| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0076/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 123
2020 02 06 2020/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрэн овогт Бямбанарангийн Ад холбогдох эрүүгийн 1911027601290 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн. 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Хүний нөөцийн менежер ажилтай, Гандирс худалдааны 2 давхарт худалдагч, Ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эрэн овогт Б А, /РД: ............
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Ганхуягаас 800,000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 5 сард өөрийн фэйсбүүк хаяг дээр Нийслэлийн 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэсэн зар байршуулсан гэтэл миний зарын дагуу Д.Ганхуяг гэдэг хүн надтай холбогдож ирж уулзсан бөгөөд би 3 хүүхэд сургуульд оруулмаар байна гэсэн. Тэгэхээр би нэг хүүхдийг 2,000,000 төгрөгөөр оруулж өгнө гэсэн. Урьдчилгаа нэг хүүхдийн 200,000 төгрөг өгчих гээд Ганхуягаас өөрийн хаан банкны 5071036776 дансаар 600,000 төгрөг авсан. Хүүхэд сургуульд оруулах мандат нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарна хэрэв хүүхдийг оруулж өгж чадахгүй тохиолдолд 5 хувийн хүү төлнө гэсэн бичиг хийж өгөөд мөнгийг нь авсан. Тухайн хүүхдийг би таньдаг хүнтэйгээ яриад оруулчихаж болох байх гэж бодсон. Тэгээд Ганхуягийг утсаар ярих үед хөөцөлдөж байна болчих байх гэж хэлдэг байсан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын эхээр Ганхуяг над руу залгаад би дахин нэг хүүхэд нэмж оруулах хэрэгтэй байна гэхээр нь урьдчилгаа 200,000 төгрөгөө шилжүүлчих гээд мөн өөрийн хаан банкны дансаар 200,000 төгрөгийг авсан. Тухайн мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Тэгээд сургуульд орох дөхөөд хүмүүсээс асуусан чинь боломжгүй гэсэн. Тэгээд Ганхуягт хүүхдийг чинь сургуульд оруулах боломжгүй болчихлоо мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн...” гэх /хх-ийн 21х/,
Хохирогч Д.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сард өөрийн фэйсбүүк хаягаар ороод байж байх үед Азаа Азаа /Аzаа аzаа/ гэсэн хаягнаас 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэсэн байсан. Тэгээд би тухайн зар оруулсан хаягруу хүүхэд сургуульд оруулах гэсэн юм гэсэн чат бичсэн. Тэгээд 4 хүүхдийг 23 дугаар сургуульд оруулахаар болсон бөгөөд нэг хүүхдийг 1,9 сая төгрөгөөр оруулна гэсэн. Би тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23 дугаар сургуулийн урд сааданд Атай анх уулзаж байсан. А хэлэхдээ манай аавын найз 23 дугаар сургуулийн захирлаар ажилладаг найдвартай гэсэн бөгөөд өмнө нь бас нэг хүүхэд оруулж байсан гээд тухайн үед харилцаж байсан чатаа надад үзүүлсэн. Тэгэхээр нь би итгээд 600,000 төгрөгийг Хаан банкны данснаасаа Агын 5071036776 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сургуульд орох хүүхдүүдийн мандат гарна гэсэн. Тэгээд юу болж байгаа талаар асуухад материалаа өгчихсөн байгаа болох байх гэсэн. Тэгээд мандат гарна гэсэн цаг хугацаанд Атай холбогдоход манай авга ах гадагшаа явчихсан байна ирээд бүтээчих байх гэсэн. Тэгээд А сургуульд өргөтгөл барьж байгаа учраас нэг хүүхдээс 300,000 төгрөгний хандив авч байгаа тэр мөнгийг нь өгчихвөл бүр найдвартай болчих гээд байна гэсэн.Тэгэхээр нь тэр мөнгийг нь одоо өгөхгүй сургуульд орохоор нь өгч болно гэж хэлсэн, 06 сарын сүүлээр холбогдоод юу болж байгаа вэ гээд асуухад манай авга ах гадагшаа яваад ирээгүй байна 4 хүүхэд оруулах боломжгүй боллоо 2 хүүхдийг чинь оруулж өгье гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа А хүүхдийг чинь оруулж өгөх боломжгүй болчихлоо мөнгийг чинь буцаагаад өгнө гэсэн. Түүнээс хойш мөнгө егөхгүй байгаа бөгөөд мөнгө нэхээд залгахаар манай авга ах мөнгө өгөхгүй байна гэдэг... 2019 оны 05 дугаар сарын 08- ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн урд талын сааданд 600,000 төгрөгийг Агын Хаан банкны дансруу шилжүүлж өгсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байхдаа Агын дансруу 200,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх /хх-ийн 19-20х/,
-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 12-13х/,
Шүүгдэгч Б.Атай харилцсан фейсбүүк чатын бичвэрүүд /хх-ийн 14-
17х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Аг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрэн овогт Бямбанарангийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД