Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2017/00001

 

“Буянт төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар  сарын 03-ны өдрийн 151/ШШ2016/01125 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг дахь ШШГА-д холбогдох

“Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Буянт төв” ХХК нь 2008 он хүртэл хувьцаат компани байж байгаад ХХК болсон юм. Т.Мөнхтуяа миний бие 2012 оноос гүйцэтгэх захирал болсон. Компанийг хүлээн авахдаа шинэ удирдлагууд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Давгабазараас компанитай холбогдох бичиг баримт, тайлан баланс, өр авлагын жагсаалтыг хүлээн авах комиссоор дамжуулан хүлээн авсан. Энэ үед компани бусдад төлөх төлбөр, шүүхийн шийдвэр байгаагүй атлаа 2016 оны 3 дугаар сард Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компаниас Өвөрхангай аймгийн Ган тээрэм ХК-ийн нэхэмжлэл бүхий 6.138.854 төгрөгийн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байна. Гэтэл манай компанид тухайн үед ажиллаж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттөмөр, уг хэрэг маргаан шийдэгдэх үед ажиллаж байсан төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Цэрэндаваа, 2008 он хүртэл ажиллаж байсан гүйцэтгэх захирал Д.Дагвабазар нар 2001 оноос 2002 оны үед Гантээрэм компанитай холбоотой төлбөрийг хөдөө аж ахуйн техник, трактор, комбайн болон бусад дүүжин техникээр барагдуулсан бөгөөд тухайн үед Ган тээрэм компанийн удирдлагуудад өгсөн тухай бидэнд мэдэгдсэн юм. Мөн өр авлагын талаар тухайн үед Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас тухайн үеийн шийдвэр гүйцэтгэгч Мишиг гэх хүнээр ахлуулсан хүмүүс Буянт төв ХК дээр удаа дараа ирж асуудлыг шийдвэрлүүлсэн тухай тэр үеийн удирдлагууд хувьцаа эзэмшигчийн хурал дээр тайлбарлаж байсан. Мөн тэр үеийн Ган тээрэм ХК-ийн захирал Лхавгасүрэн гэж хүн авлагын талаар Буянт төв компанийн удирдлагуудтай уулзан шийдвэрлүүлж байсан байдаг. Бид 2016 оны 5 дугаар сард Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан энэхүү шийдвэрлэгдсэн асуудлын талаар гомдол гаргасан боловч төлбөр авагчийн хүсэлтээр гүйцэтгэх хуудсыг буцааж байсан тухай хариу ирүүлсэн бөгөөд Ган тээрэм ХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанитай тооцоо дууссан тухай Буянт төв ХК-ийн тухайн үед ажиллаж байсан удирдлагууд тайлбарлаж байгаа болно. Гэтэл Ган тээрэм ХК-ийн одоогийн удирдлагууд 2015 оны сүүлээр өөрийн архиваас шүүхийн шийдвэрийн хувийг олсон гэх шалтгаанаар 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн урд хоёр байгууллагын хооронд шийдвэрлэгдсэн асуудлыг дахин гаргаж мөнгө нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байгаа тул Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянт төв ХХК нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Тухайн үед ажиллаж байсан Цэрэндаваа, Баттөмөр, Дагвабазар нар ажиллаж байх үедээ техник хэрэгслээр төлбөрийг нь барагдуулсан гээд. Өр төлбөрт өгсөн гээд байгаа техник тоног төхөөрөмжийг 1999 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот шийдвэрийн дагуу Алтан тариа компанид 27.750.000 төгрөгт өгсөн байдаг. Буянт төв компани нь Ган тээрэм компанид буцаасан 2001 онд гүйцэтгэх хуудсыг буцаасныг төлбөр барагдчихаад гүйцэтгэх хуудсыг буцаасан гэж ойлгож байна. Үнэхээр төлбөр барагдсан бол Буянт төв компанид ямар нэгэн байдлаар төлбөрөө төлчихсөн гэсэн баримт бичиг байх ёстой. Тэр бичгээ гаргаж ирж чадахгүй манай дээр байгаа архивт байгаа албан бичгийг үндэслээд төлбөрөө төлсөн гэдэг асуудал ярьж байна. Манайхаас гарч ирсэн баримтаар хэлээд байгаа техникийг Алтан тариа компанид өгсөн. Тэгээд тухайн үед ажиллаж байсан Дагвабазар, Цэрэндаваа, Баттөмөр нь энэ техник хэрэгслийг хүлээлгэж өгөхөд өөрсдөө байлцсан байдаг. Хурлын тэмдэглэл дээр Баттөмөр өөрөө байсан байдаг. 2000 онд гарсан шүүхийн шийдвэрийн магадлал дээр 2016 онд шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Бид гүйцэтгэх хуудас нь байхгүй ч юм уу аль эсвэл төлбөр нь төлөгдөөд дуусчихсан материал дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд байгаа юм биш. 2016 онд шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байгаа. Тэгэхлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох асуудал байхгүй. Энэ үүднээс манайх ямар ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэрийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар Буянт төв ХХК-ийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Буянт төв” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Саруул давж заалдах гомдолдоо: “... 2001, 2002 оны үед “Гантээрэм” ХК-д холбоотой төлбөрийг хөдөө аж ахуйн техник, трактор, комбайн болон бусад дүүжин техникээр барагдуулсан. Тухайн үеийн “Буянт төв” ХХК-ийн удирдлагууд тайлбарлаж 2002-оос хойш “Буянт төв” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өр төлбөргүй болох нь нотлогдож, өр төлбөртэй аж ахуй нэгжийн жагсаалтанд бичигдээгүй, тухайн үед шүүхийн шийдвэр биелүүлэх хуулийн  дагуу ямар нэгэн үндэслэлээр төлбөрийг барагдуулсан байхад, дахин гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Аливаа этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон үндэслэл тодорхой байх ёстой. Хуулийн дээрх шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж гаргаагүй “Буянт төв” ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах боломжтой зүйлийг тодруулаагүй нь буруу байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж тавьсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэснийг нэхэмжлэлийн тодорхой шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 “Буянт төв” ХХК-ийн хувьд дээрх хуульд заасан ямар төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу гэж үзэж эс зөвшөөрөн гомдол гаргасан болох нь тодорхойгүй, мөн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулсан талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүхээс шаардлага үндэслэл нь тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэснээс шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр авагчийн хүсэлтийн дагуу Буянт төв ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг 2002 онд төлбөр авагч Гантээрэм ХК-д буцаасан тухай тайлбар гаргажээ. Ийнхүү гүйцэтгэх баримтыг буцаасан тохиолдолд төлбөр авагч нь дахин гүйцэтгүүлэхэр гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлэхээр заасан байтал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдах болсон үндэслэл тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал болон маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Зохигчдын хооронд үүсэн маргааны талуудын гаргасан нотлох баримтанд үндэслэн, хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой ч энэ шаардлагууд хангагдаагүй нөхцөлд маргааны үйл баримтыг зөв тогтооох, эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хэрэглэх хуулийг зөв сонгон хэрэглэх боломж бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, гомдлын үндэслэл хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов. 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2016/01125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Буянт төв” ХХК-д олгохыг дурдсугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР

       ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

           Ш.ТӨМӨРБААТАР