Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 134

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        02          10                                2020/ШЦТ/134

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сөлт овгийн Улаанхүүгийн Од холбогдох эрүүгийн 1911030130069 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-281 а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сөлт овгийн У О /..............

Шүүгдэгч У.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.О нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд нь гээгдүүлсэн М.Галбадрахын эзэмшлийн “Хуавэй ви-6” гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 559.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч У.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би “01-63 УБР” улсын дугаартай саарал өнгийн “акуа” машинтай хувиараа такси үйлчилгээнд явж байх үед хайлаастын уулзвараас нэг хүүхэдтэй ах суусан ба дэлгүүр орно гэж хэлээд хайлааст руу өгсөөд 2 буудал гаран яваад нэг дэлгүүрийн гадаа буусан. Арын сандал дээр гар утас байгааг орой мэдсэн. Утсыг нь машинаасаа аваад өөрийнхөө симийг хийж асаагаад фэйсбүүк орж кино үзсэн. Маргааш өглөө нь 7000-тай дугаараас над руу залгаад машинд чинь нэг хүн утсаа мартсан байна, утас нь байгаа юу гэхээр нь байгаа гэсэн чинь за тэгвэл хүнтэй нь ярь гээд намайг шууд холбож өгөөд яриулсан. Би нэг эмэгтэй хүнтэй ярьсан би тэр хүнд өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэр өдөр би эмнэлэг рүү хоол зөөгөөд утсыг нь аваачиж өгч чадаагүй. Холбоо барьсан эгчийн дугаар нь 2-3 хоног холбогдоогүй. 3-4 хоногийн дараа би Налайх орчихоод ирж байхад нөгөө эгч залгаад нөгөө хүн буусан газраа утас авч ирээд өгчих 20,000 төгрөг өгье гэж хэлж байсан. Би тэр өдөр нь аваачиж өгч чадаагүй, шөнө нь тэр эгч залгасан би утсаа аваагүй. Маргааш нь эмнэлгээс ээжийн эм тарианы мөнгө хэрэг болоод байхаар нь би өөрийнхөө зурагтыг нөгөө хүний гар утастай нь хамт хүнсний 4 дэлгүүрийн орчим “Совор” нэртэй ломбарданд нийлүүлээд 480,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би одоо утсыг нь буцаагаад өгсөн байгаа... гэх /хх-ийн 19-20, 66-67х/,

Хохирогч М.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22 цаг 50 минутын үед өөрийн хүү Бат-Оргилын хамт “Далайхүү” төвийн Хаан банкны АТМ-аас мөнгө аваад “Далайхүү” төвийн хажуу талд төв зам дээрээс такси бариад Хайлааст руу өгсөөд Чандмань дэлгүүрийн гадна буухдаа таксинд өөрийн “Хуавэй ви-6” загварын гар утсаа мартаж буусан. Дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагчаар өөрийн утас руу залгуулахад холбогдох боломжгүй байсан. Дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд миний сууж явсан такси “01-63 УБР” улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Акуа” маркийн автомашин байсныг мэдсэн. Тэгээд гэртээ ирээд дүү охины утсаар 102 дугаарт залгаад машины дугаарыг хэлэхэд машины жолоочтой шууд холбож өгөөд яриулсан. Тэр таксины жолоочтой ярихад манайх 7 буудалд байдаг юм замаараа утсыг чинь оруулаад өгье гэж хэлсэн боловч миний утсыг авч ирж өгөөгүй. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Дүү Амаржаргалын хувьд Солонгос руу яван явтал утас нь асаалттай байсан. Унтраасан зүйл бол огт байгаагүй... гэх /хх-ийн 13-15х/,

Эд зүйл барьцаалсан гэрээний хуулбар /хх-ийн 28х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57х/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55х/,

Шүүгдэгч У.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46х/,

Шүүгдэгч У.О хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 68х/,

Хохирогч М.Галбадрах хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 69х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч У.Ог гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч У.Ог дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч У.Огийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбарыг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сөлт овгийн Улаанхүүгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Огийн хөрөнгө, орлого олох боломж, цалин хөлс зэргийг харгалзан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбарыг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД