| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0013/Э/ |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Ж.С
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.О
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох 1916003700165 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овогт Ц-н Д.
Шүүгдэгч Ц.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэр “Очир” төвийн урд замын уулзварт 00-00 ГАҮ улсын дугаартай кама /kama KMC3040/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, 00-00 ГАЗ улсын дугаартай Мустанг маркын мотоцикл жолоодож явсан Ж.С-г мөргөж, биед баруун шилбэ 2 ясны зөрөөтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл түүний эд хөрөнгөд 125.000 төгрөгийн, Алтай хотын тохижилт үйлчилгээний аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 82.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдэх” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Д-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “UB-OIL” шатахуун түгээх газраас шатахуун аваад “Шинэ-Алтай” захаас ирсэн хог ачих дуудлагын дагуу явж байхдаа иргэн Ж.С-г мөргөж гэмтэл учруулсан. Би энэ үйлдлийг санаа, зорилготой хийгээгүй. Болгоомжгүй байдлаас ийм зүйл болсон ... Мотоциклийн гэмтэл 125.000 төгрөг, эмний мөнгө 65.000 төгрөг, ор хоногийн мөнгө 360.000 төгрөг, хадаасны үнэ 400.000 төгрөг мөн эмнэлгийн жижиг үйлчилгээнүүдийн мөнгийг төлсөн ... Би гэм буруугаа ойлгож байна. Болгоомжгүй үйлдлээс ийм хэрэг болсон. Миний ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүсэж байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ж.С-н шүүх хуралдаанд өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Баатарын дэлгүүрээс хүн аваад эмнэлэг явж байсан. “Гоёо” дэлгүүрийн уулзвар дээр “Кама“ маркын машин ирээд мөргөсөн ... хохиролд 1.015.000 төгрөг авсан ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баяншандын засмалын Баатарын дэлгүүрийн уулзвараас мотоциклон такси аваад Спорт цогцолборын тийшээ явсан. Тэгээд захын дээгүүр хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас ирж байсан машин гэнэт хажуу тийшээ эргээд мөргөсөн. Тэгээд гэнэт сандраад юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудаад мотоцилкийн жолоочийг эмнэлэг аваад явсан ... Мөргөсний дараа босож ирээд харахад машин дохио өгсөн зүйл харагдаагүй ... Мотоциклийн жолоочийн баруун хөл нь хугарсан байсан. Машины жолооч болон миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ88/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 347 дугаартай “... 1. Ж.С-н биед хохирол учирсан байна.
2. Ж.С-н биед баруун шилбэ 2 ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ93-94/,
Шинжээч, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “... НЭГ: Кама маркын 00-00 ГАҮ улсын дугаартай автомашины жолооч Ц.Д, Мустанг маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Ж.С нар нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ мөргөлдсөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
ХОЁР: Кама маркын 00-00 ГАҮ улсын дугаартай автомашины жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-ийн а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 15 дугаар бүлгийн 15.10-д заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл байна.
ГУРАВ: Жолооч Ц.Д нь зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
ДӨРӨВ: Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй..” гэсэн ослын дүгнэлт /ХХ107/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ4/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ7/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ8/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1285, 1289 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлангууд /ХХ99, 101/, шүүгдэгч Ц.Дашням нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан талаарх лавлагаа /ХХ108/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэр “Очир” төвийн урд замын уулзварт 00-00 ГАҮ улсын дугаартай кама /Kama KMC3040/ загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин чигээрээ хөдөлгөөнд оролцож байсан 00-00 ГАЗ улсын дугаартай “Мустанг” загварын мотоциклийг мөргөн жолоодож явсан хохирогч Ж.С-н биед баруун шилбэ 2 ясны зөрөөтэй хугарал буюу хүндэвтэр гэмтэл, түүний эд хөрөнгөд 125.000 төгрөгийн, Алтай хотын тохижилт үйлчилгээний аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 82.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Д-н үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг түүнчлэн шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Д бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №927960 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг баримтлан тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгч Ц.Д-д авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Д-д сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Д бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №0000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА