Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 40

 

 М.З, Ж.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Намуунзул

            Прокурор                                           Ц.Лхамсүрэн

            Шүүгдэгч                                            М.З нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлоор М.З, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201711000045 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж охины хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, сургуулийн байранд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, Б овогт М.З.

Монгол Улсын иргэн Дорнод аймгийн Цагаан-овоо суманд 1981 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой,  мэргэжил  , ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Цаг-Уурын уурын 02-05 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Ж.Б.  

Шүүгдэгч М.З, Ж.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр багт байрлах 8 дугаар байшингийн гадаа зогсоол дээр байсан 85-85 УБЗ дугаартай Лексус-570 /Lexus/ маркийн машины зөв талын хойд хаалганы цонхыг тоосгоор хагалан орж, Камаз машины поршень 6 ширхэг, гильц 2 ширхэг, дугуй хийлдэг компрес, хар өнгийн цүнх, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн судалтай өмд, бор өнгийн ширэн түрийвч, 100 юань, 100 доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1571952 төгрөгийн шууд хохирол, уг машины хаалганы шил, урд хайрцагны таг, цоож зэргийг хагалж, эвдэн 800000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт М.З-г тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.З-г 6 сарын хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ялтан М.З-ийн эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, ялтан М.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5  дугаар зүйлийн 1.4-т зааснаар устгахуулахаар зохих байгууллагад шилжүүлж, ялтан М.З-с бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсаны төлбөрт 1784452 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д олгож, хэрэгт баримт бичгээр хураагдаж шүүгдэгч Ж.Б-ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг буцаан олгож, ялтан М.З-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ын эзэмшилд байгаа Г-0610000200 дугаартай Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6-р баг 4-р хороололд 3000 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх хүчингүй болгож, ялтан М.З-ийн эзэмшлийн Kogkz маркийн 28 инчийн зурагтын битүүмжилсэн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан М.З-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч А.Мөнхбат миний бие анхан шатны шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь М.З-г нэвтэрч орсон, уг хэргийг үйлдсэн болохыг хангалттай нотлохгүй байгаа ба камерт Заахүү тусгагдаагүй, тэрээр тухайн үед буюу 2017 оны 01 сарын 02, 03-ны өдрөөс 2017 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс зүүн урагш 20 км орчим зайд Д.Билэгсайхан, С.Бямбаа гэх айлд мал маллаж байсан болохыг гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Билэгсайхан, С.Бямбаа нарт хууль сануулан байцаасан гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг. ...Хавтаст хэрэгт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гарын хурууны хээ нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд бүхэлд нь үнэлж шийдвэрлээгүй. Иймд дээрх хүмүүсийн болон Болортулга нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт болон шинжилгээнд тусгагдсан №3 хурууны хээг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэхэд эргэлзээтэй байх тул М.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З нь  2017 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 8 дугаар байшингийн гадна зогсоол дээр байсан 85-85 УБЗ дугаартай Лексус-570 маркийн автомашины цонхыг тоосгоор хагалан орж, камаз маркийн автомашины поршин 6 ширхэг, гильц 2 ширхэг, дугуй хийлдэг компрессор, хар өнгийн цүнх, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн судалтай өмд, бор өнгийн ширэн түрийвч, 100 юань, 100 доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,571,952 төгрөгийн шууд хохирол, уг машины хаалганы шил, урд хайрцагны таг, цоож зэргийг хагалж эвдэн 800,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна. Тухайлбал, хэргийн газарт хийсэн үзлэгийн явцад автомашин дотроос авсан хурууны хээ нь шүүгдэгч М.Заахүүгийн хурууны хээтэй тохирсон /хх-ийн 13-14, 77, 133/, мөн шүүгдэгч М.Заахүү нь алдагдсан эд зүйлийн зарим хэсэг болох автомашины поршинг зарж борлуулахаар бусдад үзүүлсэн, зарж борлуулсан /хх-ийн 27-28, 55-58, 100/ зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул дээрх нотлох баримтад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд “нотлох баримтыг буруу үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон” гэсэн үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх “шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дээрдсэн” гэж дүгнэн, шүүгдэгч М.Заахүүг  2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн /цаашид “шинэ Эрүүгийн хууль” гэх/ тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов. Учир нь, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хуульчлахдаа сонгох санкцгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар, түүнчлэн хорих ялын дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоож 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулахад оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.  Түүнчлэн шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жилээр тогтоосон байхад шүүх уг зүйл хэсгээр 6 сарын хорих ял оногдуулах эрхгүй юм. Иймд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд энэ талаар шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Харин шүүгдэгч М.Заахүүг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял оногдуулсны дараа уг ялын төрөл нь шинэ Эрүүгийн хуулийн харгалзах зүйл, хэсэгт тусгагдсан эсэхээс хамааран ялыг эдлүүлэх буюу ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Давж заалдах шатны шүүх М.Заахүүгийн үйлдсэн хэргийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн баривчлах ял нь шинэ Эрүүгийн хуулиас хасагдсан тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.З-г уг ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-г 6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.З-г 6 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Шүүгдэгч М.З нь 2017 оны 07 дугаар сарын 05-наас 2017 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэл 84 хоног цагдан хоригдсон болохыг дурдан, М.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.З-г нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                    ШҮҮГЧИД                                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                              Л.НАРАНБАЯР