| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0009/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1917002150002 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1-р баг Аяганы хонхорын....... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Б /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 2-1 тоотод иргэн Д.Гтай хаалганы түгжээ эвдсэн гэх асуудлаас болж маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 2-1 тоотод иргэн Д.Гтай хаалганы түгжээ эвдсэн гэх асуудлаас болж маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн оройн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ Тухайн өдөр 18 цагийн үед Г-ын гэрт орсон. Г-ын гэрт Э /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах сууж байсан. Эрдэнээ ах нилээн согтуу байсан. Би дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй 0,5 литрийн архи авч орсон. Тэр архийг Э ах, Г бид 3 хувааж уусан. Тэгээд архи дуусаад би ээжтэйгээ уулзахаар гарсан. Тэгээд шөнө гэртээ харих гээд /цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна/ явж байхдаа Гын гэрээр ороод гарья гэж бодоод гэрт нь орсон. Г хаалганы түгжээ эвдчихлээ гэхээр нь юун сүртэй юм гэж хэлсэн. Г надруу дайраад байхаар нь түлхээд орон дээр унагаасан. Би гэрээс гарах гэтэл миний малгайнаас татаад надтай зууралдаад гэрийн гадаа үүдэнд гараад ирсэн. Би гэрийнх нь үүдэнд байсан архины шил аваад Гын толгой орчимд нэг удаа цохисон. Г доошоо суусан. Нэг харсан Гын ээж нь ирсэн байсан. Мөн хүүхдүүд нь ирсэн байсан. Тэгээд Гын ээж Надмид намайг загнахаар нь яваад өгсөн. Өөр асуудал болоогүй, тэгээд ахынхаа гэрт ирээд унтаад өгсөн... Би Гтай уулзаад уучлал гуйсан. Г надад гомдол саналгүй гэсэн. Мөн юм нэхэмжлэхгүй гэсэн. Би өөрөө Гд 10,000 мянган төгрөг өгсөн... гэх мэдүүлэг.
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 12 сарын 07-ны өдөр манай Аяганы хонхорт байдаг гэрт Б Ерөөл нэртэй 0,5 литрийн архитай манай гэрт орж ирсэн. Манай гэрт Эрдэнээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах байсан. Тэгээд тэр архийг ууж дуусгачихаад Б ээжтэйгээ уулзаад ирье гээд гараад явсан. Би гэртээ байж байтал 23 цагийн үед Б манай гэрийн түгжээтэй байсан хаалгыг мулт татаад ороод ирсэн. Би босоод Бд яагаад хаалганы түгжээ мулт татаад орж ирж байгаа юм бэ гэхэд юу гээд байгаа янхан бэ гээд миний баруун хацарлуу нэг удаа цохисон. Би орон дээр унаад босч ирээд Быг гэрээс гар гээд араас нь түлхсэн чинь Б надтай зууралдаад гэрээс гарсан. Б нэг хатуу зүйлээр толгойн ар хэсэгрүү цохиод авсан. Би юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Сүүлд харахад гэрийн гадаа байсан архины шилээр цохисон юм шиг байна лээ.. Би толгойгоо бариад үзсэн чинь цохисон газраас жоохон цус гарч байсан. Тэгтэл манай охин ээжийг аллаа гэж орилсон. Манай ээж Н манай хашааны урд хашаанд ойрхон байдаг юм. Ээж Н манай том хүү П нар гаднаас манайд орж ирсэн. Ээж Быг гэрээс хөөгөөд гаргасан, тэгээд цагдаа дуудтал Б зугатаагаад алга болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бтай эвлэрсэн, хохирлын тал дээр маргаангүй болсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р тал/
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр 21 цаг 40 минутын суудал тосчихоод гэртээ 23 цагийн үед ирсэн. Тэгээд орондоо ороод хэвтэж байтал манай хойд талын хашаанд байдаг Гын охин Ү эмээ, агаа гээд учиргүй орилохоор нь сандраад охиныхоо гэрт очтол манай Аяганы хонхорт гэр нь байдаг Б гэдэг залуу архи уусан согтуу манай охин Гд агсан тавиад байж байсан. Гыг 4 хөлөлүүлчихсэн Б чирсэн байдалтай байж байсан. Быг чи яв гээд хөөсөн. Тэгтэл Б өөдөөс муусайн гуйлгачингууд, янханууд гээд доромжлоод байхаар нь цагдаа дуудсан. Тэр хооронд Б зугатаагаад алга болсон, цагдаа ирээд хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би тухайн өдөр архи уусан байсан. Б 1 шил 0,5 литрийн Ерөөл архи аваад Гын хамт орж ирээд надтай хувааж уугаад гарсан. Маргааш нь Б Гын толгойг архины шилээр хагалсан, балраад явж байна гэж өөрөө надад хэлсэн. Би өөрөө архи уусан байсан болохоор тэр хоёрыг архи уусан үгүйг мэдэхгүй. Миний хажууд Г Б нар маргалдаж муудсан зүйл байхгүй. Бын хувьд хүнд тусархуу зантай, хаяа нэг архи уудаг болохоос биш мөрөөрөө л явж байдаг. Элдэв янзын муухай зан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2019 оны 12 сарын 07-ны орой 23 цагийн үед ээж Гтайгаа хамт гэртээ байж байтал танил Б ах хаалганы түгжээг мулт татаад ороод ирсэн. Тэгсэн ээж Б ахын өөдөөс очоод хаалганы түгжээ мулт татаад ороод ирлээ гэж загнасан. Б ах ээжийн өөдөөс хэрэлдэж байгаад ээжийг түлхээд орон дээр унагаасан. Тэгээд ээжийн үснээс чирээд гэрийн гадаа аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа архины шилээр ээжийн толгойруу цохисон ээж толгойгоо бариад доошоо суусан. Манай эмээ Н манай гэрийн урд хашаанд байдаг юм. Би эмээ гээд хашгирахад эмээ гэрээсээ гараад ирсэн. Эмээ Б ахыг загнасан чинь зугатаагаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Б эхнэр хүүхдээсээ салаад манай нөхөр бид 2-той хамт амьдарч байгаа. Бын хувьд хар бор ажил хийгээд өөрийгөө болгоод явдаг. Архи уусан үедээ жоохон муухай ааштай болдог. Эрүүлдээ хүнтэй эвсэг харьцаатай, ах дүү нартаа анхаарал халамж сайтай, шудрага зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:
Хэргийн газар нөхөн үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г, гэрч Ц.Н. Насан хүрээгүй гэрч Г.Ү-ийн мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1917002150002 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ