Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 131

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        02          07                                2020/ШЦТ/131

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Баянжаргалын Бд холбогдох эрүүгийн 2011000910052 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүн салаагийн 8 дугаар гудамжны 24 тоотод оршин суух,

урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жил хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. Сартуул овгийн Б Б, /РД: .............

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Отгонболдтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 сарын 30-ны шөнө 23 цагийн үед манай хуурай дүү болох Долгорсүрэн надруу залгаад “Ахаа намайг ардын эрхээс ирээд аваад гэрт хүргээд өг манай шинэ жил дуусчихлаа” гэхээр нь Ардын эрхийн автобусны буудал дээр Долгорсүрэн нэг эрэгтэйтэй хэрэлдээд байхаар нь машинаасаа буугаад яваад очсон чинь Долгорсүрэнгийн гар утсыг Отгонболд гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ залуу булаагаад авчихаар нь “Чи муу яах гээд хүүхэд дээрлэхээд байгаан ална шүү” гэж хэлчихээд Долгорсүрэнг гэрт нь хүргэж өгөөд явж байсан чинь Отгонболд надруу залгаад “Гандан дээр хүрээд ир алалций” гэхээр нь Гандангийн автобусны буудал дээр яваад очсон юм. Гэтэл Отгонболд машинд суугаад тасраад өгөхөөр нь Долгорсүрэнгийн гэрлүү дэнжийн мянгалуу өгсөж явсан чинь Отгонболд сэрээд машины суудаллуу өшиглөөд хэл амаар доромжилоод байхаар нь машинаа зогсоогоод уурандаа нүүрлүү нь 8-9 удаа цохисон чинь Отгонболд утсаа гаргаж ирээд “зодуулчихлаа цагдаа дууд” гээд орилоод байсан чинь удалгүй цагдаа нар ирсэн..." гэх /хх-ийн 27-28х/,

Хохирогч Г.Отгонболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед манай найз охин Долгорсүрэн надруу залгаад “В” нэртэй караокед байна хүрээд ир манай найзууд шинэ жил хийж байна гэхээр нь Ардын эрхийн автобусны буудлын тэр хавьд байдаг караокед ороод тэндээ наймуулаа нэг литрийн архинаас 3 шилийг хувааж уугаад тэндээс гарахдаа Долгорсүрэнтэй жоохон муудалцаад зогсож байсан чинь Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх хүн хүрч ирээд “Би дүүгээ хүргэж өгнө, өгөхгүй” гээд маргалдаад зогсож байснаа санаж байна тэгээд цааш юу болсон талаар сайн санахгүй байна нэг санаж байгаа зүйлнь  Долгорсүрэнгээс Бгийн дугаарыг авч залгаад “Чи хүрээд ир” гэж хэлж байснаа санаж байна тэгээд нэг мэдэхэд Гандан дээрээс Б намайг ирж авсан би машинд нь суугаад шууд унтаад нэг сэрэхэд Дэнжийн мянга дээр Бд зодуулчихсан зогсож байсан байсан сандраад шууд Шинэбаяр гэх найзруугаа залгаад “Цагдаа дуудаарай, Дэнжийн мянга дээр байна” гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх /хх-ийн 10х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 948 дугаартай

Г.Отгонболдын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, толгойн орой болон баруун чамархай, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 талын чихний дэлбэн, дух хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн талын хацар шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан, шарх, 1 шүдний сулрал, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдэлээр үүсгэгджээ.

Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 19х/,

Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/,

Шүүгдэгч Б.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 61х/,

Хохирогч Г.Отгонболд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 60х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сартуул овгийн Баянжаргалын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД