100190-Б дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болгож 5,800,000 ам.долларын зээл болгож, хугацааг 2015-12- 11-ний өдөр, хүүг 8,95 хувь байхаар тогтоосон. Гуравдугаар гэрээ 2015-12-10-ны өдөр ЗГ8115100542 дугаартай, 3 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй, 5,800,000 ам.долларын гэрээг дахин шинээр хийсэн. Ингэхдээ мөн Ш ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өөрийн банкны  ам.долларын данс руу 5,800,000 ам.доллар шилжүүлээд, тэр өдрөө буюу 2015-12-11-нд гэрээ байгуулсан мэтээр хийгээд 5,813,360.14 ам.доллар төлснөөр зээлийн өмнөх гэрээг хаасан. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа Гомолт банк нь Ш ХХК-ийн данс руу зээл олгов гэж ам.доллар оруулангуутаа, эргүүлээд зээлийн эргэн төлөлт гэж татан авч байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн. Г дахин дахин зээл олгосон мэтээр зээлийн гэрээ байгуулсан нь Гны буруу бөгөөд хэл мэдэхгүй, гадаадын иргэнтэй, үр дагаврыг нь ойлгохгүй, орчуулагч байлцуулахгүйгээр, нягтлан бодогч байлцуулахгүйгээр зээл авсан мэтээр их хэмжээний хэлцэл дээр гарын үсэг зуруулдаг нь хуульд нийцээгүй. Хамгийн гол нь зээлэнд авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглах эрх үүсэхгүй байхад анхан шатны шүүх зээлийн авч ашигласан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан удаа дараагийн гэрээнүүдэд дүгнэлт хийгээгүй, хариуцагч зээлийг бодитоор авсан эсэх, авсан зээлээ хэрхэн зарцуулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэнгүй. 2015-12-10-ны өдрийн 5,800,000 ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ш ХХК-иас 2015-12- 01-ний өдрийн 103 тоот захирлын тушаалаар өгсөн гэж байгаа боловч оруулагч байлцуулаагүйн зэрэгцээ компаний үүсгэн байгуулагч нь итгэмжлэл олгох эрхгүй этгээд байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гэж 577.807,11 ам.доллар гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан ба энэ хэмжээг хариуцагч зөвшөөрөөгүй байхад зөвшөөрсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт гэрээний орлого барьцаалах гэрээний дагуу Ар ий си, Тайм тү тайм ХХК-иудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан боловч эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд оролцуулаагүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г ХХК 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015-12-10-ны өдрийн ЗГ8115100542 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 539,065.34 ам.долларыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 664,896.44 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүсчээ. /хх 1-н 1-3, 188-189., хх 2-н 5-6, 46-47/

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргахдаа, Г Х.Сарина нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/8115100542 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцааны гэрээнд заасан 4 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-н 39, 202-203, хх 2-н 11-12, 58-59, 71-72/     

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “... зээлийн, барьцааны,  батлан даалтын болон орлого барьцаалах гэрээ байгуулагдсан байна...гэрээний хугацааг 2016-06-10-ны өдөр хүртэл сунгасан нь тогтоогдсон...хариуцагч 577,807.11 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн боловч ...нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн тул хариуцагчаас 664.896.44 ам.доллар буюу 1.549.780.516 төгрөг гаргуулна...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... зээлийг ам.долларт шилжүүлсэн гэх тайлбарыг няцааж чадаагүй... гэрээний хугацаа сунгасан гэж дүгнэхэд дутагдалтай байна... 5,800,000 ам. долларын зээл олгосон гэх боловч мөн өдрөө буцаан авч, өмнөх зээлийн төлбөрийг хаасан нь хуульд нийцээгүй...тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 577,807.11 ам.долларын хэмжээнд хангана...” гэжээ.

       Хариуцагч хяналтын гомдолдоо “...юань-р зээлийн гэрээ байгуулсан боловч ... нэг талын санаачилгаар валютын төрөл өөрчлөгдсөн... 40 сая юаны зээлийн хугацаа 2014-12-19-ний өдөр дууссан байхад ам.долларын гэрээ хийж гарын үсэг зуруулж... ам.доллар шилжүүлсэн өдрөө банк мөнгөө  буцаан татсан... гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй... гадаадын иргэнээр их хэмжээний хэлцэл дээр гарын үсэг зуруулдаг нь хуульд нийцээгүй...зээлийг ашигласан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна... удаа дараагийн гэрээнүүдэд дүгнэлт хийгээгүй... зээлийг бодитоор авсан эсэх, авсан зээлээ хэрхэн зарцуулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй... дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэнгүй... 577.807,11 ам.долларыг хариуцагч зөвшөөрөөгүй байхад зөвшөөрсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн... эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй...” гэжээ.

      1. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      а/. “Ш” ХХК-с олгосон итгэмжлэлийн дагуу /хх 1-н 32/ М.Цэндсүрэн нэхэмжлэлийн хувийг 2016-11-01-ний өдөр гардан авч /хх 1-н 34/, 2016-11-11-ний өдөр “...Гны нэхэмжлэлтэй Ш ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 577.807,11 ам.доллар гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч би дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2015-12-10-ны өдрийн ЗГ8115100542 дугаартай 5,800,000 ам.долларын зээлийн гэрээг үндэслэж, түүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, мөн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтээ жичдээ гаргах болно...” гэсэн  /хх 1-н 39/ хариу тайлбар өгсөн байх бөгөөд үүнээс өөр тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө  шүүхэд ирүүлээгүй байв.   

       Анхан шатны шүүх нэхэмжлэл, шүүх хуралдаанаас өмнө өгсөн хариуцагчийн тайлбар болон хэрэгт буй баримт, шүүх хуралдаан дээр гаргасан зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэж, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн байна.

       Хэрэгт буй баримтаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үйл баримт нотлогдсон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

      б/. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу биш байна.

      Хариуцагч 2016-11-01-ний өдөр итгэмжлэл олгосон, итгэмжлэлд М.Цэндсүрэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-26.4-т заасан эрхийг эдлэх талаар заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 577,807.11 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн нь /хх 1-н 37, 2-79/ тогтоогджээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Түүнчлэн, зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно. Тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.

       Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 42 дугаар зүйлийн 42.3-г зөрчөөгүй гэж үзнэ.  

        в/. “... эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй...” гэх гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. /хх 2-15/

       “Ар Ий Си” ХХК болон “Тайм ту тайм” ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч /хх 2-н 15/ гаргасан бөгөөд хүсэлтийг шүүх хангахаас татгалзахдаа /хх 2, 35/ үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

       2. Харин шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

      а/. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлээс хангаж буй хэсгийг тодорхой бус бичсэн нь дутагдалтай байх тул хариуцагчаас 577,807.11 ам.доллар буюу 1,346,787,480 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх  хэсгийг  хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

      б/. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар заахдаа анхан шатны шүүх  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаараагүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулахдаа хэрэгт буй баримтыг үндэслээгүй байх тул “...хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл БГ8115100542, БГ 8115100542-А, БГ 8115100542-Б дугаар гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...”-р шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

      в/. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсгийг ойлгомжгүй бичсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалын холбогдох хэсгийг найруулж өөрчилнө. 

       г/. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Г ХХК зөвшөөрснийг батлахдаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг “хариуцагч” гэж буруу бичсэнийг залруулах шаардлагатай гэж үзлээ.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2405 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан “Ш” ХХК-с 577,807.11 ам.доллар буюу 1,346,787,480 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 87,086 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Г ХХК, Ш ХХК нарын хооронд байгуулагдсан БГ 8115100542 дугаартай “барьцааны гэрээ”., БГ 8115100542-А дугаартай “гэрээний орлого барьцаалах гэрээ”., БГ 8115100542-Б дугаартай “гэрээний орлого барьцаалах гэрээ”-р үүргийн гүйцэтгэлийг хангасугай...” гэж, 3 дахь заалтын “...Ш ХХК-с 8.414.246 төгрөг гаргуулж...” гэснийг “...Ш ХХК-с 6,891,348 төгрөг гаргуулж...” гэж, 4 дэх заалтын “...хариуцагчийн зөвшөөрлийг...” гэснийг “...нэхэмжлэгчийн зөвшөөрлийг...” гэж тус тус өөрчлөн, 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 4.141.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ