Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 119

 

 

                                                           

 

 

 

 

 

   

2020        2          04                                2020/ШЦТ/119

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Тд холбогдох эрүүгийн 1911023761278 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт О. Т, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-493 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ..............

Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нарангэрэлийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-493 тоотод байнга буюу 2019 оны 01 дүгээр сар, 2019 оны 03 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сард, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус бүр 1 удаа, 2019 оны 05 дугаар сард 2 удаа буюу байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Нарангэрэлийг урьд өмнө 2019 оны 01 дүгээр сард ямар ч шалтгаангүй Нарангэрэлийг зодоод нүд рүү нь 2-3 удаа алгадаад нүдийг нь хөхрүүлсэн бөгөөд үүний улмаас шүүхээр баривчилгаанд явж байсан юм. Түүнээс хойш хамт архи уугаад хэрүүл хийх болгондоо ер нь алгадаж, нударч цохидог минь үнэн гэхдээ хэвтэрт ортол нь босч чадахаа болих хүртэл нь зодож байгаагүй. Би Нарангэрэл гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 1 жил 8 сар болж байгаа. ...2019-06-12-ны өдөр Доржхорлоо ахынхаа гэрт Нарангэрэл бид 3 0,75 граммын “Хараа” 2 шилийг уугаад сууж байсан бөгөөд Нарангэрэл 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр алга болж байгаад 12-ны өдөр ирэхээр нь миний уур гэнэт хүрээд Нарангэрэлд “хойд байшинд ор” гэж хэлээд байшинд оруулж байгаад “хаашаа алга болчихдог юм бэ” гэж хэлээд үснээс нь зулгаагаад нүүр лүү нь 2-3 удаа алгадсан чинь цагдаа нар орж ирээд намайг аваад яваад өгсөн юм. Би Нарангэрэлийг 2019 оны 01 сард анх удаа цохиж шүүхээр баоивчилгаанд явж байсан бөгөөд түүнээс хойш Нарангэрэлтэй маргалдаж муудалцаад 3-4 удаа гар хүрч байсан бөгөөд хэдэн сард гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нарангэрэлийг би хардалтын улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ гар хүрээд байдаг юм...” гэх /хх-43-44/,

Хохирогч Б.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би О.Ттай хамтран амьдраад 1 жил 9 сар болж байгаа бөгөөд бид дундаасаа үр хүүхэдгүй бөгөөд гэрлэлтийн баталгаагүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 452 тоотод М.Оюуны хашаанд хүү нь болох О.Т, О.Доржхорлоо нар хамт амьдардаг юм. 2019 оны 06 сарын 12-ны орой 17 цагийн үед О.Т, О.Доржхорлоо бид 3 нийлээд 0,75 граммын “Хараа” архи 2 шилийг уугаад сууж байх үед О.Т гэнэт намайг “чи муу хойд гэртээ ор, ална шүү чамайг” гэж хэлэхээр нь би айгаад хойд байшинд ортол миний үснээс зулгаагаад толгой руу 7-8 удаа цохиод үснээс зулгаагаад чирээд байж байх үед гэнэт цагдаа нар орж ирээд О.Тулгыг аваад яваад өгсөн юм. Тухайн үед цагдааг О.Доржхорлоо дуудсан бөгөөд О.Т намайг үснээс зулгааж байх үед цонхоор О.Доржхорлоо харсан гэж надад сүүлд хэлж байсан. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн. Би тухайн үед эмнэлгийн байгууллагад хандаагүй бөгөөд ямар ч эм тариа хэрэглээгүй. Ер нь Т бид 2 хамтдаа 7 хоногийн 4-5 өдөр архи уудаг бөгөөд архи хэтрүүлж хэрэглэх тоолондоо муудалцдаг юм. Муудалцах бүрдээ Т намайг гартаа ямар нэг эд зүйл барьж цохиж зоддог бөгөөд гэрээс гаргахгүй гэж байнга уурладаг юм. Намайг дандаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 452 тоотод ээж дүү нарынхаа дэргэд зодож доромжилдог юм. Би 2019 оны 01 дүгээр сарын үед өөрийн төрсөн охин Ганцэцэгтэйгээ таараад уулзаж байх үед “Таны нүд чинь яагаад хөхөрсөн байгаа юм бэ” гэж асуух үед нь би О.Тд зодуулж байсан талаараа хэлж байсан бөгөөд өөр хүмүүст ярьж хэлж байгаагүй юм. Би эмнэлгийн байгууллагаар ойрын 3-4 жил үйлчлүүлээгүй бөгөөд нэг ч удаа 103 дуудаж, нэг ч удаа өрхийн эмнэлэгт хандаж байгаагүй. Бид хоёрын хувьд байнга архи хэтрүүлэн хэрэглэх үедээ маргалдаж муудалцдаг бөгөөд намайг 4 удаа зодох үед бол шалтгаангүй зодсон. О.Т нь гэртээ бараг ирдэггүй гудамжаар хоног өнжүүлж явдаг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл байнга уудаг, архи уухаараа их огцом ууртай хажууд байгаа хүндээ уураа гаргадаг, уур нь хүрэхээр гартаа тааралдсан зүйлээ аваад дайраад байдаг юм...” гэх /хх-ийн 36-37/,

 Гэрч О.Доржхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О.Т нь миний төрсөн дүү харин Б.Нарангэрэл нь миний дүүгийн эхнэр нь байгаа юм. Тухайн өдөр Нарангэрэл, Т хоёр 17 цагийн үед манай гэрт архитай орж ирээд 0,75 граммын архи 2 шилийг хувааж уугаад сууж байсан чинь Нарангэрэл “Би Доржхорлоо ахын гэрт унтлаа” гэж хэлсэн чинь Т “чи муу гичий бос, гэртээ ор” гэж хэлээд Нарангэрэлийг хөөгөөд хойд байшин руу явсан бөгөөд би араас нь очоод байшингийн цонхоор харсан чинь Т Нарангэрэлийг үснээс нь зулгаагаад алгадаад газарт унагаагаад тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Миний нүдэн дээр 3 удаа зодож байсан бөгөөд эхний удаа нь 2019 оны 04 дүгээр сард Нарангэрэл архи уугаагүй эрүүл, Т жоохон архи уучихсан хашаанд тэр 2 орж ирээд орилоод байхаар нь гэрээсээ гараад харсан чинь Т Нарангэрэлийн өгзөг хэсэгт 2 удаа өшиглөөд цамцны захаас нь татаад газарт унагаж байсан. 2 дахь удаа нь 5 сард мөн хашаанд орилоод байхаар нь гараад харсан чинь Нарангэрэл газарт уначихсан Т дээрээс нь нүүрийг нь алгадаад байхаар нь би тэр хоёрыг салгаж байсан юм. 3 дахь удаа нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нарангэрэлийг зодоод байхаар нь би цагдаа дуудаж байгаа юм. Бусад тохиолдолд нь эхнэр нөхрийн хооронд ороод яахав дээ гэж бодоод цагдаа дуудаагүй юм. Ер нь энэ 2 архи уух болгондоо хоорондоо маргалдаад байдаг юм. Нарангэрэл надад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Тулгыг цагдаа нар аваад явсан хойгуур нь “та намайг Тд ингээд зодуулж байх үед байнга ингээд залгаж өгч байгаарай” гэж хэлж байсан. О.Т нь архи уухаараа огцом ууртай болоод Нарангэрэлтэй хэрэлдээд зодолдоод байдаг юм шиг байгаа юм. О.Т нь 7 хоногт 2 удаа архи уудаг бөгөөд найз нөхөд нь ирсэн үед байнга уудаг...” гэх /хх-ийн 47-48/,

 Гэрч М.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн төрсөн 2 хүүгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 9 дүгээр гудамж 493 в тоотод амьдардаг бөгөөд Нарангэрэл нь миний хүү Ттай хамт манайд амьдраад 1 жил гаран болох гэж байгаа юм. Нарангэрэл Т хоёр, хоёулаа ер нь архи уудаг бөгөөд миний нүдэн дээр анх удаа 2019 оны 04 дүгээр сард хоорондоо муудалцаад Т Нарангэрэлийг үснээс нь зулгаагаад нүүр лүү нь алгадаад гутал бариад толгой луу нь цохиод байхаар нь би гэрээсээ хөөж хоёуланг нь гаргасан чинь миний хүү намайг “яагаад хөөж байгаа юм” гээд хаалга нүдээд байхаар нь би “манай хүүхэд орж ирээд зодох гээд байна" гээд бараг 10 гаран удаа 102 дуудсан бөгөөд төд удалгүй цагдаа нар Тулгыг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан бөгөөд үүнээс хойш 5 сарын эхээр 1 удаа Нарангэрэлийг Т архи уусан байна гэж уурлаад миний дэргэд нүүр лүү нь цохиод гар хөлнөөс нь татаж чангаагаад зодоод байхаар нь би дундуур нь ороод салгаж байсан, 5 сарын сүүлээр Т Нарангэрэл хоёулаа согтуу архи ууж байгаад орой юунаас болсон нь мэдэгдэхгүй Т шууд Нарангэрэлийг хацар луу нь алгадаад үснээс нь зулгаахаар нь би бас л салгаж байсан. Т , Нарангэрэл 2 бол 7 хоногийн 2-3 өдөр бол байнга согтуу байдаг бөгөөд архи уухаараа бие биенийхээ дургүйг хүргээд байдаг юм шиг байна лээ яг юунаас болж маргалдаад муудалцаад байдаг талаар нь бол сайн мэдэхгүй. 5 дугаар сарын сүүлээр Нарангэрэлийн нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь “яагаад нүд чинь ийм болчихсон юм бэ, чи эмнэлэгт очиж үзүүлсэн үү” гэсэн чинь “Т ийм болгочихсон шүү дээ, эмнэлэгт үзүүлээд яахав дээ” гэж хэлж байсан... ” гэх /хх-ийн 55-56х/,

Гэрч Б.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний ээж 2018 оноос хойш Т гэх хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд би ээжтэй уулзаагүй 4-5 сар болж байна. Т гэх хүнтэй л амьдарч байгаа гэж надад хэлсэн хаана амьдарч байгаа талаар нь мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын үед миний ээж болох Нарангэрэл над руу залгаад “Т намайг зодоод байна, ээжийгээ ирж аваарай” гэж хэлээд тасалж байсан бөгөөд би тухайн үед нь тоогоогүй юм. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нагац эгч минь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад ирэх үед манай хамаатан садан бүгд СБД-ийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд цугларах үед манай ээж ирсэн бөгөөд гаднаас орж ирэхдээ уранхай ноорхой хувцастай, нүүр нь хавдаж хөхөрсөн, зүүн эрүү хэсэгт нь юманд цохиулсан юм шиг хөхөрсөн байдалтай байхаар нь яагаад нүүр нь ийм болчихсон юм бэ гэж асуух үед “Т намайг цохисон юм” гэж хэлж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ээжтэйгээ уулзаагүй. 2018 оны 10 сард ээжийгээ хайгаад ЧД-ийн 12 дугаар хороо Нарантуул-2 зах хавиар хайгаад явж байсан чинь нэг гудамжнаас О.Т ээж 2 хоорондоо хэрэлдээд гарч ирж байхаар нь би урдаас нь яваад очсон чинь Т гэх хүн ээж рүү гараа далайсан чинь ээж бултаад зугтааж байхаар “яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлсэн чинь Т гэх хүн чамд ямар хамаатай юм бэ, би цохиогүй байна, чи зүгээр зайл, зүгээр байгаарай” гэж хэлээд надаас 10,000 төгрөг аваад тэр 2 яваад өгсөн...” гэх /хх-ийн 51-51/,

Гэрч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт Нарангэрэл ирсэн бөгөөд нүүр нь хавдсан, бие нь бүхэлдээ хөх няц болчихсон байхаар нь Нарангэрлээс яагаад ийм болчихсон юм бэ гэж асуух үед “Т гэх хүн намайг ийм болгочихсон юм” гэж хэлээд яваад өгсөн юм. Түүнээс хойш Нарангэрэл хаана байгаа талаар нь сураглаж хайж байгаад олоод очиход Нарантуул-2 захын зүүн хойд хашаанд жижиг байшин дотор Нарангэрэл согтуу байж байсан. Нарангэрэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манайд ирэхдээ халтар хувцастай нүүр нүд нь хавдсан байдалтай байхаар нь усанд оруулах гээд хувцсыг нь тайлах үед биеийнх нь дал, нуруу, хөл хэсэгт нь хөхөрсөн байдалтай байхаар нь яагаад ийм болчихсон юм бэ гэх үед “Т намайг хардаад хөлөөрөө дэвссэн юм, миний буруу байсан юмаа” гэж хэлсэн бөгөөд би нүүрнийх нь зургийг авч байсан юм, тухайн үед Нарангэрэлийн эрүүний доор нь зүсэгдсэн юм шиг шарх, нүд нь хавдсан байхаар нь асуусан чинь “шилэн дээр уначихсан юмаа нүдийг Т цохисон юм” гэж хэлж байсан 2019 оны 03 дугаар сард Нарангэрэл манай гэрт ирсэн бөгөөд Нарангэрэлийн зүүн нүд нь хавдсан цус гарсан, үс нь халцарсан байхаар нь “яагаад ийм нүүр амтай явж байгаа юм бэ” гэхэд “Т намайг хардаад цохиод үсдээд байдаг юмаа, одоо удахгүй үсгүй болох байх” гэх хэлээд инээгээд байсан бөгөөд манайд 5-6 хоног хоносон чинь Т нь Нарангэрэлийг утсаар дуудсаар байгаад аваад явчихсан...” гэх /хх-ийн 53-54х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч О.Т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг  харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийн архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зоддог байдлыг нь харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож түүнийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж түүнд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.  

Хохирогч Б.Нарангэрэл хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Тулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт О Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД