| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
хохирогч О.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт С-ны Б-д холбогдох эрүүгийн 1917001930097 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 4 хүүхэд, хадам аавын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Н овогт С-ны Б /РД: ............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Тээвэрчдийн байрны 29-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Уг хавирч унагаах, баруун зүүн гар руу нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх, мөн өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн гадаа өгзгөн тус газар нь өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
1. Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019
оны 11 сарын 02-ны өдөр гадуур ажил хийж байгаад үдээс хойш 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрт манай 4 настай, 1 нас 6 сартай хүүхдүүд маань нэг нь газар нэг нь орон дээр унтаж байсан өөр хүн байгаагүй. Тэгэхээр нь би эхнэрийн ажил руу очсон чинь манай хадам аав эхнэрийн ажил дээр байж байсан. Та хоёр хүүхэд харж байхгүй яагаад энд байж байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай хамтран амьдрагч У хадам аавын өмнөөс, чи хөөж явуулсан гээ биздээ гэж надад хэлсэн. Би тухайн өдөр хадам аавтай таараагүй, уулзаагүй байсан болохоор энэ талаараа Уд хэлсэн чинь чи хөөсөн болохоор энэ хүн чинь ирж байгаа юм биш үү гэж надад хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би уурандаа Угийн энгэрээс заамдаад бариад авсан чинь миний өөдөөс ноцолдоод тэр хооронд толгойгоороо ажлынхаа шкафыг мөргөсөн энэ үед хадам аав О У бид хоёрыг салгах гэж ирэх үедээ надад түлхэгдээд газар унасан үүнээс өөр зүйл болоогүй. Би хадам аав Оыг хавирч унагаад хөл рүү нь өшиглөсөн зүйл байхгүй. Тэр үед манай эхнэр намайг цагдаад дуудлага өгөөд би эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш нь буюу 2019 оны 11 сарын 03-ны өглөө эрүүлжүүлэх байрнаас гараад гэрлүүгээ явж байгаад С гэх хүнтэй таарсан чинь гэр барилцаад өг гэхээр нь гэрийг нь барилцаж өгсөн чинь С ах нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргасныг С ах бид хоёр хувааж уугаад би гэрлүүгээ ганцаараа явсан. Би гэртээ очоод хашаандаа орсон чинь У өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр би чи яахлаараа намайг цагдаад барьж өгдөг юм бэ гээд уурлаад Уг хөлрүү нь хавирч унагаад гарлуу нь хоёр удаа гараараа цохиод зүүн хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Би тэгээд гэртээ орж сууж байгаад унтаад өгсөн. Гэртээ ороод унтаж байсан чинь цагдаа ирээд намайг болон Уг цагдааруу авч явсан. Цагдаа дээр машинаас буугаад уур хүрээд Уг нэг удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй...2019 оны 12 сарын 13-ны өдөр би Улаанаа гэх залуутай 0,33 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг уугаад салсан. Би эхнэрийнхээ ажил дээр боорцог ус дөхүүлж өгсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Утай дараа нь ярьж байхад эхнэрийн ажил дээр очоод архины мөнгө нэхээд байхаар нь цагдаа дуудаж өгсөн гэсэн. Би 2019 оны 12 сарын 14-ний өдөр эрүүлжүүлэхээс гараад гэртээ харьсан. У гэртээ байхгүй байсан. Тухайн өдөр шинэ жилд орно гээд гарсан байсан. Тэгээд дэлгүүр ороод 0,33 литрийн архи аваад ганцаараа гэрийн гадаа хашаандаа уугаад гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь У ирчихсэн гал түлээд зогсож байсан. Би Уд хандаад чи өөрийгөө будаж гоёод алга болчих юм, 2 хүүхэд аавыг бодохгүй юм гээд ууралсан. Тэгээд Утай маргалдсан. У гэрээс гарах гэхээр нь цамцнаас нь татаад суулгасан. Тэгээд маргалдаж байгаад би хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Би Одноогийн дэлгүүрлүү явсан. У хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг.
2. Хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019
оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал манай аав О ажил дээр 19 цаг 40 минутын орчим манай хамтран амьдрагч Быг согтуу байна гэж хэлж ирсэн. Манай аавыг ирээд удаагүй байтал араас нь Б согтуу ажил дээр ирээд аав гэрт байхгүй байна, 2 хүүхэд нэг нь орон дээр, нэг нь газар унтаж байна гээд ууртай орж ирсэн. Ажил дээр ирэнгүүтээ хүүхэд хаячихаад хаагуур яваад байгаа юм бэ гээд аавруу дайрахаар нь би дундуур нь орсон чинь намайг заамдаад манай ажлын өрөөнд байдаг хувцасны шкафыг ар дагзаар 2-3 удаа мөргүүлсэн. Намайг түлхэж унагаад аавруу дайраад хавирч унагаасан, хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Бын энэ үйлдлийн улмаас миний биед болон аавын биед ямар нэг гэмтэл учраагүй. Манай аав бид 2 Бын өөдөөс ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Цохисон зодсон зүйл байхгүй. Б тэгээд аав бид хоёрыг зодохоо больчихоод надад хандаад чи чаддаг юм бол намайг цагдаа дуудаад өгчих гээд байхаар нь би цагдаад дуудлага өгч бариулаад Б эрүүлжүүлэх байранд хоносон. Манай ажлын ажилчдын хувцас сольдог өрөө камер байхгүй. Ажлын өрөөнд Б манай аав бид хоёрыг зодох үед гадны ямар нэг хүн хажууд байгаагүй. Үүний маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө Быг эрүүлжүүлэх байрнаас гаргасан байсан. Өдөр 16 цагийн орчим хашааны хаалга дуугарахаар нь би гэрээс гарсан чинь Б ганцаараа согтуу орж ирж таараад надад хандаад чи яахаараа намайг цагдаад барьж өгдөг юм бэ гээд надруу дайраад намайг хавирч унагаад зүүн гарлуу гараараа 2-3 удаа цохисон, мөн зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд гэрт орж аавыг чинь ална гээд орсон. Тухайн үед манай аав гэрт байгаагүй гараад явчихсан байсан. Мөн гэр дотор намайг 1 удаа алгадсан. Гал голомт руугаа нус шүлсээ хаяаад над руу хандаад үглэж байгаад унтсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ах Эрдэнэбаатар луу мессеж бичээд цагдаа дуудаад өг гэсэн чинь цагдаа нар ирээд Б бид хоёрыг аваад цагдаа дээр ирээд надаас мэдүүлэг аваад, Быг эрүүлжүүлэх байранд хийх гээд машинаас буулгахад Б гэнэт чи яасан их намайг цагдаад өгдөг юм бэ, чамайг яаж явахыг чинь харнаа гээд миний зүүн өгзөгний орчим нэг удаа өшиглөсөн. Үүнээс өөр зүйл болоогүй, бид хоёр одоо сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23-р тал/,
3. Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”Би 2019
оны 11 сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай дүү У надруу өөрийнхөө 88920568 дугаарын утаснаас цагдаа дуудаадах би дуудаж болохгүй байна гэсэн утгатай мессежийг 18 цаг өнгөрч байхад бичсэн байхаар нь би Быг гэртээ агсан тавьж байгаа юм байна гэж ойлгоод цагдаад дуудлага өгчихөөд гэрт нь очсон чинь Б гэртээ согтуу унтаж байсан. Гэрт нь У хүүхдүүдийн хамт байж байсан. Намайг Бын гэрт очсоны дараа цагдаа ирээд Б У нарыг аваад цагдаа руу явсан. Намайг гэрт нь ороход У Быг согтуу ирээд агсан тавьж байгаад унтлаа гэж хэлсэн. Угийн биед ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
4. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 11 сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Манай хүргэн Б согтуу гэртээ орж ирээд намайг пизда гэх зэргээр хэлээд байхаар нь охин Угийн ажил болох Петровисийн колонк дээр алхаад очсон. Тэгээд Б согтуу ирэхээр нь айгаад ирлээ гээд охиндоо хэлээд суж байтал Б араас орж ирээд надруу дайраад та яагаад хүүхэд орхиод явчихдаг юм бэ гэсэн. Манай охин урдуур ороод Бтай ноцолдсон. Б манай охиныг шкаф мөргүүлсэн. Тэгээд Угаас салаад эргэж ирээд намайг заамдаж аваад түлхэж унагаад бөгсрүү 1 удаа өшиглөсөн. Манай охин цагдаа дуудаж өгсөн. Маргааш нь би айлд байж байгаад ирсэн чинь Б эрүүлжүүлэхээс гарч ирээд манай охин Уг мөн зодоод цагдаад баригдаад явсан байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй. Мөн саяхан манай охиныг шинэ жилдээ яваад ирэхэд нь Б согтуу агсан тавиад шөнө унтуулаагүй. Маргааш өглөө нь босоод манай охинтой муудаад байсан. Би өөрөө 3 удаа харваж байсан хүн болохоор яаж ч чаддаггүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
5. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 11 сарын 03-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Тээвэрчдийн 29-01 тоотод Б гэгч агсан тавиад байна гэсэн мэдээлэл өгсний дагуу очиход Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэртэйгээ маргалдаад байж байсан.Эхнэр нь намайг Б зодсон гэсэн учраас мэдүүлэг авахаар Бын хамт машинд суулгаад цагдаа дээр авчирсан. Цагдааруу явах замдаа Б эхнэртээ чи намайг цагдаад барьж өгдөг овоо муу гөлөг вэ, би чамайг харнаа гээд байсан. Тэгээд цагдаагийн гадаа ирээд машинаас буухдаа Б эхнэрийнхээ бөгс хавьд нэг удаа өшиглөөд гараараа нэг удаа нуруу хавьд нь цохиод авсан. Би Быг барьж аваад эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/,
6. Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цаг 45 минутын үед жижүүрийн шуурхай албанаас хуучин постны урд талын Петровис колонк дээр яаралтай оч, Б эхнэртээ агсан тавиад зодох гээд байна гэсэн мэдээлэл өгсөний дагуу тухайн газарт очиход Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэртэйгээ маргалдаад байж байсан. Би эхнэрээс нь юу болсон талаар асуухад согтуу ирчихээд архины мөнгө нэхээд намайг зодох гээд дайраад байна гэсэн. Эхнэрээс нь чамайг зодсон зүйл байна уу гэхэд Бын эхнэр намайг зодож цохисон зүйл байхгүй. Зодох гээд дайраад байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/,
7. Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөө жижүүрийн ахлах мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 10 цагийн орчим 102 дугаарын утасруу иргэн У гэгч залгаад манай нөхөр Б согтуугаар намайг зодох гээд хөөгөөд байна. Би зугатаагаад Балданзасаг захын хажууд явж байна гэсэн дуудлагын дагуу жолооч ахлах ахлагч Ц.Б-ийн хамт Балданзасаг зах ороход У байгаагүй ба утасруу нь залгахад эмнэлэг орчим явж байна гэхээр нь Уг очиж аваад нөхөр Быг нь хайсан боловч олоогүй. Тэгээд Уг буулгачихаад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд У дахиж утсаар залгаад манай нөхөр гэртээ ирчихсэн байна, гэртээ орж чаддаггүй гэхээр нь жолоочтойгоо хамт Бын гэрт очиход нилээн халамцуу архи уусан байдалтай байхаар нь Быг аваад цагдаагийн хэлтэс дээр ирж согтуурлын зэргийг шалгаад эрүүлжүүлсэн. У надад Б зодсон талаар хэлээгүй. Зодох гээд хөөгөөд байсан гэж хэлсэн. Биед нь харагдах ил гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/,
8. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дэд ахлагч Анар-Эрдэнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цаг өнгөрч байхад хуучин постны урд талын Петровис клонк Б эхнэр хадам аавдаа агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэртэйгээ маргалдаад байж байсан. Бын эхнэр хэлэхдээ Б аавыг хөөгөөд явуулсан байна. Өөрөө араас нь ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Тэгээд Быг эрүүлжүүлэх байранд авчирч өгсөн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 325 дугаартай дүгнэлтэнд:
- О.Угийн биед зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн суга болон ар хэсгээр, баруун бугалганд, зүүн өгзөгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамы”-ын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 33-р тал/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэнд:
- О.Угийн биед баруун тохой, зүүн бугалганд, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамы”-ын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 36-р тал/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаартай дүгнэлтэнд:
- Л.Оын биед цээжний зүүн талын 6-8-р хавирга орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 40-р тал/
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71-р тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Быг “...хамтран амьдрагч О.Уг 2019 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байнга зодсон...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн үндэслэл нь хэт ерөнхий, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлож чадаагүй байна.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг төсөөтэй тайлбарлан гэмт хэргийн шинжийг хангаагүй үйлдэлд яллагдагчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэргэлсэн байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар байна. Үйлдэл эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэргэлдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийлэлийн хувьд 3 болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт.
Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах бол Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгоно. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон 3 ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1 дүгээр баг Тээвэрчдийн байрны 29-01 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.Уг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч С.Бын мэдүүлэг, гэрч О.С-ын ... эхнэрээс нь чамайг зодсон зүйл байна уу гэхэд Бын эхнэр намайг зодож цохисон зүйл байхгүй. Зодох гээд дайраад байсан гэх мэдүүлэг, гэрч Г.О-ын ... У надад Б зодсон талаар хэлээгүй. Зодох гээд хөөгаөд байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 325, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас С.Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох санал гаргасан ба шүүгдэгчид хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Бын үйлдэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Н овогт С-ны Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н овогт С-ны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.Б нь 27 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ